Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар төлнө. Тухайн бараа, үйлчилгээг хотын аль хэсэгт борлуулж байгаагаас хамаарч, татварын хэмжээг 0-1 хувийн хооронд байлгах бөгөөд энэ хувь хэмжээг НИТХ баталж байхаар хуульчилсан. Тэгэхээр хэрэглэгч та архи, тамхи борлуулж байгаа дэлгүүрийн үнийн дүн дээр нэг хүртэлх хувийн татвар нэмж төлнө гэсэн үг.
Татварыг нэмлээ гээд нийслэлчүүд архи, тамхинаас татгалзах нь юу л бол. Иймээс таны хэтэвч нэг хувиар нимгэрнэ гэж ойлгоход буруудахгүй. Уг нь эдийн засгийн байдал хүнд өнөөгийн нөхцөлд “Татвар нэмэхгүй” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдэж байсан ч нийслэлчүүдийн төлдөг татварын тоо нэгээр нэмэгдлээ. Ингэхэд энэ хуулийн зорилго нь юу юм бэ. Хэрвээ архи, тамхины хэрэглээг хумья гэвэл татварын хувь хэмжээг дорвитойхон нэммээр санагдана. Гэтэл ийм хэмжээний татвар архи, тамхины хэрэглээг хазаарлах нь юу л бол. Монголчууд хэдэн мянгаараа ажиллаж, амьдардаг Өмнөд Солонгос улс саяхан бүх төрлийн тамхиныхаа үнийг хоёр дахин нэмсэн гэнэ лээ. Энэ мэт шийдвэр хэрэглээг бууруулж болох л юм. Тэгэхээр нийслэлийн татвар үүнд чиглээгүй нь илхэн. Эсвэл тохь тухтайхан газар орж суухыг эсэргүүцээд байна уу. Уг нь тухайн орны хөгжлийг иргэд нь гадуур хэр их хооллож байгаагаар дүгнэдэг үнэлэмж байдаг. Гэтэл хоногийн хоолоо яая гэж байгаа нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь ресторанаар үйлчлүүлдэг юм бол. Лав өндөр үзүүлэлт гарахгүй болов уу. Ийм нөхцөлд амралтын газар, ресторанаас татвар авах нь хэр оновчтой юм бэ. Харин ч хөдөөжсөн нийслэлийнхнийг хотын соёлд сургахын тулд ресторанд орж хооллохыг урамшуулан дэмжмээр юм. Баар, зочид буудал нь өнгөрч гэж бодоход. Гэхдээ л хүн байгаа цагт баар, зочид буудлын хэрэгцээ байж л таарна. Ингээд бодохоор нийслэлийн татвар гэдэг цагаа олоогүй шийдвэр боллоо гэдэгтэй санал нийлэх олон хүн байх болов уу. Нийслэл татвар авах эрхтэй, хураасан орлого нь орон нутагтаа орох хууль ч бий. Дэлхийн бусад улсад ч энэ төрлийн татвар байдаг. Гэхдээ Монгол Улсад хэрэглэхэд бэлэн үү гэдэг асуулт тавимаар байна. “Нэг хувийн татвар авлаа гээд архи, тамхины үнэ нэмэгдэхгүй, иргэдэд ямар нэгэн дарамт болохгүй” гэж хотын дарга Э.Бат-Үүл “гөжүүдэлж” буй. Тэрбээр энэ хуулийг Монгол Улс руу далайн түрлэг мэт орж ирэх жуулчдын орлогоос хөрөнгө төвлөрүүлнэ гэдэггэнэнмөрөөдөлд тулгуурлан тооцсон тухайгаа УИХ- ын чуулган дээр хэлж байсан. Үнэндээ хотын даргын тооцоолсон хоёр сая жуулчин ирээд зочид буудал, баар, рестораныг дүүргэх нь хэзээ ч юм. Эхлээд аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, ирсэн хүнийг сэтгэл хангалуун буцаадаг болсны дараа авах юмаа тооцдог болбол сайнсан. Түүнээс ус үзээгүй хормой шуухын үлгэрээр ирээгүй жуулчнаас татвар авахаар оролдохоо түр азнасан нь дээр айв. Хуулийг нэгэнт баталсан. Хэрэгжүүлж эхлэх л байх. Нийслэл энэ татвараас жилд 10 тэрбум төгрөг төсөвтөө төвлөрүүлэхээр тооцоолжээ. Гэхдээ энэ татварыг дэлгүүр, аж ахуйн нэгж төлөхгүй. Эцсийн хэрэглэгч, худалдан авагч үнийн дүн дээр нэмж төлнө. Компаниуд зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчээс авсан татварыг татварын байгууллагад дамжуулна гэсэн үг. Гэхдээ энэхүү дундын зуучлагч нар, хэрэглэгчдээс авсан татварын мөнгийг бүрэн дамжуулж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ. Баянхошуунд тамхи, архи борлуулдаг найман нэрийн дэлгүүрт Шилэн дансны тухай хууль үйлчлэхгүй. Тэд дансаа шилэн байлгах