Зарим хүмүүс бусдын адил амьдрахыг хүсдэггүй бололтой. Дараах мэдээг уншаад үзээрэй.
1.“ Викторианы үе “-д амьдардаг эмэгтэй
Сараг 29 нас хүрсэн өдөр нөхөр нь корсет бэлэглэжээ. Энэ өдрөөс хойш түүний амьдрал орвонгоороо эргэж Викторианы үеийн эмэгтэйчүүд шиг хувцаслахыг эрмэлзэх болсон байна.Тэрээр одоо ч нөхөр Габриэлийн хамтаар Викторианы үеийн хэв маягаар амьдардаг гэнэ.
Өдөр бүр хувин, түмпэнтэй усаар угаалга хийж, хөвөн даавуугаар өөрөө хувцсаа оён, цахилгаан гэрлийн оронд лаа хэрэглэдэг бөгөөд машин унадаггүй аж. Вашингтоны Таунсендэд байдаг байшингаа мөн викторианы стилээр зассан ба 19-р зууны үеийн жороор хоол ундаа хийж иддэг байна. Одоохондоо хөргөгч хэрэглэхээс өөр аргагүй байгаа ч яваандаа мөстэй сав ашиглаж сурна байх гэж хосууд найдаж байгаа гэнэ.
Хүн – нохой
Технологич мэргэжилтэй Гэри Мэттьюс өөрийгөө Бумер нэрт нохой гэж боддог болжээ. 48 настай энэ эр яг нохой шиг хүзүүвч зүүж, идүүрээс хооллон, дэргэдүүрээ өнгөрсөн машины араас хуцан гүйдэг ба хашаандаа яс булах туйлын дуртай гэнэ. Тэр жаахан байхдаа «Here’s Boomer» гэдэг телевизийн олон ангит кино үзжээ. Энэ кинонд нь Бумер нэрт нохой хорвоогоор нэг тэнүүчилж хүмүүст туслаж байгаа тухай гардаг юм санж. Тэр цагаас хойш Мэттьюс нохой сонирхдог болж улмаар сонирхол нь солио болон хувирчээ.
Энэ мэтээр өөрийгөө амьтантай адилтгадаг хүмүүс цөөнгүй байдаг гэнэ. Тэд өөрсдийгөө хүнтэй адил оюун ухаантай, зан араншинтай, 2 хөл дээрээ явж, сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ илэрхийлдэг амьтад гэж үздэг байна. Ихэнх нь амьтны баг зүүх, дууриаж хувцаслах дуртай байдаг ч бумер бол ийм тохиолдлын туйл юм.
3. Хиймэл амьсгалын аппаратан доторх эмэгтэй
Хойд Каролины Марта Мейсон гэгч эмэгтэй амьдралынхаа 61 жилийг хиймэл амьсгалын аппаратан дотор өнгөрөөжээ. Хүүхэд ахуй цагт нь полиомиелит гэгч хүнд өвчин түүнийг нэгмөсөн саажуулсан тул өөр аргагүй байв. Гайхалтай нь, Марта ийм нөхцөлд мөрөөдөж ч зүрхэлмээргүй мэт санагдах сайхан амьдралыг өөртөө бий болгож чадсан байна. Тэрээр дунд сургууль, коллежийг улаан дипломтой төгсөж, найз нөхөдтэйгээ найрлан цэнгэж, бас өөрийн амьдралын баяр, гунигийн тухай өгүүлсэн “ Хиймэл амьсгалын хэмнэлээр амьдрах нь “ гэдэг ном хүртэл гаргаж амжжээ. Манай жагсаалтан дахь хачирхалтай амьдралыг өөрөө сонгоогүй цорын ганц хүн нь Марта боловч нөхцөл байдлыг яалтай билээ. Марта 1937-05-31-нд Латтимер хотод төржээ. Түүний ах Гастон бас энэ аймшигт өвчний золиос болсон байна. Ахыгаа оршуулсны дараа Марта өвчний шинж тэмдгийг мэдэрч эхэлсэн боловч эцэг эхээ зовоохгүйн тулд тас нуудаг байлаа.
Удалгүй тэр амьд байхыг хүсвэл хиймэл амьсгалын аппаратанд орохоос өөр аргагүйг ойлгожээ. Энэ аквариумд жил болсны дараа эцэг эх нь эмч нарын зөвлөсний дагуу охиноо гэртээ гарган авч аль болохоор баяр баясгалантай байлгахыг хичээх болжээ. Учир нь охинд ганц л жилийн нас үлдсэн байлаа. Гэтэл Мартагийн амьд явахын хүслэн, сэтгэлийн тэнхээ нь бүгдийг даван туулжээ.
