Өгийнуурыг хамгаалах “Өгий сан”-гийн нээлт боллоо

49872caf2c66415aoriginalАрхангай аймгийн Өгийнуур суманд байрлах Өгий нуур жилийн дөрвөн улиралд амрагчдын хөлд дарагддаг байгалийн үзэсгэлэнт газар билээ. Тиймээс ч жил бүр Өгий нуурыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа.  Учир нь нийслэлд хамгийн ойр бөгөөд 200 км-ийн зайтай оршдог.  Энэ нь Өгийг зорих хамгийн том шалтгаан болж байгаа юм.  Түүнчлэн хүн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсанаас болж байгалийн үзэсгэлэнт газарт үгүй болох аюултай.  Яг энэхүү эмгэнэлт дүр төрх Өгий нууранд тохиолдоод байна. Сүүлийн 10 гаруй жил Өгий нуурын ундарга нь татарч, бохирдож, экологийн тэнцвэрт байдалд алдагдаж байгаа гэх харамсалтай судалгаа гарчээ.  Үүнд нутгийн ард түмэн сэтгэлээ чилээсээр өнөөдрийг хүрчээ.  Үе, үеийн нутгийн удирдлагууд энэ талаарх асуудлаа Засгийн газар болоод холбогдох яаманд тавьдаг ч тусыг эс олсон тухай тэд ярьж байна.

            Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн иргэдийг баярлуулах нэгэн үйл явдал боллоо.  Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон Архангай аймгийн 20 гаруй залуус нэгдэж Өгий нуураа хамгаалах “Өгий” сангийнхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ажиллагаа Өгийнуурын эрэг дээр болсон юм.  Нээлтийн эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Өгий” сангийн тэргүүн Ж.Мөнхбат үг хэлсэн.  Тэрбээр “Өгий нуурын түвшин нь буурсан, мөн маш их бохирдол ихтэй.  Энэ байдал удаан үргэлжилбэл ширгэх магадлал жил ирэх тусам нэмэгдэнэ.  Тиймээс Архангай аймгийн 20 гаруй залуус нэгдэж “Өгий” санг байгуулж байгаа юм.  Бидэнтэй БОАЖЯ, болон түүний харъяа Байгаль хамгаалах сан, Өгийнуур сумын ЗДТГ хамтарч ажиллаж байна.  Бидний тавьж буй хамгийн гол  зорилго нуурынхаа ундаргыг нэмэгдүүлэх явдал юм. Өгийнуур маань доороосоо ундарга байхгүй учраас бид эхний ээлжинд залуу Орхоноос суваг татна.  Ингээд усны түвшин нэмэгдээд ирэхээр эргээд өөр сувагаар залуу Орхон луу ус нь гарч эхлэх юм.  Бид энэ талаар олон судалаа хийсэн.  Судалгааны ажилдаа ороод хэдэн сар болж байна.  Удахгүй дуусах байх” гэлээ.

d892de030b6ce6deoriginalТүүнчлэн Өгийнуурын усны  түвшин 2-3 метрээр багассан гэх судалгаа гарсан байна.  Усны түвшин багасахад нарны хэт туяа нуурын гүнд тусдаг байна.  Энэ нь нуурын гүнд байх бохирдол замагуудыг тэжээж өгдөг гэнэ.  Үүнтэй холбоотойгоор загас, жараахай дайжих аюултай юм байна.  Өгийнуур бол Монгол Улсын төв цэг дээр байрладаг ганц цэнгэг устай нуур.  Тус нуур шувуудын дамжин өнгөрөх бааз нь хэмээн судлаачид тодорхойлжээ.  Орхон голын сав газарт 17 зүйл төрлийн загас байдаг гэсэн судалгаа бий.  Гэтэл Өгийнуурт агнуурын ач холбогдолтой 4-5 зүйлийн загас үлдсэн байна.  Бусад загас Өгийнуурт орж ирэх боломжгүй нь усны гаралт зогссонтой холбоотой юм.  Өгийнуурын усны 60-70 хувь нь хур тунадаснаас тэжээгддэг аж. Мөн 30-40 хувь нь хөгшин Орхон голоос тэжээгддэг байна.  Өөрөөр хэлбэл, нуурын биоэкологийн тэнцвэрт байдал алдагдаж эхлээд удаж байгаа аж.  Тиймээс нутгийн 20 гаруй залуус Өгий нуураа хамгаалах “Өгий” санг байгуулж ажиллаж буй нь энэ аж.  Тэд Архангай аймагт төрж өссөн, бөгөөд одоо ч эндээ суурьшдаг байна.  Тиймээс төрж өссөн газар  нутагаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг хэмээн ярьцгааж байна. Мөн энэхүү ажлыг олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэмжээнд гаргаж ажиллахаар зорьж байгаа хэмээн сангийн тэргүүн Ж.Мөнхбат онцолж байлаа.  “Өгий” сангийн залуучууд судалгааны дагуу шат дараатай олон ажил төлөвлөсөн бөгөөд хамгийн нэгдүгээрт байгаль, орчинтойгоо зүй зохистой харьцах үүднээс хамгаалалтын бүсийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа аж.  Мөн автомашин зогсох нэг цэг байгуулах, хог бохирдлыг мөн адил нэг цэгт хаяах гээд жижиг зүйлээс эхлэх ёстой гэж байсан юм.

