Шувуу хүнд баярлаж талархсанаа илэрхийлэх тохиолдол төдийлэн байдаггүй хэдий ч АНУ-ын Сиэтл хотод оршин суудаг 8 настай Габи Манн охинд энэ хувь тохиожээ. Энэ түүх санамсаргүй эхэлсэн байна. Габи охин машинаас буухдаа идэж байсан ууттай самараа унагаад асгачихжээ. Ойролцоо байсан хэрээнүүд тэр даруй самарыг зооглож орхисон төдийгүй дахиж олдох найдлага тавин эргэлдээд л байв… Маргааш нь өнөөх хэрээнүүд мөн л тэднийг хооллох нь гэж түүнийг хүлээж байгаа юм шиг охинд санагджээ…. Габи ч сургууль руугаа авч явдаг үдийн хоолноосоо илүүчлэн хэрээнүүдийг байнга хооллох болов. Энэ байдлыг ажиглаж мэдсэн охины ээж өөрийнхөө хашаан дотроо хэрээг тэжээхийг зөвшөөрчээ.
Охин ч баярлан өглөө бүр эрт босон хэрээнд зориулан тусгайлан хийсэн тавцан дээр самар болон усны савыг цэнгэг усаар дүүргэн тавих болсон аж. Хэрээнүүд зоог барьсны дараа тавцан дээр гялалзсан зүйлс (бөгж, ээмэг, өнгө өнгийн шилний хэлтэрхий, эрэг, боолт, бөмбөлөг гээд олон төрлийн) үлдэх болж …Нэгэн удаа “Шилдэг” гэсэн бичээстэй төмрийн хэлтэрхийг ч охинд зориулан авчирч тавьсан байв….
Габи Манн эхлээд гайхсан ч хэрээнүүдийн өгсөн “бэлэг” бүрийг нэг бүрчлэн нямбайлан хайрцагт уутлан савлаж өдөр сарыг бичин хадгалдаг болжээ… Энэ цуглуулга нь охинд юугаар ч солишгүй дурсгал бөгөөд бэлэг бүр өөр өөрийн онцлогтой төдийгүй түүх дурсамж агуулдаг байна…
Цуглуулгын хамгийн гайхалтай түүхтэй зүйл нь зургийн аппаратын таг ажээ. Энэ нь охины ээж хэдэн өдрийн өмнө зураг авч байгаад гээсэн тагийг хэрээ эзэнд нь олж авчирч өгсөн юмсанж.
Харин Габигийн хамгийн хайртай “бэлэг” нь сувдан өнгөтэй зүрх бөгөөд “ Энэ бол тэд надад хичнээн их хайртайг харуулж байгаа юм” хэмээн охин инээмсэглэн өгүүлжээ….
Аливаа нэгэн чин сэтгэлийн тус дэм эргээд эзэндээ сэтгэл дүүргэх сайхан бүхнийг бэлэглэдэг….