3. Нуруундаа аварга загалмай үүрсэн аялагч эр
60 настай Линдсей Хамон амьдралынхаа сүүлийн 25 жилийг нуруундаа аварга загалмай үүрэн өнгөрөөж байгаа юм. Тэрээр даян дэлхийгээр аялаж, сонсохыг хүссэн хүн бүрд Иусусийн сургаалийг номлож явдаг гэнэ. Шинэ Зеланд, Румын, Энэтхэг, Шри-Ланка зэргийг оролцуулаад дэлхийн 19 орноор итгэл найдвараа мөрөндөө тээн явахдаа ихийг ч үзэж харж, зовлон бэрхшээлтэй ч учирч явжээ. Бангладешт буудуулж, Римд Гэгээн Петрийн талбайгаас хөөгдөж явсан энэ эр зогсох бодолгүй байгаа гэнэ. Хамон 1987 оноос эхлэн загалмай үүрсэн бөгөөд биенээсээ ховорхон салгадаг байна. Хуш модоор хийгдсэн загалмай нь 3,5 метр өндөр, 1,8 метр өргөнтэй. Авч явахад хөнгөн болгохын тулд доод талд нь дугуй хийсэн байна. Хамон загалмайгаа өдөрт 12 цаг үүрч хаана хоноглохоо ч бодох санах юмгүйгээр зүтгэж явдаг гэнэ.
2 хүүхдийн эцэг, нийгмийн ажилтан энэ хүн өөрийн санаа нэгт нөхдийн буяны хандиваар амь зуудаг ажээ. Гэхдээ ажлаа хийж гэр бүлээ тэжээхийн тулд төрөлх хот Корнуолл руугаа байн байн ирэхээс өөр аргагүйд хүрдэг гэнэ.
5. Эрүүл байж өвчтэй хүн шиг…
Тахир дутуугийн тэргэнд насаараа хадаастай байж хорвоог туулах гэдэг амьдын там баймаар. Гэтэл Ют мужийн Солт-Лейк-Сити хотын 57 настай химич мэргэжилтэй Хлоя Дженнингс-Уайт бүслэхийнээс доош мэдээ алдаж тахир дутуу болох хачирхмаар хүсэлтэй гэнэ. Хлоя яг л өвчтэй хүн шиг тэргэнцэрт сууж, хөлийг нь нугалахгүй болгодог хуурмаг хавчаар зүүж, таягтай явдаг гэнэ. Харин шатаар өгсөх эсвэл уруудах үедээ босч хавчаараа аваад жирийн хүн шиг явдаг байна. Мөн ихэнх саажилттай хүмүүсийн адилаар идэвхтэй амрах дуртай ажээ. Өдөртөө ойгоор явж уулын оргилд гарах дуртайг нь бодвол эрүүл ч юм шиг.
Хлоя бие бялдрын хувьд эрүүл боловч сэтгэцийн нэгэн эмгэгтэй юм байна. Ийм эмгэгтэй хүмүүс бие эрхтнийхээ бүрэн бүтэн байдлыг хүлээн авах чадваргүй болж, зарим нэг эрхтнээсээ салахыг хүсдэг ажээ. Хлоя өөрийгөө гэмтээхээс хамгаалж эмч нар түүнд тэргэнцэр болон хуурмаг хавчаар “ бичиж” өгчээ. Ихэнх цагаа өвчтэй хүн шиг өнгөрөөдөг тэрээр үнэхээр саажихыг мөрөөддөг тухайгаа ярьж байна. Тэргэнцэр болон хавчаар л түүнийг хамгаалдаг бололтой.
6. Жоомны найз
Мичиган мужийн Диборн хотын оюутан Кайл Кандилиан жоомноос эвгүйцдэггүйгээр барахгүй хамт амьдардаг гэвэл яаж байна? Түүний тооцоогоор гэрт нь 200 гаруй мянган жоом бий гэнэ. 20 настай энэ залуу жоомыг дуртайяа үржүүлж, ашиг хонжоо олж суудаг гэнэ шүү. Энэ ер бусын сонирхол нь түүнд сургалтын төлбөрөө хийх боломжийг ч өгдөг бололтой. Энд бүх төрлийн жоом бий: арав гаруйг нь ганц центээр өгчихөж болох бяцхан жоомноос эхлээд ширхэг нь 200 доллар хүрдэг, 15 жил амьдарч чаддаг асар том хирсэн жоом хүртэл байдаг. Жоомоор хооллодог тэжээвэр амьтадтай хүмүүс, туршлагын шавж худалдаж авдаг их сургуулиуд гээд л Кайл наймааны түнш олонтой ажээ.
Кайл жоомнууддаа хайртай ч эцэг эхэд нь эдгээр шавжнууд жинхэнэ асуудал болоод байна. Нэг удаа үүрийн 4 цагийн үед эх нь Кайлыг сэрээж угаалгын өрөө рүү дагуулж очоод ариун цэврийн цаасан дээр амарч байсан бололтой хилэгнэсэн жоомыг зааж “ Кайл, одоо болно, больж үз “ гэсэн гэдэг. Залуугийн өрөө жоомтой хайрцгаар дүүрэн бөгөөд Кайл 8 жилийн дотор 130 төрлийн жоомыг үржүүлсэн байна.