6379a747e0447dfcoriginal          Нутгийн иргэдийн хувьд “Өгий” сан байгуулагдаж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн.  Нутгийн залуучууд нүдээ олсон ажил эхлүүлжээ хэмээн ам сайтай байв.  Өгийнуур сумын иргэд төдийгүй Архангай аймгийн зон олон өөрсдийнхөө хэмжээнд сангийнхаа үйл ажиллагаанд туслахаа амлаж байсан юм.  Нөгөө талаар нутгийн удирдлагууд энэ асуудлаар олон жил хөөцөлдөж явсан учир бүтэхгүй байх вий гэж эмээж буйгаа нуусангүй.  Үүнд  сангийн тэргүүн Ж.Мөнхбат

“Байгаль хамгаалах чиглэлээр олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Бид тэдэнд санал тавина.  Бидний зорилго зөв, зарцуулах төлөвлөгөө бэлэн байвал хэцүү ажил биш.  Харин  улсын төсвөөс мөнгө авч хийнэ гэвэл хүндрэлтэй байж мэднэ.  Гэхдээ БОАЖЯ-д хүсэлт гаргана.  Үүнийг салбарын сайд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” хэмээн хариуллаа.

Барьсан загасаа эргүүлж тавина

b121a41dc933670aoriginalТүүнчлэн энэ өдөр “Өгий” сан, Монголын спорт загасчлалын холбоодын нэгдэл хамтран “Өгий-2015” мөсний загасчлалын тэмцээнийг зохион байгуулсан.  Энэхүү тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, ОХУ-ын элчин сайд, Япон улсын элчин сайдын яам, нийт 50 гаруй баг, хамт олон оролцсон юм.  “Өгий-2015” тэмцээнийг зүй зохистой загасчлалын төлөө уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд оролцож буй загасчид нэг ч загасны амийг таслахгүй, бөгөөд барьсан загасаа амьдаар нь эргүүлж тавина.  Энэ нь олон улсын стандартын дагуу мөрдөгддөг журам аж.  Тэмцээний аварга хамгийн олон загас барьсан нь бус хамгийн том болоод хүнд жинтэй загас барьснаар нь шалгаруулдаг юм байна.  Өөрөөр хэлбэл, загасчидын барьсан “анг” жинлэж үзэх юм.  Тус тэмцээнд “Хөх тул” баг 68.5 кг загас барьж нэгдүгээр байрын шагналын эзэд болсон.  Мөн өдөр  Архангай аймгаас уламжлалтай мөсөн шагайн харваан тэмцээнийг зохион байгууллаа.  Нийтдээ Архангай аймгийн сумдын 40 баг хүрэлцэн ирж авхаалж самбаагаа сорьсон.   Мөсөн шагайн багын харваанд нэгдүгээр байрт Д.Алтангэрэл, Д.Адуучинбаатар нар хамгийн олон оноотойгоор тэргүүллээ.  Харин аман хүзүүнд Л.Жамсранжав, Х.Оргилсайхан нар удаалсан бол гуравдугаар байрт С.Отгон-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ нар орсон.  Түүнчлэн мөсөн шагайн цуваа харваанд С.Отгон-Эрдэнэ тэргүүлсэн.  Хоёрдугаар байрт Д.Алтангэрэл удаалсан бол гуравдугаарт Х.Оргилсайхан нар оржээ.

47a9e0d5e9835c84originalИйнхүү “Өгий” сангийн нээлт амжилттай болж, дараа дараагийн ажил бүтэмжтэй байхыг нутгийн зон олон ерөөж байсан юм.  Энэ өдөр зохион байгуулагдсан “Өгий-2015” мөсний загасчлалын тэмцээн, мөсний шагайн харвааны тэмцээнийг ирэх жил олон улсын хэмжээнд  зохион байгуулахаар боллоо.  Ирэх хавраас Өгийг хамгаалах ажил эхлэх бөгөөд ирэх жилийн тэмцээн зохион байгуулагдахад Өгийнуурын усны түвшин нэмэгдсэн гэх сайхан мэдээ дуулдах болтугай гэх ёрөөлөөр өндөрлөлөө.

3d3c747aa49c28d8original

www.unen.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …