Цахим шуудангийн гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна, энэ нь байгууллагын сонор сэрэмжтэй шууд холбоотой байдаг тул сонор сэрэмжтэй байцгаая. “СТТТ” ХХК нь автомашин, сэлбэгийн худалдааг 8 дахь жилдээ хийж байгаа ба хамтрагч байгууллага болох Япон улсын Акане ХХК-тай төлбөр тооцоогоо бэлэн бусаар гүйцэтгэж дансны болон бусад мэдээллээ цахим шуудангаар дамжуулан солилцдог байв.
2015.01.23-ны өдөр Япон улсын Акане ХХК-ний ажилтан гэмт этгээдүүдийн тараасан хортой код /вирус/-д өртөж өөрийн ашигладаг цахим шуудангийн нэр, нууц үгийг алдсан боловч үүнийгээ мэдсэнгүй.
Гэмт этгээд энэ байдлыг ашиглан харилцагч 2 талын захидал харилцаанд нэвтэрч төлбөр төлөх ёстой дансны дугаарыг өөрсдийн хамсаатан этгээдийн Англи дахь дансны дугаараар сольж төлбөр төлөгч талд “Манай хуучин дансанд аудитын шалгалт хийгдэж байна, одоогоор мөнгө хүлээн авах боломжгүй байх тул энэ данс руу шилжүүлнэ үү” гэсэн хуурамч шууданг Акане ХХК-ний хаягийг дуурайлган “СТТТ” ХХК-д илгээжээ.
Үүний улмаас “СТТТ” ХХК төлбөр болох 30,000 ам.долларыг гэмт этгээдийн дансанд шилжүүлж тодорхой хугацааны дараа энэ талаар мэдэн цагдаагийн байгууллагад хандсан.
Гэмт этгээдүүд Акане ХХК-ний ажилтны Yoku@akane.jp цахим шууданг Yoku.akane@outlook.com болгон дуурайлган илгээсэн ба энэхүү хуурамч шуудан нь анх таны Inbox-д ирэхдээ жинхэнэ мэт харагдах боловч Reply хийх үед хуурамч хаяг нь анзаарагдах ёстой байдаг, “СТТТ” ХХК-ний менежер үүнийг үл анзаарч мөнгөө бусдад алдсан гэмт хэрэг үйлдэгдсэн юм.
Цахим шуудангийн луйвар нэртэй энэ гэмт хэрэг гадаад худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад өнөөдрийн байдлаар 600 орчим сая төгрөгний хохирлыг учруулаад байгаа интернэт залилангийн гэмт хэрэг юм.
/Мэдээлэлд дурьдагдсан нэр, он сар өдөр, төлбөрийн хэмжээ зохиомол болно./
эх сурвалж: PHOTONEWS.MN