Урин цагийн өнгөнд тал, хангай, говь хээр хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгорчууд өнгө нэмж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болоход ердөө зургаахан хоног үлдлээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ Дан.Нямаа, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэв, МУСГЗ, яруу найрагч Г.Аюурзана, МУСТА дуучин Н.Баасандорж, М.Баярмагнай, Д.Отгонжаргал, Э.Энх-Эрдэнэ, МУСТА жүжигчин Г.Ундармаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Д.Доржготов, дуучин Л.Насанбуян, Б.Номин-Эрдэнэ, Д.Энхбат, Отгонтуяа, “Жонон” хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцох юм. Ийнхүү санаа нийлсэн уран бүтээлчид Баянхонгорт 1000 төгрөгийн хандиваар цэцэрлэг барих ажлыг дэмжин хүүхдийн төлөө “за” хэмээн нэгдэж байгаа юм. Зохион байгуулагчид болох Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв, www.khongornutag.mn сайтын хамт олон тоглолтын орлогын 20 хувийг Баянхонгорын хүүхэд багачуудад зориулахаар төлөвлөжээ. Ямартаа ч хонгор нутгийнхан уран бүтээлч охид хөвгүүдээрээ “гоёж”, Монгол бөхийн өргөөнд “болзох” урилгыг үзэгчдэд илгээгээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 96222225, 88222223,99650900 дугаараар холбогдон лавлана уу.