УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тойрогтоо ажиллаж, Багахангай дүүргийн төсвийн байгууллагууд, дахиварын үйлдвэр, Хан-Уул дүүрэгт байрлах Үйлдвэр комбинатын арьс ширний үйлдвэрийн бохир усыг урьдчилан цэвэрлэх Хархираа төв, Нисэхийн цэвэрлэх байгууламж, Био цэвэрлэх байгууламж, Төв цэвэрлэх байгууламж зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулалтын байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо. Чуулгын завсарлагаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажилладаг.
Харин энэ удаагийн чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр голлон анхаарч ажиллаж буй учир хог хаягдалтай ажилладаг мэргэжлийн байгууллагууд, дахиварын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох, судалгаа хийхэд энэ өдрийн ажлын гол зорилго оршиж байлаа.
Мягмар гарагийн өглөө эртлэн Багахангай дүүргийг зорин Улаанбаатараас хөдөлсөн юм. Ажлын хэсгийн төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхний багийн хоёр машин 08.30 цагт зорьсон газартаа хүрч, ЗДТГ-ын дарга, холбогдох газрын дарга, мэргэжилтэн ажилтнуудтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоноор бидний завгүй ажлын өдөр эхэлсэн юм. Багахангай дүүрэгт газар өмчлөлийн ажил эрчимтэй явагдаж байна. Энэ жилийн байдлаар Улаанбаатараас 1500 гаруй иргэн тус дүүрэгт газар өмчилжээ.
Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их тоо бөгөөд хүн ам нэмэгдэхийн хэрээр аюулгүй хог хаягдлын асуудал тулгамдсан асуудлын нэг болон хувираад буйг холбогдох албаныхан Ц.Оюунгэрэл гишүүнд уламжилж байлаа. Харин гишүүн өөрийн боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, нэмж тусгагдах зайлшгүй шаардлагатай зүйлс байгаа эсэхийг лавлаж, санал авч байсан юм.
Дараа нь Хот тохижилтын алба Ус суваг ашиглалтын товчооны ажлын байдал болон ажилчидтай танилцаж, Багахангай дүүргийн хотхоноос гарах ахуйн хэрэглээний бохир усыг цэвэршүүлэн цөөрөмд шахдаг насосны станцын явцтай биечлэн танилцлаа. Тэрбээр үргэлжлүүлэн Хангай цогцолбор сургуульд зочилж, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн төлөөллүүдтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонссон юм. Багш нарын зүгээс боловсролын хэлтсийг дүүрэгтээ байгуулж өгөх саналыг гаргаж байсан бол эмнэлгийн төлөөллүүд насжилт явагдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгааг онцолж байв.
Жил ирэх тутам нэмэгдсээр буй их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаагаас дүгнэхэд, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна. Нийт хог хаягдлын 82 хувийг нь дахин боловсруулах боломжтой, үлдсэн 18-ыг нь дахин ашиглах боломжгүй хог хаягдал эзэлдэг.
Гэвч дахин боловсруулах боломжтой хаягдлыг дахин боловсруулалгүй, ландфилл технологиор газрын хөрсөнд булж устгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүний эрүүл мэндэд бодитой аюул занал учруулж байгаа юм. UNEP-ээс дэлхийн зарим улсын хог хаягдлын талаар хийсэн судалгааны тайлан, зөвлөмжид дэлхийн улс орон хог хаягдлыг багасгахад анхаарч,түүнийг шатаах, газрын хөрсөнд булах зэрэг аргаас татгалзаж, 3R (Reduce, Reuse,Recycle) буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах технологийг нэвтрүүлж, хог хаягдлын салбарыг ногоон болгох талаар дурьдсан байдаг.
