“Мянганы хөгжлийн 4 дүгээр зорилт-Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 09- 11-ний өдрүүдэд Улаанбатар хотноо боллоо.
Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд болон нийслэлийн хүүхдийн зохицуулагч, зарим аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сү Ньют Юү болон НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газар, Норвегийн сангийн төлөөлөгч нар урилгаар оролцов.
Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа нээж, Мянганы хөгжлийн зорилтын 4-р зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэн, цаашдын зорилтын талаар илтгэл тавьсан бөгөөд, ЭМБХЗГ-ын дарга О.Баяр, ЭМСЯ-ны ХЗЗХ-ийн ерөнхий мэргэжилтэн Д.Баясгалан, ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр нар хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, цаашдын зорилтоо хэрхэн тодорхойлох чиглэлээр санал гаргалаа.
Зөвлөгөөний үеэр “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, цаашдын чиг хандлага”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг хэлэлцэн, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцлоо.
Монгол Улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2012 онд 18.9 болж, 22 жилийн дотор 80.5 хувиар буурсан боловч зарим бүс нутаг, аймгуудад хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна. Мөн 2014 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.4, нялхсын эндэгдэл 0.7 промиллээр өмнөх оноос өссөн.
2014 оны статистик мэдээллээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 хувь нь нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 65,3 хувь нь нярайн эндэгдэл, нярайн эндэгдлийн 81,4 хувь нь эрт нярай үеийн эндэгдэл байгаа юм. Мөн хүүхдийн эндэгдэлд ахуйн осол гэмтлийн шалтгаан ихсэх хандлагатай болж гэнэтийн осол, гэмтэл, эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн хүүхэд асран хамгаалах мэдлэг, чадвар сул байгаагаас нас барж байгаа 5 хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Иймд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нярайн эндэгдэл, осол гэмтлийн шалтгаантай болон хатгаа, суулгалт зэрэг сэргийлж болох эндэгдлийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг зөвлөгөөнд оролцогсод онцлон тэмдэглэсэн.
Зөвлөгөөний үеэр яригдсан асуудлуудад дараах ололт амжилтуудыг ярилцлаа. Үүнд: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Тандалтын алба байгуулагдаж, эх, нярайн өвчлөл, эндэгдлийн мэдээллийг 7 хоногоор авч, цахим хурлыг хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ирсэн. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх 2014-2020 оны стратеги төлөвлөгөө, нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр (2014-2020) батлагдсан.
Эх, нярайн тусламжид оруулж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн эмнэлгийн цогцолбор ашиглалтанд орж, хүүхдийн зүрх судасны лаборатори, хөнгөвчлөх эмчилгээний нэгж байгуулагдсан. Тус лаборатори нь Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулагдсан ба хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмжийг суурилуулсан ба 12 хүүхдэд оношилгоо эмчилгээг хийснээр гадаад оронд эмчлүүлэх урсгалыг бууруулахад нөлөөлсөн.
Булган, Сүхбаатар, Өмнөговь аймагт тус бүр 50 ортой амаржих газрын барилга ашиглалтанд орсноор эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарч байна.
Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн тасаг”-ыг орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын хандив, Засаг даргын сангаас 29 сая нийт 100 сая төгрөгөөр засаж, багаж хэрэгслийг шинэчилсэн, Дорнод аймгийн БОЭТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийг Петровис компанийн, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг “Сайнхүү ивээл сан” ТББ-ын дэмжлэгтэйгээр засварлан, багаж тоног төхөөрөмжийг шинэчилсэн.
Монголд Улсад эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор улс, орон нутаг, эрүүл мэндийн байгууллагын түвшинд ямар ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг тодорхойлсон зөвлөмжийг гаргасан байна.