Чамайг онцгой нэгэн хэмээн хайрлаж хүндэтгэх, энгийн сайхан залуутай яагаад огт таардаггүй талаараа гайхдаг уу? Уг нь өөрийг чинь ойлгодог, сайн залуугийн тухай л ярьдаг хэрнээ явж явж муу залуугийн гарт орчихсон явдаг уу? Өөрт чинь л таарах нэгнийг хайж байна гэж өөртөө хэлдэг хэрнээ эцсийн эцэст аль ч талаараа чамд тохирохгүй нэгний дэргэд сууж байдаг уу?
Магадгүй бүх бүсгүйчүүдэд ийм үе байдаг байх. Муу залуугийн хохирогч болох нь тэгтлээ хүсмээр зүйл биш ч гэлээ бүсгүйчүүд биднийг өнгөрсөн алдаанаасаа суралцаж, ахиж дэвшээсэй гэсэн бурханы бас нэгэн хүсэл ч байж болох юм. Гэхдээ сайн залуу биш гэдгийг нь мэдсээр байж яагаад өнөөх л хандлагаа гаргаж, тэд нарт ахин дахин татагдаад байдаг юм бол? Аз болж шинжлэх ухааны дагуу ийм харилцааг тайлбарлаж болох ажээ. Бүсгүйчүүд яагаад муу залууст татагддаг тухай сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан нотолгоог одоо хүргэе.
1. Альфа “новш”-нуудын эр бэлгийн эс илүү хүчирхэг байдаг
Эрчүүдийн хувьд сонголт муутай байгаа чинь чиний буруу огт биш ба генетиктэй холбоотой юм. Эмэгтэйчүүд байгалиасаа эрчүүдийн өөртөө бардсан (арай гоёоор хэлбэл өөртөө итгэлтэй) чанарыг сайн хүн гэдэг тодотголоос дээгүүр авч үздэг. Өөрөөр хэлбэл өнөөх залууг илүү хүчирхэг бэлгийн эстэй гэдгийг бие чинь байгалийнхаа хуулиар мэдрээд түүнийг хүсч байгаагаа оюун санаанд чинь тасралтгүй мэдэгдсээр байдаг. Энэ онолын дагуу эмэгэйчүүд түрэмгий альфа залуутай бэлгийн харьцаанд орсноор байгалийн шалгаралд тэсвэртэй, сайн гентэй ур удам үлдээж чадна гэдгээ мэддэг ажээ. Тэгэхээр бие чинь тэдгээр залуусыг чамд хүчирхэг хүүхэд бий болгож өгч чадна гэдгийг хэлж өгсөөр байгаа цагт чи тэдэнд татагдахаа больж чадахгүй гэсэн үг.
2. Нэг удаа би муу залуутай учраад …
Би үргэлж л муу залуустай таарах юм …
Тэгээд л бид тэдэнд дурласаар, дурласаар…
Бие сэтгэлээр чинь хохироосон хортой харилцаанаас нэг удаа гараад дараагийнхтай нь учирч амжаагүй байхдаа л ахиад л адилхан зүйл чамайг хүлээж байгаа юм шиг санагддаг уу? Ер нь бол хайр дурлалын харилцааны тал дээр бид бүгд муу сурагч юм. Хэчнээн удаа муу залуустай учирч байснаас үл хамааран бид тэдэнд татагдсаар л байдаг. Зүгээр л бид гэнэтхэн болзоонд урьсан ч амжилт олдоггүй сайн залууст өөрсдийнхөө биеийг дуртай болгон өөрчилж чаддаггүй гэсэн үг. Английн Хартбюри коллежийн судлаачид 18-24 насны 146 эмэгтэйг судлагаандаа хамруулсан ба үр дүнд нь бүсгүйчүүд хайр дурлалын харицлааны тал дээр туршлагатай байх тусмаа өөртөө хэт итгэлтэй, биеэ тоосон залууст татагддаг гэдгийг тогтоожээ. Тэгэхээр чи хэчнээн олон удаа шархална төдий чинээ тэр гал руу гараа дүрсээр байдаг гэсэн үг.
3. Бүсгүйчүүд нам тайван ярианаас илүү халуухан сексийг хүсдэг
Тэдгээр түрэмгий, догшин, халуухан залууст нэг л гайхалтай зүйл байдаг нь өөрөө л хүсвэл юуг ч үл хамааран бүсгүйгээ ширээн дээр гаргаж байгаад эзэмдэж чаддаг юм. Тэгээд энэ чанар нь бүсгүйчүүдийн хувьд “сэтгэлээрээ” залуусаас үргэлж дээгүүрт тавигддаг. Ийм зүйлтэй учирч байгаагүй бүсгүйчүүдийн хувьд утгагүй санагдаж мэдэх ч энэ үнэн болохоор хүндээр хүлээж авахгүй байхыг хүсье. Судлаачдын үзэж байгаагаар бүсгүй хэдий өөрт халгаагүй ,сайн залуутай болзож, өөрт нь тэр залуу таалагдаж байсан ч сексийн талбар дээр ирэхээрээ муу залууст байрыг нь бэлдчихсэн л байж байдаг гэнэ. Тэгэхээр бид оюун санаагаараа сайн залуусыг илүү дээрд авч үздэг хэрнээ бидэнд захирагдахгүй, булчинлаг муу залуус руу тэмүүлсээр л байдаг аж. Магадгүй чи үүнийгээ мэдээгүй яваа бол нэг талаар сайн хэрэг.
