Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ

2jjjjГайхамшиг байдаг аж. Интернэтэд тавигдсан ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх боломжтой тухай та бодож байсан уу? Үлгэрт эсвэл кинон дээр л тийм юм гардаг даа. Тэгвэл яг ийм тохиолдол болжээ.

Бяцхан хүү дэлгүүрийн үзмэрийн цонхны гэрэлд хичээлээ хийж сууна. Энэ хүүд өчигдөр юу ч байгаагүй. Сурах хүслээс өөр юу ч үгүй жаал хүүгийн амьдрал өнөөдөр шидэт дохиураар дохисон мэт эрс өөрчлөгджээ.

Хүү эхтэйгээ хамт гудамжинд амьдардаг аж. Гэвч тэр ийм нөхцөлд ч үргэлжлүүлэн сургуульдаа сурсаар, гэрийн даалгавраа нямбай хийсээр байлаа. Хүүгийн тэсвэр тэвчээр, хатуужил, зорилгодоо хүрэх хатан зориг интернэт хэрэглэгчдийг гайхан бишрүүлжээ.

Түүний зургийг оюутан Жойс Гилос Торрефранка 6-р сарын 23-нд авчээ. Филиппиний Мандауэ хот дахь Макдоналдсын үзмэрийн цонхны гэрэлд сууж хичээлээ хийж байгаа хүү түүнийг үнэхээр гайхашруулжээ.

Бяцхан хүү шууд цардмал зам дээр суун гэрээсээ авч ирсэн сандал дээрээ дэвтрээ тавин хичээлээ давтаж суугааг та бүхэн харж байна. Бүсгүй энэ зургаа “Facebook” дэх өөрийн хуудсандаа нийтэлжээ. Энэ зураг хоромхон зуур Филиппин төдийгүй дэлхий даяар түгэн тарж, бөөн шуугиан тарьсаар байна. Олон хүн бяцхан хүүд туслахаар гараа сунгаж, өөрсдийн мөнгө төгрөгөө хандивласаар л.

Энэ хүүг Даниэль Кабрера гэдэг, тэр 9 настай. Эцэг нь 2 жилийн өмнө нас баржээ. Энэ гэр бүл Даниэлиэс гадна хэдэн хүүхэдтэй юм байна. Тэд ээжийнхээ хамт хүнсний ТҮЦ-д хоног төөрүүлдэг эсвэл шууд гудамжинд унтдаг, яагаад гэвэл тэдний гэр шатчихсан. Дэниэлийн ээж Кристина дэлгүүрт ажиллаж, өдөрт 2 долларын цалин авдаг, хажуугаар нь бас айл цэвэрлэх зэргээр давхар ажил хийдэг юм байна. “Сургуулийн үдийн цайнд орох мөнгө байхгүй ч хүү маань мэрийн суралцаж, гэрийн даалгавраа их нямбай хийдэг” гэж ээж нь ярилаа.

Гэвч Даниэль сэтгэл санаагаар унасангүй, амьдралд хөлөө олох дэврүүн хүсэл эрмэлзлэлтэйгээр хичээл сургуульдаа чармайсаар явааг оюутан бүсгүй ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгасан аж.

Филиппиний Засгийн газар шууд л Даниэль хүүд сургалтын тэтгэмж олгосон бол орон нутгийн нийгмийн халамжийн газрынхан хүүгийн гэр бүлд хүнсний тусламж цуглууллаа. Мөн нутгийн цагдаагийн газар жаал хүүгийн гэр бүлд мөнгө, хүнс бэлэглэжээ.

Ивээн тэтгэгчид түүнээс гадна Даниэлийн ээжид капитал өгч, хувийн бизнес хийх боломж олгосон байна. Маш их хэмжээний хандив цугларсан тул Даниэль хүүгийн эх өөр шигээ хэдэн гэр бүлд туслахаар шийджээ.

Алдар цуутай болсон хүүгээс орон нутгийн радио ярилцлага авахад “Би ядуурлаас гарч цагдаа болохыг мөрөөддөг” хэмээн Даниэль хүү ярилаа.

Оюутан Жойс “Ганцхан зураг хүний амьдралыг эрс өөрчлөх боломжтой гэж өмнө нь би хэзээ ч бодож байгаагүй. Тусалсан бүх хүмүүст баярлалаа. Интернэтэд энэ мэдээллийг түгээсэн хүмүүст ч гэсэн. Та нарын ачаар бид Даниэль хүүд тусалж мөрөөдлийг нь биелүүллээ. Энэ гайхалтай түүх үүгээр дуусахгүй, агуу алхам бүтээх урам зоригийг улам олон хүнд бэлэглэнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: mnews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …