Өнөөгийн улс төрчид наадмаас наадам хэсэн “гоёдог” болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Иргэдээсээ тасарсан гоё ганган дээл өмсөж, эхнэр хүүхдээ дагуулан наадмаас наадам хэсэж яваа улс төрчдийг бид бишгүй л харсан. Тэгвэл сонгууль ойртох тусам хутагт хувилгаад, лам гэгээнтнийг “түшиж”, тэднээс салахаа больсон улс төрчид олширч эхлэжээ. Ийм нэг жишээ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд болжээ.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж сүүлдээ ярих юмтай үлдсэн мэдээ гэвэл тус сумын уугуул гэгдэх УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг магтсан эсвэл матсан хүмүүсийн яриа хачирлаж байв.
Магтах шалтгаан гэвэл үе үе нутаг руугаа шогшиж Зая гэгээнтэнийг дагуулан очиж оноо цуглуулж байгаа эрхэм гишүүн маань Сонгинохайрхан дүүрэг дэхь намаа хоёр хувааснаас болж үүссэн хэрүүл маргаан он дамжин үргэлжилж улмаар МАХН-ынх нь дэд даргын албан тушаалаас түүнийг чөлөөлөх “хүсэлтэн” олон болсон тул тойргоо орхихоос өөр сонголт Д.Тэрбишдагвад үгүй болжээ. Учир иймд тэрээр төрөлх Архангай аймаг руугаа “шогших” болжээ. Аргатай зальтай овсгоотой гэгддэг мань эр айл бүрт хаш аяга тарааж яваа сураг чих дэлссэн. Тэгээд болоогүй МАН-аас УИХ-д нэр дэвших санаатай байгаа хариу хүлээж байна хэмээн МАН-ын зарим идэвхтэй нөлөөтэй гишүүдэд “уушиг нээгээд амжсан” гэнэ. Д.Тэрбишдагва дарга ийнхүү төрөлх нутгийнхаа ойн арга хэмжээнд чамгүй гар сунгаж, наадмын цэнгэлдэх хүрээлэнг нь тохижуулахаар болжээ. Гэтэл нутгийн нөхөд санаагаар нь хөдөлж өгсөнгүй бололтой. Наадам болох гээд байдаг хамаг ажил нь зуун задгай жаран хагархай. Уур нь хүрч уушиг нь багтарсан эрхэм гишүүн сумын Засаг дарга Л.Гансүхийг шөнө дундад яаралтай дуудан ирүүлж савж унатал нь шанаадаж унагасан гэсэн яриа өвсөнд гал авалцахтай зэрэгцэн наадмын хуушуурын хачир болон амнаас ам дамжин яригдаж байна.
Нутгаа гэсэн сэтгэл хэн хүнд байлгүй л яахав, гэхдээ үе үе уураа барьж чадалгүй болчимгүй зан гарган, түүнийгээ нууж чадалгүй хүнд гар хүрдэг нь гэм биш зан болсон Д.Тэрбишдагва даргын хувьд өмнө нь нэг удаа авгайдаа гар хүрч мэс далайсан гээд хэвлэлээр шуугиулаад авсан мань эр зодоонтой золгууттай маргаан нь Архангайн ойн баяр наадмын гол сонин болон яригдаж байна.
Тойргоо сольсон гишүүд дахин сонгогдсон түүх ховор гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн эрх биш нэг тооцоолоо болов уу. Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүрэгт биш, Архангай аймагт “хүч үзэх” бололтой.
А.Гал