Нэгэн наргианч залуу дүрсгүйтэж жирэмсний тест хийж үзсэн байна. Яагаад ингэсэн юм бол? Зөн совин нь шивнэсэн юм болов уу?
Залуугийн хариу эерэг гарсан тухай бас нэг алиа найз нь сүлжээнд тавьжээ. Хэрэглэгчдийн бичсэн хөгжилтэй хариунууд төгсгөлгүй урсав. Бараг 1000 гаруй хүн сэтгэгдэл бичсэн гээд бод доо!
Гэтэл нэг хүний бичсэн зүйлээс болж хэрэг бишдэв: «Хэрэв таны хариу үнэхээр эерэг гарсан юм бол та эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Би үнэхээр сэтгэл зовж байна. Энэ нь төмсөгний хорт хавдрын шинж байж магадгүй. Энэ тухай өөрөө Google-ээс хайж уншаарай» гэжээ.
Бас нэг хүн: «Та онкологич (хавдрын эмч) эмчид яаралтай үзүүлж бүгдийг үнэнээр нь ярих хэрэгтэй» гэж зөвлөсөн байлаа.
Тоглоом нь шоглоом болж магадгүйг ойлгосон залуу дор нь шинжилгээ өгчээ. Гэтэл эхний шатандаа явж байгаа хавдартай болох нь илэрсэн байна. Ингээд үндсэндээ хэрэглэгчид л залуугийн аминд оржээ.
Сэтгүүлч Эми Ошир: Жирэмсний тест нь эмэгтэйчүүд хүүхэд олсон үед ихсээс ялгаран гардаг хорионы гонатодропин буюу жирэмсний дааврыг илрүүлэх зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Энэ даавар бас зарим төрлийн хавдар, тэр дундаа эрчүүдэд төмсөгний хавдрын үед бий болдог байна. Гэхдээ энэ төрлийн хавдар маш ховор: жилд 100 мянган хүнээс 5 нь өвдөх магадлалтай гэнэ.
Энэ өвчнөөр өвдөж болзошгүй эрчүүдийн дундаж нас 40 боловч, 25-тай залуучууд өвчилсөн тохиолдол олон бий. Хавдар ямар шатандаа явж байгаагаас үл хамааран тэдний 90 гаруй хувь нь эдгэрсэн гэсэн статистик мэдээ байдаг.
Ингэж наргиантай түүх өөрөөр эргэж, залуугийн зүггүйтэл, найзынх нь тайлбар хоёр амийг нь аварчээ.