4. Бүсгүй түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн нь байхаар хичээж эхэлнэ
Бид дурласан муу залуугаа “Ийм хүн биш. Сэтгэлийнх нь гүнд ямар нэг сайхан чанар байж л байгаа” гэдэгт үргэлж итгэхийг хүсдэг. Тэгээд өөрт нь төгс тохирох цор ганц бүсгүйг олоод авчих л юм бол тэр өөрчлөгдөнө гэж найддаг болохоор тэр бүсгүй нь болохоор хичээнэ. Энэ үнэн л дээ. Нэг удаа чамайг хуурлаа гээд тэр үргэлж хуурамч хүн байсан гэсэн үг биш. Үүнийг Гэрлэлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйч эмч Эмили Бийрли тайлбарлахдаа “Муу залуус өөрчлөгдөхийг, хайр дурлалын харилцаагаа нандин, тогтвортой байлгахыг бусдын л адил хүсдэг. Гэхдээ тэдэнд шалтгаан хэрэгтэй. Харин бүсгүйчүүд бид өөрсдийгөө тэр шалтгаан нь байж чадна гэж итгэдэг ч гол асуудал нь үнэндээ тийм байддаггүйд оршиж байгаа юм. Огт боломжгүй гэсэн үг биш ч тийм тохиолдол тун ховор байдаг” гэжээ. Тэгэхээр удаан давтагдсан зуршил эвдэгдэхэд хэцүү байдагчлан, чи энэ удаад өөр байх болно гэж итгэхийг хүссэн ч өнөөх л хандлагаа өөрчлөөгүй тохиолдолд харилцаа чинь хэцүү хэвээр байсаар л байх болно.
5. Нийтлэг ойлголтыг (нийгмийн бичигдээгүй хууль) эсэргүүцэгчид бол дэлхийн хамгийн халуухан хүмүүс юм
Бүх муу залуус нийтлэг ойлголтын эсрэг байдаггүй ч бүхий л ийм төрлийн залуус муу байдаг. “Яагаад заавал тийм байх ёстой юм?” гэдэг үг бараг бүх зүйл дээр тэдний амны уншлага, удирдлага болсон байна. Үүндээ ч итгэлтэй байх ба дээр нь нэмээд гайхалтай сексийн чадвартай. Тэд сэтгэл болоод дурыг хамтад нь булаагсад юм. Үүнийг нь мэдэрсэн бүсгүй хүн түүнийг тун онцгой, гайхалтай хүн мэтээр хүлээн авна. Ингээд бүсгүйчүүдийг бүхлээр нь эзэмдчихдэг ч үргэлж тэр дүрээрээ байдаггүй. Муу залуус чиний сэтгэл хөдлөлийг тултал нь савлуулж чадна. Бас өөрийнхөө төлөө л бүхнийг хийж байгаа хэрнээ чамайг бүхнийг удирдаж байгаа мэтээр өөрт чинь итгүүлж чаддаг. Харамсалтай нь бүсгүйчүүдийн хувьд оройтохоосоо өмнө жинхэнэ нөхцөл байдлыг олж харах хэцүү болохоор муу залуугийн бага багаар ороосон утсанд нэг мэдэхнээ чанга гэгч нь бөхлөгдчихдөг. Хэрвээ яг одоо чиний мэдэрч байгаа аз жаргал итгэхэд тун бэрх, үнэн гэж хэлэхэд хэтэрхий зүүд шиг санагдаж байвал муу залуугийн тавьсан урхинд орчихоод явж байж мэдэх юм шүү.
6. Бид авч чадахгүй зүйлээ л амь тавин хүсдэг
Бүсгүй хүмүүс гэмтсэн, шархалсан биет рүү байнга татагдаж байдаг нь байгалийн хууль. Хайр бол бидний хувьд гол зүйл бөгөөд ертөнцийг зөөллөх гэж төрсөн сайхан чанар маань заримдаа буруу зүйл рүү хөтөлчихдөг гэсэн үг. Бид төрөлхийн сувилагч, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч шинжтэй бөгөөд болохгүй байгаа зүйлсийг засч залруулан халамжлахыг хүсдэг. Гэвч харамсалтай нь сайжрахыг хүсэхгүй байгаа хүнийг хэн ч сайжруулж чадахгүй шүү дээ. Энэ л гол асуудал. Харин үүнийг залруулахын тулд бүсгүй хэчнээн шархалсан ч бай бүхнийг орхиж чадвал тэд ч цааш алхаж чадах юм. Эцэст нь нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Барьж тогтооход хэцүү залуутай учирсан ч түүнтэй болзох бүртээ дурлах шаардлагагүй юм. Бүсгүй хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт өөрийг нь төгс хайрлах эр хүнтэй заавал учирдаг. Эцсийн эцэст чи чинь өөрийнхөө мөрөөдлийн нэгэнтэй учрах хувь заяатай гайхалтай сайхан, ухаалаг бүсгүй шүү дээ. Дээр муу залуусыг тодорхойлох шинж чанаруудыг дурдсан байгаа болохоор чамтай тун ойр таарсан ч зайгаа барьж чадна, тийм үү? Харин тэр муу залуу үнэхээр чамд дурласан бөгөөд чи түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн нь мөн бол чиний оролцоогүйгээр өөрөө өөрчлөгдөөд хүрээд ирэх болно. Итгээрэй!