Байсхийгээд хэрэг төвөгт холбогдож байдаг “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин 1,6 жил хоригдохоор боллоо.
Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон, өөрийгөө шатааж байсан зэргээр байнга шахуу хэрэг төвөгт өртөж явдаг тэрбээр энэ удаад ч мөн хар тамхины хэрэгт холбогдсон юм.
Учрыг тодруулбал өнгөрсөн оны 12 сард Говь-Алтай аймагт хэсэг нөхдийн хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баригдаж, цагдаагийн ажилтны биенд халдсан юм.
Мөн Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Бадрал, “Айс топ” хамтлагийн Д.Манлайжаргал нар мөн эл хэрэгт холбогдож, өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүгдлээ.
Хар тамхины хэрэгт холбогдсон тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутгажээ.
Энэ зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хуралдаанаар Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон байна.
Д.Манлайжаргал, М.Бадрал нар нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс өмнө нь тэнсэн харгалзах ялтай байсан Д.Манлайжаргал чанга дэглэмтэй ангид 3 жил хоригдохоор боллоо. Харин М.Бадралд 3 сар 1 хоногийн хорих ял оноожээ.
Г.Эрдэм