Бүх оронд бүх улс үндэстэнд өөрийн гэсэн ёс заншил хэв маяг бий. Тэдгээрийн дотор сайнтай муутай янз бүрийн ёс заншил олон байдаг билээ. Бид өнөөдөр та бүхэндээ эдгээр ёс заншил дундаас хамгийн гаж гэмээр 6 ёс заншилийг нэрлэн хүргэж байна.
1. Хүний зүрхэнд хүч нь оршдог хэмээн итгэгчид
Африкийн баруун хэсэгт Леопард хэмээх нэртэй хүний мах иддэг омог байдаг байна. Хүний зүрхэнд хүч нь оршдог хэмээн үзэж зүрхийг нь иддэг гэнэ.
2. Энэтхэгийн Акхори хэмээх нэртэй шашны бүлэглэл
Энэтхэгийн Акхори хэмээх шашны бүлэглэлийн хүмүүс үхэхдээ өөрийгөө идүүлэхийг өөрийн хүсэлтээр гэрээсэлдэг байна. Махыг нь идээд ясаар нь гоёл чимэглэл хийж зүүж талийгаачаа дурсаж явдаг юм байна. Хэвлэлийнхэний олсон баримтаар 2005 онд Ганга мөрөнд урсаж байсан талийгаачийг идсэн нь нотлогдсон аж. Хүний мах идэх нь залуужуулдаг гэж үздэг байна.
3. Хуруу тайрах
Индонезийн Дани омгийнхоноос гэр бүлийн хэн нэг гишүүн нас барвал эмэгтэйчүүдэд нь сэтгэлзүйн болоод бие махбодын асар их шаналал ирдэг байна. Садан төрлийн хүн нь нас эцэслэхэд Дани омгийн эмэгтэйчүүд уй гашуудлын илэрхийлэл болгон хуруугаа тайруулдаг ажээ. Даничуудын энэ хачирхалтай ёс заншил тэдний эцэг өвгөдийн сүнсийг амаржуулж, баярлуулах арга зам гэнэ. Өнөө цагт дани хүмүүс энэ ёс заншлаас холдож байгаа хэдий ч бүрэн устаагүй ажээ. Энэ зан үйлийг гүйцэтгэхдээ, хурууг нарийн уяагаар 30 минут орчим чивчиртэл ороож, мэдээ алдуулах ба тайрсны дараа хурууны үлдсэн хэсгийн үзүүрийг нь түлдэг байна.
4. Эскимочуудын оршуулгын зан үйл
Хойд туйл орчмоор амьдардаг Эскимо хүмүүсийн алдаршсан нэг зүйл нь настай хүмүүсээ хөдөөлүүлэх оршуулгын зан үйл юм. Эскимочууд нас барсан буюу өндөр настай хүмүүсээ хөвж яваа мөсөн уул (далайд хөвж яваа том хэмжээний мөс)-нд аваачиж орхидог ажээ. Энэ нь нэг талаар эскимочууд хойд насны амьдралд итгэдэгтэй, нөгөө талаар настай хүмүүсийг асрах ачаагаа хөнгөлж буйтай холбоотой гэнэ. Ийнхүү, эскимочууд настай хүмүүсээ далайд хөвж буй мөс рүү аваачин орхиж, хүндэтгэлтэйгээр үддэг ажээ. Гэвч, өнөө үед энэ заншил бараг мартагдсан юм.
5. Үхэгсэдтэй цуг амьдрах
Индонезийн Тоража нутгийн хүмүүст хайртай дотно хүний шарилыг оршуулахын өмнө хэдэн сарын турш хамт амьдардаг зан үйл бий. Талийгаачийн биеийг оршуулах хүртэл хувцаслан тусгай өрөөнд хадгалдаг байна. Гэхдээ, энэ заншил уламжлалт зан үйл гэхээс илүүтэй, хөрөнгө чинээтэй холбоотой гэнэ. Оршуулах ёслол нь их хөрөнгө шаарддаг тул, үүнд зориулсан хөрөнгө цуглуулах гэж нэлээд удаан хугацаа шаарддаг байна.
6. Баавгайгаар тахил өргөх ёс
Айну хүмүүс нь Японы умард нутаг, Оросын Алс дорнодын уугуул ард түмэн юм. Тэд баавгай шүтдэг. Хэдийгээр Айну хүмүүс баавгайг хүмүүсийн дунд яваа бурхан хэмээн үздэг боловч, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө баавгайн амийг хороож тахил өргөдөг байна. Тэд эх баавгайг агнасны дараа бамбаруушийг нь тосгондоо аваачиж хоёр жил тэжээж, тахилгад бэлддэг гэнэ. Айну нар баавгайгаар тахил өргөсний дараа тосгоноороо цусыг нь ууж, махыг нь идэх ба толгой бүхий арьсыг нь шүтдэг ажээ. Өнөө үед, энэ заншил төдий л өргөн хүрээтэй биш боловч, зарим нутагт байсаар байна.
Эх сурвалж: www.etop.mn