Америкийн нэрт репчин Эминем хар тамхинд донтож, хариугүй амиа алдах шахснаа ний нуугүй өгүүлжээ. “Хар тамхи зарж мөнгө олох арга” хэмээн баримтат кинонд Эминем хэдэн жилийн өмнө найдлагагүй донтогч гэгдэж байснаа ярьсан аж. Тэрээр өмнө нь хар тамхи хэрэглэдэг байснаа цухас дурьдсан удаатай ч ингэж ний нуугүй ярьж байгаагүй юм.
“Сайн уу, миний нэрийг Маршалл гэдэг. Би хар тамхичин” гэж Эминемийн тус баримтат киноны үгс эхэлдэг байна.
“Анх викодин хэрэглэснээ санаж байна. “Өө, одоо л нэг энэ шаналал зовиур арилах нь дээ” гэж тэгэхэд бодогдож байлаа. Гэвч энэ бодол ирээдүйн их асуудлын үүдийг нээдэг юм билээ. Тэгж мансуурах надад улам бүр таалагдсаар байв. Хүмүүс намайг зовлонд унажээ гэж хэлдэг ч би тэдэн рүү “Намайг тайван байлгаад өгөөч” гэж хашгирдаг болсон.
Хэрвээ би эмнэлэгт хоёр цагийн дараагаар л хүргэгдсэн бол үхчих байсан гэдэг үнэн. Биеийн доод хэсэг минь мэдээгээ бүрэн алдаж, элэг, бөөр минь ажиллахаа бараг больчихсон. Тэр үед амьд үлдэх боломжгүй болчихсон шиг л санагдаж байлаа” гэж Эминем өгүүлжээ.
Гэлээ ч Эминем хэдэн сарын дараагаар хөл дээр босч, эргээд уран бүтээлээ туурвиж, хамгийн гол нь хорт зуршлаасаа ангижирч чадсан байна. Тэрээр хорт зуршлыг ялахад хайртай, бяцхан охин Хэйлигээ гэх сэтгэл нь ихээхэн дэм өгснийг мөн дурьджээ.
эх сурвалж: урлаг.мн