Ц.Оюунгэрэл гишүүний боловсруулж буй Хог хаягдлын тухай хуулийн төсөлд эдгээр асуудлыг чухалчилж байгаа юм. Иймдээ ч Багахангай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй дахиварын үйлдвэрийн ажлын явцтай танилцаж, мэргэжилтнүүдээс хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар санал сонсох нь эл өдрийн ажлын чухал хэсгийн нэг байсан юм. “Ахуй мандал” дахиварын үйлдвэр нь ажилласан маслог дизель түлш болгон үйлдвэрлэдэг байна.
Ажилласан хаягдал масло нь аюултай хог хаягдалд тооцогдох бөгөөд байгальд хаягдсан тохиолдолд 100-150 жилдээ хөрсийг бохирдуулж байдаг аж. Энэ удаагийн бидний зочилсон “Ахуй мандал” дахиварын үйлдвэр нь сард 100-120 тонн ажилласан маслог дахин боловсруулж, чанар стандартад нийцсэн дизель түлш үйлдвэрлэдэг байна. Одоогоор Төв аймгийн Баян суманд тус компанийн шатахуун түгээх станц байрладаг бөгөөд литрийг нь 1500 төгрөгөөр худалдаалагддаг юм байна.
Тус компани нь байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн хугацаанд 2000 сая литр ажилласан маслог дахин боловсруулжээ. Ажилласан тосоо уул уурхайн компаниуд, үйлдвэрүүд, засварын газруудад нөөцийн сав байрлуулан цуглуулдаг гэнэ. Гэвч замын компаниуд ч мөн зам тавихдаа ажилласан маслог ашигладаг тул засварын газруудаас худалдан авах тохиолдол байдаг байна.
Дахиварын үйлдвэрийн мэргэжилтнүүд “хог хаягдлыг зөвхөн дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ” гэсэн заалтыг хуулийн төсөлдөө тусгаж өгөхийг Ц.Оюунгэрэл гишүүнээс хүсч байсан юм. Цаашдаа “Ахуй мандал” дахиварын үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж, хаягдал дугуй, хуванцар зэргийг дахин боловсруулах үйлдвэрийг барих төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дурьдаж байлаа.
Багахангай дүүрэгт ажилласныхаа дараа Улаанбаатар хотыг чиглэн хөдөллөө. Арьс шир үйлдвэрлэх бүх л үйлдвэрээс гарах бохир усыг урьдчилан цэвэрлэх “Хархираа” төвийн үйл ажиллагаатай танилцахаар яаравчлан хөдөлсөн нь энэ юм. Биднийг тус төвийн гадна ирж, машинаасаа гарахад эхүүн үнэр хамар цоргиж байлаа. Үйлдвэр комбинатад байрлах Хархираа төв нь арьс ширний үйлдвэрээс ирсэн бохир усыг урьдчилан цэвэршүүлж, хортой химийн бодисыг ялгаж, төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг байна. Арьс ширний үйлдвэрүүд нь малын арьс шир, ноосыг хортой бодисууд ашиглан боловсруулдаг бөгөөд хортой бодисыг саармагжуулан стандартад нийцсэн усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг байна.
Хоногтоо 3000 шоо метр бохир усыг урьдчилан цэвэрлэж байгаа аж. Бүх арьс ширний үйлдвэрээс ирсэн бохир усыг цэвэрлэснээр хоногт нийтдээ 18 тонн лаг гардаг аж. Бохирдуулагч үйлдвэрүүд буюу арьс шир, ноосны үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагад нийцсэн усыг нийлүүлэх ёстой байтал ямар ч урьдчилсан цэвэрлэгээг хийгээгүй маш өндөр идэмхий ус энэ байгууламжид ирдэг аж. Ингэснээр тоног төхөөрөмж нь ихээр элэгддэг гэдгийг холбогдох мэргэжилтнүүд учирлаж, хуулийн төсөлдөө тусгаж өгөхийг гишүүнээс хүсч байлаа.
