Гоо сайхан дэлхийг аварна гэдэг. Үнэхээр ч бүсгүйчүүд маань гоо сайхан байдлаа хадгалахын тулд хүнээс гарамгүй их зориг тэвчээр гаргадаг нь маргашгүй үнэн. Эмэгтэйчүүд бидний дунд таргалалт гэдэг мөнхийн асуудал байсаар байдаг. Тэгвэл энэ удаад Венесуэл улсын Мисс болохын тулд өөртөө маш их өөрчлөлтийг хийсэн 18 настай Maya Nava бүсгүйн түүхийг сонирхоцгооё.
Түүний эцэг эх 40 минут тутамд аллага болдог Каракасын хамгийн аюултай дүүрэгт жижигхэн дэлгүүр ажиллуулдаг. Тэд охиноо миссын тэмцээнд оруулахын тулд 11,000 гаруй долларыг хөх томруулах болон хамар, шүд засуулахад нь зориулсан байна.
Гэвч түүний жин асуудал болсоор байсан тул хэлэндээ тэрээр пластик наалт оёулснаар асуудлаа шийдэж чаджээ. Түүний хэлэндээ оёулсан наалт нь хатуу зүйл идэхээр маш их өвддөг учраас тэрээр ихэвчлэн шингэн зүйлсээр л хооллосоор өөрийн хүссэн хэмжээ болох 90-60-90 болжээ.
“Би энэ тэмцээнд оролцохын тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ маш олон зүйлсийг дэнчин тавьж байгаа. Тиймээс би заавал ялах ёстой. Ядуусын хорооллоос төрсөн бас нэгэн амжилттай хүн байхыг хүсэж байна” хэмээн BBC3 шоуны үеэр хэлжээ.
Гэвч харамсалтай нь тэрээр ийм их өөрчлөлт хийсэн ч титмээ авч чадаагүй юм.
Эцэст нь хэлэхэд өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж амьдарсан хүн л амьдарсан шиг амьдардаг юм шүү.
Эх сурвалж: www.cosmopolitan