7. Нөхөр, нууц амрагтайгаа нэг гэрт амьдардаг эмэгтэй
2 хүүхдийн эх Мария Бицки нөхөр Полоос салахдаа түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ огтхон ч ойлгосонгүй. Гэхдээ бас нууц амраг Питер Грумангүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байв. Яваандаа хоёр эр найрамдаж эхэлмэгц Мария санаанд оромгүй шийдэлд хүрчээ. Ингээд Питер Ист-Лондон дахь тэдний гэрт нүүж ирлээ. Одоо 33 настай Мария, 37 настай Пол, 36 настай Питер, 16-тай Лора, 12-той Эми нар өнөр өтгөн гэр бүлээрээ амьдрах болжээ.
Мария хоёр эрийн аль алинтай нь сексийн харьцаанд ордог ч гэлээ энэ асуудал их нууц байдаг гэнэ. Харин гурвуул хамт нэг оронд орж хэзээ ч үзээгүй гэж баталж байгаа аж. Ер нь тэдний амьдралд ашигтай зүйл их бий гэнэ. Хүүхдүүддээ гурвуул анхаарал тавьж хичээлийг нь хийлгэх буюу халаасны мөнгөөр дутаадаггүйгээс гадна санхүүгийн асуудал ч хялбар шийдэгдэж бүх зарлагыг 3 хуваагаад л төлчихдөг гэнэ.
8. 1986 оныг эрхэмлэгч гэр бүл
26 настай Блэр Макмиллан, түүний 27-той эхнэр Морган нар 1986 оны төсөөллөөр амьдардаг гэнэ. Тэдний гэрт 1986 оноос хойш гарсан ямар ч техник хэрэгсэл байхгүй. Ингэвэл 5 настай Трей, 2 настай Дентон хоёр нь iPhone эсвэл iPad шагайж суухгүй, харин хашаан дотор хөл бөмбөг өшиглөөд гүйж байна гэж тэд бодоцгоожээ.
Тэдэнд компьютер, кофе чанагч, ухаалаг утас, интернетийн аль нь ч байхгүй, өөрсдөө яаж өссөн, тэр л янзаар 2 хүүхдээ өсгөж байгаа гэнэ. Тооцоогоо онлайнаар хийхгүй банканд очиж бэлнээр төлнө, мөн 20 доллараар хальс авч хуучны аппаратаар хүүхдүүдийнхээ зургийг авдаг байна. Уг нь смартфон хамаагүй хямд л даа. Саяхан тэд АНУ-аар аялсан гэнэ. Ингэхдээ цаасан карт ашиглаж, хүүхдүүддээ наадаг зурагтай ном, будгийн харандаа авч өгчээ. Бас бусдын машин дахь жижиг теледэлгэц зэргийг харуулахгүйг хичээж явсан байна. Тэдний амьдрал дахь цорын ганц шинэлэг зүйл нь 2010 Kia маркийн автомашин ажээ.
9. 700 муур тэжээдэг эмэгтэй
Линия Латтенцио жаахан байхаасаа л муур тэжээхийг хүсдэг байсан ч эх нь зөвшөөрдөггүй байжээ. Харин одоо хэдэн зуун муурныхаа хамтаар Калифорн мужийн Парльере хот дахь 12 акр талбайтай эдлэн газартаа амар сайхан амьдардаг гэнэ. Линия 1981 онд нөхрөөсөө салсны дараа тэнэмэл муурнуудыг авч асардаг ажилтай болжээ. Түүний гараар бараг 19 мянган муур орсон байна.
Тэр өөрийгөө эрүүл ухаанаа алдсан хүн биш, харин ч хөөрхий муужгайнуудыг асран тэтгэж, сайн айлд өгч буян хийхээр төрсөн хүн гэж үздэг. Одоо түүний асрамжинд 700 муур, 15 нохой байгаа ажээ.
10. “ Хар аалз “ –нд хайртай бүсгүй
Ихэнх хүмүүс аалзнаас айдаг байтал Джей Райх хорт аалзыг тэжээдэг байна. Тэр ч байтугай аалзандаа хазуулж тэдний гэм хоргүй болохыг нь нотлохыг хүсдэг гэнэ. Джей Брэкнеллд амьдардаг бөгөөд түүний цуглуулганд “ Хар үхэл “ нэртэй нас гүйцсэн 3 аалз, мөн 10-аад тооны зулзаган аалз байгаа юм байна. Джей эмэгчин аалзандаа Силла гэдэг нэр өгчээ. Тэр Силлагаа маш эелдэг амьтанд тооцдог байна. Түүний энэ этгээд сонирхол олонд ил болохын хамт үүссэн дуулиан шуугиан, бас зэргэлдээ орших сургуулийг хаасан зэрэг нь 26 настай Джейн уурыг ихэд хүргэжээ. Сургуулийн хажуугаас шар зөгийн үүр олдсон бол сургуулийг хаахгүй л байсан даа гэж тэр эгдүүцэж байгаа аж.
эх сурвалж: viva.mn