Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж.
Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд орон нутгийн хэмжээнд Орхон аймагт анхны өрөөг ашиглалтад оруулж байна.
Түүнчлэн энэ өрөөнд гэрч, хохирогчид хууль зүйн, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, шүүх хуралдааны үед гэрч, хохирогчийг сэтгэл зүйчтэй хамт байлцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр тус өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хурлын үйл явцыг ажиглах боломжтойгоос гадна Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Гэрч, хохирогчийг Аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог болжээ.
Дашрамд дуулгахад нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгч П.Батсайхан, Сум дундын анхан шатны 14 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Тахарын Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Шүүхийн тамгын дарга М.Ганчулуун, аймгийн Прокурорын орлогч, прокурор н.Ёндонсамбуу, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Оюунчимэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Б.Мөнхзул нар оролцов.
undesten.mn