Сурвалжлах хэсгийг тус төвд орох үед байгууламжийн тоног төхөөрөмжүүд зэвэнд идэгдсэн, маш хүйтэн орчин угтсан юм. Цэвэрлэгээний явцад гарсан лагыг ашиглан замын боржур зэрэгт ашиглах боломжтой ч одоогоор дахиварын үйлдвэрлэл байхгүй тул төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд аваачин хатаадаг гэнэ. Түүнчлэн, элсний талбай хийх, хоёр, гурван центр бункер нэмэх, цаашлаад байгууламжийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байсан юм. Улмаар хамгийн багадаа 30 тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө шийдэгдвэл бүх техник хэрэгслүүдээ шинэчлэх боломжтой болох юм байна.
Үргэлжлүүлэн Нисэхийн цэвэрлэх байгууламж, Био цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, дараа нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нисэхийн цэвэрлэх байгууламж, биогийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж нь шинэ, ахуйн бохир усыг цэвэрлэхдээ химийн бодис ашигладаг тус бохир усны үнэр үнэртэх нь бага байсан юм. Нисэхийн цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 2000 м3 дунджаар 1200-1700 м3 ус ирдэг. Энд ирсэн ахуйн усыг 90 хувь цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг юм байна.
Механик, биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Биогийн цэвэрлэх байгууламж нь био хорооллын байр, цэцэрлэг, сургууль аж ахуй нэгжээс ирсэн ахуйн бохир усыг шүүж халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлдэг аж. Цэвэрлэгээний төвшин 85-94 хувьтай байдаг юм байна. Дараа нь төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийт 15 га лагийн талбай, цэвэрлэгээний битонин хийц зэргийн ажиллагаатай танилцахад, ус цэвэршүүлэх ажиллагааг явуулдаг байгууламжийн хамар битонон хана цоорч, бохир ус цэвэрлэгдсэн ус руу орж буй байдал ажиглагдсан юм.
ТЦБ-ын зүгээс ажилтнуудаа оруулж, шавардах зэргээр түр хугацаанд аргацааж буйгаа гишүүнд учирлаж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ч энэ асуудалд юун түрүүнд анхаарлаа хандуулж, шаардагдах хөрөнгөнд дэмжлэг үзүүлэх талаар анхаарна гэдгээ хэлж байсан юм. Бохир ус төв цэвэрлэх байгууламжид ирэхдээ хоёр шугамаар ирэх хэдий ч, үйлдвэрийн болон ахуйн бохир ус холилдон орж ирдэг бөгөөд хромын хэмжээ 0.27-0.5 мг/л байх ёстой ч, зарим тохиолдолд 1-1.2 хэмжээтэй орж ирэн, биологийн цэвэрлэгээний бичил биетүүдийг устгадаг байна.
Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний хариуцлага хэрэгтэй байгааг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн, мөн нэгэн асуудал нь олон жил хуримтлагдсан лаг. Жил бүр 20-30 мянган м3 лагийг талбайд зөөвөрлөн хаядаг бөгөөд эдүгээ ойролцоогоор 400 мянган м3 лаг бий гэсэн тооцоо судалгаа байдаг аж. 2000 он хүртэл лагийн чанар ахуйн бохир усных байсан бол 2001 оноос хойшхи лаг нь арьс шир боловсруулах ҮААГ-ын ус нь цэвэршүүлэлт хийгдэлгүй төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдсэнээр химийн хүнд металл, хромын агууламжтай болж улмаар аюултай хог хаягдлын хэмжээнд хүрчээ.
Өдрийн турш үргэлжилсэн ажлын хөтөлбөр нь дуусч, түр амсхийх зуур УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Хуулиндаа юуг дутуу оруулж байгаа юм бэ гэдгээ сайн ойлголоо. Хуулинд өмнө нь байгууламжийн тухай заалтууд байдаггүй байсан. Байгууламжийн төлбөрийн заалтыг оруулъя гэсэн ерөнхий зүйлийг оруулсан байсан юм. Харин эдгээр байгууламжаар явж, ажилтай нь танилцсаныхаа дараа маш нарийн оруулж өгөх шаардлагатай юм байна гэсэн ойлголттой боллоо. Ингэхдээ байгууламжууд руу бохир усаа нийлүүлж буй нийлүүлэгчдэд тавих шаардлагыг хуулинд тусгах хэрэгтэй юм байна.
