Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” тохиодог билээ. Энэхүү өдрийг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” сэдвийн дор зохион байгуулж, өнөөдөр салбар дундын хэлэлцүүлэг уулзалт боллоо.
Уг уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар нээсэн юм.
Монгол Улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болтолоо буурчээ.
Ийнхүү буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна.
Тэгвэл ажил эрхэлдэг хөхүүл эхчүүдийг ажил олгогч нарын зүгээс дэмжихийг энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн үеэр уриаллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хуулиар хөдөлмөр эрхэлж буй бүх эх болон ганц бие эцэг хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй бол хоёр цагийн завсарлага авах эрхтэй бөгөөд үүнийг ажилласан цагт оруулан тооцох ёстой байдаг.
Энэ хуулийн заалтыг ажил олгогч нар төдийгүй эхчүүд өөрсдөө ч сайн мэддэггүйгээс болж хуулиар олгогдсон эрхээ эдлэхгүй байх нь олонтаа байдаг.
Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд хамтран “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжичгээе” хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Ингэхдээ ажил олгогч нарт уриалга илгээж, мөн эхэд ээлтэй ажлын байрыг бий болгосон компани, албан байгууллагуудын сайн туршлагыг хуваалцсан юм.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, эхэд ээлтэй ажлын байр бий болгоход ажил олгогчдын зүгээс дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
•Эхчүүдэд жирэмсний болон амаржсаны 4 сарын цалинтай амралт олгох
•Ажил эрхлэгч эхчүүдэд өдөр бүр хүүхдээ хөхүүлэх доод тал нь 1 буюу түүнээс дээш цагийн цалинтай чөлөө олгох
•Амаржсаны чөлөөнөөс эхийг ирэхэд ажлын байрыг баталгаатай байлгах
•Ажлын байрандаа эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ саах, хадгалах аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, орчинг бий болгох
•Жирэмсэн ба нялх хүүхэдтэй эхчүүдэд ажил хөдөлмөр болон хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг хослуулах талаар дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах
•Боломжтой бол ажилчдын хүүхдэд зориулсан цэцэрлэг ясли бий болгох юм.
Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ.
Тухайлбал:
•Эхчүүд, хүүхэд багачууд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна.
•Гэр бүлд эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт байж, бие тэнхэрч, ажлын байр, цалин орлогын баталгаат байдал, эрүүл мэндийн дэмжлэгээр хангагдана.
•Эцэг ба эрэгтэйчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх болон нялх хүүхдээ асрахаар ажлаас чөлөө авах тэгш байдал хангагдана.
•Ажил олгогчид:
-ажлаас чөлөө авалт буурна. Эхийн сүүгээр хооллож байгаа нярай хүүхдүүд өвчлөх нь бага байдаг тул, хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ажлаас чөлөө авах түвшин буурна.
-хүн нөөцийн тогтвортой, үнэнч байдал: Эмэгтэй ажиллагчдын хүүхдээ эхийн сүүгээр хооллох нөхцлийг хангасан ажлын байранд эмэгтэйчүүд ажлаас гарах тохиолдол бага байдаг тул, ажил олгогчдын ажилчид сонгон шалгаруулах, сургах зардлыг хэмнэх ач тустай.
•Улс орон нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна: “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгө оруулалт ба өгөөж 1:3 харьцаатай”.
•Нийгэмд эмэгтэй ажиллах хүчин болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм улам хүмүүнлэг болж, хүмүүн капитал, материаллаг баялаг, нийгмийн аж байдал сайжирна гэж үзэж байгаа юм.