ч албагүй. Тиймээс 100 хайрцаг тамхи борлуулснаа 50 болгон бууруулж тайлагнахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр эцсийн бүлэгт, таны ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ гэдэг сайхан үгээр өдрийн хоолоо олж ядаж яваа иргэдээсээ авсан мөнгөөр хэдэн дэлгүүр, компанийг тэтгээд дуусах юм биш байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэглэгчээс НӨАТ нэрээр авсан арван хувийн татвар ийм замаар явсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Эцэст нь хэлэхэд, алдаанаасаа суралцсан л гэж найдахаас өөр зам хэрэглэгчдэд үлдсэнгүй. Татварын орлогоо бүрэн цуглуулж, иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулаасай гэж хүлээе. Өвөл нь утаанбаатар, зун нь усанбаатарт амьдрах хүсэл алга. Нийслэл хотын албан татварын талаар нийслэлийн Татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Б.Оюунбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Зарим хүн Нийслэл хотын татварыг Улаанбаатарт амьдран суусны төлөө төлөх юм шиг ойлголттой байгаа юм. Та энэ татварын агуулгыг тайлбарлаж өгнө үү?
-Нийслэлд оршин сууж байгаа иргэд төлнө гэсэн үг биш юм. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр архи, тамхи борлуулсан тохиолдолд татвар авна. Мөн зочид буудал, амралтын газар, баар, ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд татвар төлөхөөр байгаа. Одоогоор нийслэлийн Засаг дарга болон Татварын ерөнхий газрын даргын хамтарсан тушаал гарсан. Тушаалд Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилсон. Шинэ хууль гарсантай холбоотой мөрдөх журам, аргачлал шинээр гаргах юм.
-Журмыг хэзээ гаргах вэ?
-Хууль гарсантай холбоотой татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, татварын орлого хүлээн авах зэрэг журмыг боловсруулсан. Хамтарсан ажлын хэсэг тус журамд санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Татварыг хэрхэн төлөх, ногдуулах, тайлагнах аргачлалыг ч шинээр гаргасан. Албан татвар суутгагчийг мөн бүртгэх, бүртгэлээс хасах аргачлал гаргаж Сангийн яам, нийслэлийн Захирагчийн ажлын албанд явуулсан. Мөн татварын хувь хэмжээг 0-1 байна гэж хуульд тусгасан. Тиймээс татварын хувь хэмжээ тогтоох саналыг ч явуулсан. Үүнээс гадна ямар программ хангамж ашиглах вэ гэдгийг судалж байна.
-Татвартай холбоотойгоор барааны үнэ нэмэгдэх үү?
-Үнэ нэмэгдэхгүй. Хэрэглэгч барааны үнэ дээр нэмж татвар төлнө. Энэ татварыг хэрэглэгч төлөх юм. Үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж татварыг сар бүр тушаана. Харин тайлангаа улиралд нэг удаа гаргаж өгнө гэсэн үг. -Тухайн компани татварыг бүрэн төлж байгаа эсэхийг яаж хянах вэ? -Хуулийг хэрэгжүүлэх явцад хяналт тавина. Ямар компани, аль чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг бүртгэсэн байгаа. Хороо хариуцсан байцаагч аж ахуйн нэгж бүртээ хүрч шалгаж, татвараа хэрхэн тайлагнаж байгаад хяналт тавина. Аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нар ч мөн шинээр гаргах маягтын дагуу тайлан авна.
-Мэргэжлийн хүмүүс, амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй хууль боллоо гэж дүгнэж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Бид хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Тиймээс хэрэг- жүүлэхийн төлөө ажиллана. Хууль хэрэгжиж эхлэхэд ямар ч хүндрэл бэрхшээл гарч болно. Бүх үйлчилгээний газрыг кассын машинтай болгохоос авахуулаад нэмж нэг хувийн татвар гэж гарч ирэх үү гэх мэтээр зохицуулах ажил их байна.