Энд бүх цэвэрлэгээ биологийн аргаар явуулж буй тул тэрхүү биологийн орчныг хамгаалсан химийн аливаа хордлогогүй, саармагжилттай, PH дундажтай бохир усыг нийлүүлэх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг хуулинд тусгах хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг авлаа. Энэ нь бохирдуулагч анхны эх үүсвэр дээрээ саармагжуулалтыг хийх шаардлага зайлшгүй тавигдана гэсэн үг юм.
Хуульд дахивар нөөцийг эргүүлэн ашиглах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар бүтээгдэхүүн болгох талаар заавал өөрийн гэсэн схемтэй байх ёстой гэсэн заалт орж ирсэн байгаа. Тэгэхээр хог хаягдал гардаг л бол түүнийг дахин боловсруулах схемийг боловсруулдаг ажилтан байх ёстой. Улмаар ажилтан нь тэрхүү схемийнхээ дагуу төсвөө батлуулж авч байх ёстой гэсэн заалт хуульд орсон байгаа.
Энэ заалт цэвэрлэх байгууламжид хэрэгжээд эхэлбэл, цэвэрлэх байгууламж өөрийнхөө гаргаж буй усыг яах вэ, лагыг яах вэ гэдгээ байнга хэлэлцдэг болох шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламжийн битонон хийцийг шинэчлэх ажлыг дэмжихээс өөр аргагүй. Хэрвээ битонон хана нурвал Улаанбаатар хот тэрчигтээ бохир усандаа автах эрсдэлтэй. Ингэснээр эрүүл мэндийн бүх л аюулын харанга хаа сайгүй дэлдэх болно.
Битонон хийцийг яаралтай шинэчлэх асуудал бол юун түрүүнд хийх ёстой хөрөнгө оруулалт гэж бодож байна” гэлээ. Ийнхүү олон олон шинэ санал, оновчтой санаа, санаачилгатайгаар гишүүний нэг өдрийн ажил өндөрлөлөө. УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулахдаа зөвхөн хэдхэн мэргэжилтнүүд, албаны хүмүүстэй уулзаад боловсруулчихдаг. Эргээд энэ нь түүхий хууль мэндлэх, нэмэлт өөрчлөлт орох шалтгаан болдог.
Тэгвэл эрхэм гишүүн энэ салбарт ажиллаж зовлон жаргалыг нь үзэж туулж байгаа иргэдтэй биечлэн уулзаж, тэдний хэлсэн нэг үг бүрийг тэмдэглэн авч, хуулийн төсөлд тусгахыг нь тусгаж ажиллахаа амалсанд иргэд тун таатай хандаж байлаа. Тэрбээр, маргааш нь /өчигдөр/ Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг, Нарангийн энгэр дахь Улаанчулуутын хогийн цэг, Хог боловсруулах үйлдвэр, Эмнэлгийн хог хаягдал боловсруулах үйлдвэр, Баянгол цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж дахивар бүтээгдэхүүн түүж ченжүүдэд тушаадаг иргэд, мөн тэднийг нь худалдан авдаг ченжүүдтэй уулзаж хууль тусгах санал бодлыг нь сонссон юм.
Энэ талаархи сурвалжлагыг та бүхэн маргаашийн дугаараас хүлээн авна уу. Хоногт 400 нохойг хэрхэн устгаж байгаа, нохойны бизнес ямар байдлаар цэцэглэх болсон. Цагаандаваан хогийн цэг дээр амьдардаг иргэдийн үнэн бодит амьдрал, төрийн бодлогоос гээгдсэн эдгээр иргэдийн амьдралын талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг маргааш бэлтгэн хүргэх болно.