Мөрөөдөл биелдэг юм. 14-хөн настай София Мечетнер гэдэг сурагч охин дэлхийн алдартай загварын ордон “Christian Dior”-н супер модель болжээ.
Загварын ертөнц түүнийг шинэ Кейт Мосс хэмээн нэрлэж байна. София охины анхны гэрээ нь 250 мянган доллар гээд төсөөл дөө.
Одоо охины ээж цэвэрлэгчийн ажлаа хаяж, тэднийхэн гэр бүлээрээ хөлсний байрнаасаа асар том байшинд нүүн очжээ.
“Гал тогооны сайхан өрөөтэй, цэвэр ваннтай” хэмээн София охин онцлов.
Хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай супер модель болсон София охины эцэг, эх нь Оросоос Израильд нүүж очсон юм байна. Гэвч тэд удалгүй салж, ээж нь 3 хүүхэдтэйгээ үлджээ.
София охины өндөр 180 см. Дээр нь шаргал үс, цэнхэр нүд, гэрэлтэх мэт нимгэн арьсыг нэм. София охиныг гудамжинд явахад хүмүүс дөхөж очоод “Сагсан бөмбөгчин үү? Загвар өмсөгч үү?” гэж асууж эхлэхэд л тэр модель болох талаар бодож эхэлсэн гэдэг.
Ингээд тэр ээждээ хэлэхэд шууд л зөвшөөрч загварын агентлаг сонгоход нь тусалжээ. Уг нь том охин нь гэрийн ажилд тусалж, дүү нараа сургуулиас аван хоол ундаа хийх гээд их ажил амжуулдаг байв. Яагаад гэвэл, Софиягийн ээж цэвэрлэгч хийхийн зэрэгцээ оёх, хөгшдийг асрах гээд давхар ажил хийж амьдралаа арай гэж залгуулж байлаа. Тэр бүү хэл ээж нь захиалга ихтэй үед София хамт ажиллах үе ч цөөнгүй. Гэвч ээж нь охиныхоо ирээдүйг бодоод загварын агентлаг руу түүнийг явуулжээ.
Тэд Израилийн Хохлон хотод байр хөлсөлж амьдардаг байсан. Зочны өрөөндөө ээж нь унтдаг, дүү нар унтлагын өрөөндөө давхар орон дээр, харин София өөрөө хугархай хөлтэй явган орон дээр. “Би энэ орон дээрээ багтдаггүй. Тэгээд ч би найз нөхөд, ангийнхнаа гэртээ авч ирэхээс ичдэг байсан. Гэхдээ бид энэ бүхэн өөрчлөгдөнө гэж мэдэж байсан юм” хэмээн Софи сэтгүүлч нарт ярилаа.
“Jean Paul Gaultier, “Yves Saint Loran” зэрэг алдартай загварын ордны стилист Микки Мамон “Би түүнийг хармагцаа л шоконд орсон. Том хүнийх шиг харц, дотоод амар амгалан, бас стрессийг даван туулах ер бусын чадвар нь гайхалтай. София асар их потенциалтай гэдгийг би шууд л ойлгосон” хэмээн өгүүлэв. Чухам Мамон охиныг анх Францын “Viva” загварын агентлагт сурталчилж өгчээ.
Тодруулбал, “Roberto” агентлаг анх София охиныг Израилиас Парист дагуулан очсон юм байна. “Viva” агентлаг гэтэл София охиныг хэтэрхий залуу гээд татгалзсан хариу өгчээ. Ингээд София гэртээ харихын өмнө өөрийг нь дагуулж очсон хатагтай Рамоны хамт Парис хотоор зугаалахаар шийджээ. 2 хоногийн дараа тэд буцах байв.
Гэтэл тэднийг “Christian Dior”-ын фирменный дэлгүүрт явж байхад Раф Симонс тааралджээ. Тэр бол домогт дизайнер бөгөөд “Christian Dior”-ын нэг захирал. София энэ алдартай хүнийг яаж танихав, хажуугаар нь өнгөрчээ. Харин загварын ертөнцийн төлөөлөгчийн хувьд Рамон хатагтай домогт Раф Симонсыг шууд таниад хамтдаа зургаа авахуулахыг гуйв.
Ингээд хамтдаа зургаа авахуулж байх хооронд хатагтай Рамон мэдээж София охины тухай ярьж өгчээ. Раф Симонс хэдэн асуулт тавиад тэднээс салж явахад София тэр хоёр “Ямар эелдэг хүн бэ?” хэмээн ярилцаад дэлгүүрээс гарлаа.
Гэтэл Раф Симонс шууд л Францын “Viva” агентлагтай утсаар ярьж улмаар София Мечетнертэй гэрээ байгуул хэмээжээ. Тэгэхдээ жирийн нэг загвар өмсөгч биш харин супер моделийн хувьд. Энэ талаар юу ч мэдээгүй София буцаад Израильд иржээ. Гэтэл 2 долоо хоногийн дараа “Viva” утастаж, “София охинтой Диор агентлаг хэд хэдэн гэрээ байгуулахаар болсон. Өмнө нь ийм юм болж байсныг огт санахгүй байна. Бид Софияг өөрийн өгөгдлийн санд оруулаагүй ч одоохон багтаана” хэмээжээ. Хамгийн эхний гэрээ нь 250 мянган долларынх шүү.
Ингээд София охины од гийж, тэрбээр дөнгөж сая долдугаар сард Парис хотод “Haute-Couture. Намар-Өвлийн үзүүлбэр 2015-2016”-г нээлээ. София “Загвар өмсөх нь хичээл сургуульд л саад болохгүй байгаасай гэж бодож байна. Миний хувьд цааш суралцах боломж их чухал. Бас мэдээжийн хэрэг ээж маань хуучин шигээ хүнд ажил хийхээ больсон нь маш чухал” хэмээжээ.
Одоо София охиныг Израилийн Кейт Мосс хэмээн шуугиж байна. Кейт ч гэсэн анх 14-тэйдээ загварын гэрээ байгуулж байсан билээ.
София охины талаар дэлхий даяар шуугиж, алдартай олон загварын ордон түүнд уралдан санал тавьж эхэлжээ. Харин София алдарт Диортой байгуулсан гэрээндээ сэтгэл хангалуун байгаа тул ажлын өөр саналуудыг хүлээж авахгүй хэмээн шийдсэн байна. Ёстой орчин үеийн Үнсгэлжингийн үлгэр байгаа биз?
Эх сурвалж: mnews.mn