Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /VI.01/ тохиож байна. Тэгвэл энэ өдөр ямар алдартнууд мэндэлсэн тухай товч мэдээллийг хүргэе.
Мэрилин Монро
Америкийн секс бэлгэ тэмдэг гэгддэг шаргал үст Мэрилин Монро 1926 оны зургаадугаар сарын 1-нд Глэдис Пэрл Бэйкэрийн гурав дахь хүүхэд болон Лос-Анжелес хотноо мэндэлжээ. Тэрээр анхны нөхөртэйгээ амьдарсан хугацаандаа “Ухаалаг бүсгүйчүүд үнсдэг ч хайрладаггүй, сонсдог ч итгэдэггүй, хаягдахаасаа өмнө өөрсдөө хаядаг” гэдгийг ойлгосон хэмээн хэлж байжээ.
Морган Фримен
Холливуудын алдарт жүжигчин, найруулагч, дуу оруулагч Морган Фримен 1937 оны энэ өдөр мэндэлж байжээ. Оскарт таван удаа нэр дэвшиж байсан тэрээр 2005 оны “Сая долларын бүсгүй” кинонд бүтээсэн туслах дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм. Нэгэн удаа сэтгүүлч түүнээс ийм завгүй ажиллаад ядрахгүй байна уу гэхэд, “Би газар ухаагүй, барилга ч бариагүй. Миний ажил хүнд биш, эсрэгээрээ байнга өөрийгөө цэнэглэх, баяр баяслаар дүүрэн байх боломжийг олгодог. Харин ч хийх ажилгүй дэмий хэвтэх л хүнийг ядраадаг байх” хэмээн хариулж байжээ.
Хайди Клум
Германы алдарт загвар өмсөгч Хайди Клум 1973 оны энэ өдөр төрсөн байна. Тэрээр бизнесийн салбарт амжилт гаргасан цөөхөн хэдэн загвар өмсөгчдийн нэг юм. “Victory secret”-ийн сахиусан тэнгэр байсан Хайди Клум “Биеийн галбираа хадгалж үлдэх цорын ганц нууц бол спорт юм” хэмээн бүсгүйчүүдэд зөвлөжээ.
Н.Түвшинбаяр
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 1984 оны зургаадугаар сарын 1-нд төржээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Анх ханьдаа дурлаж, хайрлаж байхдаа амьдрал өөрөө дасахын аялгуутай хайр байдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрч байсан” хэмээн хэлж байжээ.
www.eagle.mn