Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулж буй тухайгаа мэдэгдсэн.
Үүний дараа Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх танилцуулгадаа 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63,7 хувьтай гарлаа. Биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро ЭЗ-ийн бодлого 55.4 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 59.2 хувь, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого 67 хувь, нийгмийн хөгжлийн бодлого 68, төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 61 хувь, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 66 хувийн гүйцэтгэлтэй гарсныг гишүүдэд дуулгасан.
Өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт 7.8 хувьтай гарчээ. Энэхүү эдийн засгийн бодит өсөлтийг салбаруудаар авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 14.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 16.1 хувь, үйлчилгээний салбар 4.8 хувь тус тус өссөн бол цэвэр татвар бодитоор 8.1 хувиар буурсан байна. Эдгээр салбаруудын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрээр нь авч үзвэл нийт 7.8 хувийн өсөлтийн 5 нэгж нь уул уурхайн салбараас, 2 нэгж нь үйлчилгээний салбараас, 1.7 нэгж нь хөдөө аж ахуйн салбараас, үлдсэн нь бусад салбарын өсөлтөөс бий болсон бол цэвэр татвар -1.1 нэгжээр сөрөг нөлөө үзүүлжээ.
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй, мөн дэлхийн зах зээлд экспортын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт бага байснаас эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Тодруулбал, төмөр замын суурь бүтцийг барьж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, концессоор эрчим хүчний 4 эх үүсвэрийг барьж эхлэх, газрын тос боловсруулах дотоодын үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх, гадаад зах зээлээс хямд эх үүсвэрийг татаж, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний экспортын өсөлтийг хадгалахаар төлөвлөж байсан боловч дээрх арга хэмжээнүүд хангалтгүй хэрэгжсэн. Мөн олон улсын зах зээл дээр голлох түүхий эдүүдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 70 орчим хувиар буурснаас эдийн засгийн өсөлтийн хурдац төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй.
Харин байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлөөс шалтгаалан мал сүрэг өсч, малын тоо 52 сая толгойд хүрснээр ХАА салбар өндөр өсөлттэй гарсан бол Оюу толгой төслийн олборлолт төлөвлөсөн хэмжээнд хүрсэн, газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдсэн зэргээс уул уурхайн салбар өсч Аж үйлдвэрийн салбарын өсөлт өндөр гарахад нөлөөлсөн байна.
Мөн 2014 оны 2 дугаар улирлаас эхлэн ҮСХ эдийн засгийн бодит өсөлтийг тооцохдоо 2010 оны зэрэгцүүлэх үнийг ашиглаж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй түвшин төлөвлөсөн түвшингээс буурах нэг шалтгаан болжээ.