Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа.
Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр тал Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон удаа санал солилцож, уулзсаны үр дүнд тохиролцоонд хүрч чадлаа.
Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болголоо. Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөнхий сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно” гэж хэллээ.
Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын уул уурхайн салбарт шинэ стандарт, шинэ технологийг нэвтрүүлж, Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөн, хуулийн дагуу ажиллаж чаддагийг олон улсад харууллаа гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолж байна.
Ийнхүү Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг Ерөнхий сайдын айлчлал урагшлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ.