Мүүнийн гаж урсгалын мөн чанарыг олон нийтэд түгэх, хүүхэд залуучуудыг энэ чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах зорилгоор Мүүнийн шашинтой холбоотой мэдээллийг уншигчиддаа хүргэхээр зорилоо. Энэ удаад Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 2011 оны 08-р сарын 28-ны өдрийн №82 гарсан мэдээллийг уншигчидаа нэхэн сануулах зорилгоор хүргэе
Үндэстний Тойм сэтгүүл 81 дэх дугаараа “Мүүнтэй нөхцсөн Монгол” сэдвээр бэлдсэн нь Монголын нийгэмд шуугиан тарилаа. Мүүний шашин хийгээд Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын холбоо сүлбээг хамгийн их баримт нотолгоо, гэрэл зураг, үйл явдалтайгаар олон талаас нь бид харуулж чадсан. Энэ тухай Facebook, Twitter зэргээр интернет хэлэлцүүлэг өрнөж, цахим хуудсууд, сонин, телевизүүд гол сенсаациа болгож байна. “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэдэг асар том хүрээг хамарсан энэхүү ажлын зорилго, мөн чанар нь чухам юу вэ гэдэг талаар бид бодож эхэллээ. Асуудлыг бодит баримттайгаар хөндөж тавьсанд уншигчид маань баяр хүргэн утасдсаар байгааг дашрамд дуулгая. Энэ удаад мүүнистүүдийн Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн тухай нийтлэхээр шийдлээ.
Толгой эргүүлсэн олон байгууллагууд
Ноён Сан Мён Мүүний байгуулсан Unification church буюу Эв нэгдлийн сүм нь Satanists, Scientlogy Church, The Amish, Jehova’s Witnesses-тай хамт хамгийн харгис таван шашны нэгд багтдаг ажээ. Unification church нь олон оронд хориглогдсон шалтгаанаасаа болоод ч тэрүү маш нууцлагдмал. Шашин ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг ажилладаг нь өөрсдөд нь ч ашигтай байдаг бололтой. Тэд хэзээ ч Эв нэгдлийн сүм гэсэн нэрээрээ ил гардаггүй. Христ, Католик, Мормон, Простестантчууд өөрийн хаяг лого бүхий сүмээ байгуулж, гишүүд нь хувцаслалт, нэрийн хуудас зэргээрээ бусдад шууд танигдахаар хэмжээнд ил тод ажлаа явуулдаг бол Эв нэгдлийнхэн өөрсдийгөө машид нууцалдаг, гишүүд нь бусдад өөрсдийгөө илчлэхгүй байх дүрэмтэй. Уг нь сайн үйл хийгчид бол хэзээ ч нуугдаж, хулгайч мэт аашлахгүй нь тодорхой билээ.
Нуугдаж, нууцалж янз бүрийн төрийн бус байгууллагын нэр лого бодож олж, энхтайван, ариун гэр бүл гэх мэт зүйлээр өөрсдийгөө далдлах нь ашигтай байдаг бололтой. Дэлхий даяар 600 гаруй төрийн бус байгууллагатай эднийхэн Монголд эв нэгдлийн хөдөлгөөн нэрийн дор 18 байгууллага ажилуулж байна. Тухайлбал, Дэлхийн энхтайвны төлөөх Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн энхтайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо, Дэлхийн энх тайвны төлөөх Олон улсын шашин хоорондын Монголын холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй, Залгамжлагч холбоо, Залуучуудын холбоо, МАСТ and МУИС зэргийг дурдаж болно.
Оюутнуудыг өөрсөддөө татаж, гишүүд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготой CARP, арван жилийн сурагчдад хандсан HARP-аас гадна санхүүг нь бүрдүүлэхэд тусладаг хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, бие хамгаалах урлагийн клуб, гоо сайхны газар бий. Ингэж олон салбар хүрээг хамрах нь янз бүрийн тэмдэглэлт ой, баяр ёслол зэрэг арга хэмжээ рүү орж ажиллах давуу талыг тэдэнд олгодог нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч олон янзын нэр, лого ашиглаад өөрсдийгөө юу ч гэж нэрлэсэн Эв нэгдлийн сүмийнх гэдгийг ойлгоход амархан.
Гаж гэдэг үг багадахаар явдлууд
1994 оноос Монголд орж ирсэн энэхүү байгууллагын нэгэн томоохон ажил нь “Адислалын ёслол”. Огт бие биенээ мэдэхгүй олон мянган хүнийг зөвхөн гэрэл зургаар нь гэрлүүлэх явдлыг ингэж нэрлэдэг байна. Ийм гэрлэлтэд оролцсоныхоо төлөө ноён Мүүндээ мөнгө төлдөг ажээ. Гадаад иргэд 2000-20000 ам.доллар төлдөг гэсэн мэдээлэл интернэтэд бий. “Адислалын ёслол”-оор гэрлэсэн хосууд хуримынхаа өдрөөр хоёр биенийхээ бөгсөн дээр хамаг хүчээрээ гурав гурав савааддаг ёстой. Гурван жил сүмээс гадуур бие биетэйгээ уулзахгүй байх, орчин цагт бол гар утсаар ч харилцах ёсгүй гэх мэт этгээд дүрэм мөрддөг. 2005 оны арванхоёрдугаар сард Монголоос 40 гаруй залуус энэ ёслолд оролцохоор Солонгос явсан гэх мэдээлэл бий.
Эв нэгдлийн сүмийнхэн хамгийн идэвхитэй гишүүдээ тахин төрүүлэх ёслол гэгчийг бас үйлддэг. Ой, эсвэл хээр талд, олны нүднээс далд газар аваачаад оршуулж буй мэт газарт булан дахин гаргаж ирэх зэргээр солиотой гэхэд багадмаар заншил олныг үйлддэг байна.
Гол бай нь хүүхэд, хөдөөний залуус
Монголд Эв нэгдлийн сүмийн 2000 орчим идэвхтэй гишүүд бий. Тэд Жинхэнэ эцэг эх(ЖЭЭ) болох Мүүн, түүний эхнэр нарт үнэнч байсныхаа төлөө хойд насандаа жинхэнэ амьдралаар сайхан амьдрахыг хүлээж, дуулгавартай үйлчлэгч байсаар байдаг.
Амьдрал үзээгүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуусыг өөрсдийн хүрээлэлдээ багтаах нь тэдэнд амархан байдаг бололтой. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн залуус, амьдралын боломж тааруухан айлын хүүхдүүд, сэтгэл санааны хувьд тогтворгүй, тухайн цаг үедээ сэтгэл хангалуун бус яваа залуус руу анхаарал хандуулж, хүч бололцоогоо хаядаг байна. Ийм залуусыг гэр бүл, найз нөхдөөс нь салган хайр, ариун гэр бүл, амьдралын утга учрын тухай уран яруу илтгэл, лекцээр уяраан итгэлийг нь олоод дараа нь мүүний сургаалийг номлодог аж. Эцэст нь сүмийн гишүүн болсон залуус гэр орон, эцэг эх, сургууль соёл, найз нөхдөөсөө холдож өөрсдийн сүмийн гишүүдээ нэг гэр бүл хэмээн үзэж үндэслэгч Мүүн түүний эхнэрийг ЖЭЭ-гээ гэж итгэдэг. Нэгэнт сүмийн гишүүд түүний гэр бүл, ах дүү болсон учир гадаад орчны хүмүүс аав ээж, найз нөхөд, төрсөн ах дүү нь хүртэл зарчим сонсоогүй бол сатан буюу буруу явдалтан болдог гэнэ. Тэд үнэн үг, бурханаа ярьж гэрийнхэнээ ятгахаас биш, тэднийхээ үгийг хүлээж авахаа больдог. Хөгжим радио сонсох, телевиз үзэх, сонин унших нь тэдний хувьд хориотой бөгөөд сар бүрийн цалингийнхаа 10 хувийг сүмийн үйл ажиллагаанд зориулж өгөх ёстой.
Сүхбаатарын талбай, Багшийн дээд хавиар явж байхад тань хүүхдүүд янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа, байгууллагын нэр хэлж,үзэг бал, дэвтэр, оймс, гоо сайхны барааг худалдахыг оролдож байгаатай таарч байсан байх. Өрөвдөж хайрлаад ч юм уу, сайн үйл хийж байгааг нь дэмжээд барааг нь худалдаж авсан тохиолдол танд ч надад ч бий. Fundraising гэж нэрлэдэг энэ ажлыг сүмээ санхүүжүүлэхийн тулд барааны захаас эд бараа худалдан авч хүүхдүүдээр үнэ нэмүүлж заруулдаг байна. 10 төгрөгийн аян гээд байгааг ч энд оролцуулаад ойлгочихож болно.
Сүмийн гишүүн хүүхэд, залуус 3-4 жилийн дараа сайн, муугаа ялгаж эхэлдэг ч нэгэнт оройтсон байдаг тухай сүмийн гишүүн асан нэгэн хүн ярилаа. Гэр орон, эцэг эх, найз нөхдөөсөө хэдийнэ харилцаагаа тасалсан тэдэнд сүмээс гарах нь маш хүнд даваа болдог ажээ.
Монголын хүүхэд залуучуудыг ийм замд оролцуулах зорилго агуулсан арга хэмжээ олон бий. Фэнгшүй С. Ганбаатарын “Хөх цэргүүд”-ийн аялал, олон улсын тоймч Б.Дашзэвэг болоод Олон улсын Боловсролын сангийн багш Ц.Цэгмиджав нарын UB паласт уншсан лекц зэргийг дурдаад орхиё. 13 дугаар хороололд байрлалтай Эв нэгдлийн сүмийн салбарууд Дархан, Эрдэнэт, Дорноговь, Дорнод, Ховд салбараа байгуулан өргөжсөөр…
Үндэстний ТОЙМ сэтгүүл
№82 2011 оны 08-р сарын 28