Иргэд, байгууллагууд онлайнаар бараа, бүтээгдэхүүн гадаад улс орноос худалдан авч байгаатай холбоотой сэрэмжүүлэх мэдээ…
Сүүлийн үед гэмт этгээдүүд томоохон онлайн худалдааны сайтууд болох amazon, ebay, alibaba зэрэг сайтуудад хуурамч хэрэглэгч үүсгэн бараа, бүтээгдэхүүн борлуулах нэрийдлээр бусдыг залилан мэхэлж, мөнгөө шилжүүлж авсан ч бараагаа шилжүүлэхгүй холбоогоо таслах байдлаар гэмт хэрэг үйлдэх болсон. Энэ төрлийн гэмт хэрэгт манай улсын иргэд ч ихээр хохирч байна.
Гэмт этгээдүүд нь худалдаалж буй бараа, бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаас харьцангуй бага үнээр санал болгодог, хүмүүс ихээр сонирхдог гар утас, зөөврийн компьютер болон бусад барааг худалдаалахаар зар тавьсан байдаг.
Бараа худалдан авахдаа тухайн сайтаар дамжуулан төлбөрийг шилжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь таны гүйлгээний аюулгүй байдлыг тухайн сайт хариуцна гэсэн үг юм. Хэрэв ямар нэг байдлаар бараа ирэхгүй байгаа тохиолдолд тухайн сайтад гомдол гаргаж мөнгөө буцаан авах эрхтэй байдаг.
Гэвч гэмт этгээдүүд нь таньтай холбогдсны дараа мэйл хаягаа өгөх, эсвэл утсаар холбоо барихыг хүснэ, үүний дараа сайтаас гадуур Western Union зэрэг төлбөрийн системээр тодорхой хүний нэр дээр мөнгөө шилжүүлэхийг шаарддаг, ингэж шилжүүлсэн мөнгийг вэб сайт хариуцахгүй юм. Хэдийгээр мөнгө хүлээн авсан хүний овог, нэр, данс байгаач нэгэнт гадаад улс руу шилжсэн учраас Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад хүндрэлтэй, цаг хугацаа ихээр шаардагддаг тул иргэд та бүхэн бараа бүтээгдэхүүн онлайнаар худалдан авахдаа найдвартай хэрэглэгчдээс бараагаа сонгож тухайн вэб сайт ямар төлбөрийн систем ашиглаж байна түүгээр хийж байх нь эрсдэлгүй, аюулгүй юм. Харин хямдхан, илт хуурамч, мэйл юм уу утсаар харилцсан хүмүүстэй холбогдохгүй байхыг анхааруулж байна.