МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө нээгдэж байсан Хүннүгийн булшууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн, дагуул нийлсэн 200 гаруй булшуудын зүүн хойно байрлана. 29 дагуул булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийжээ. Язгүүртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Туурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшууд ханан хээ бүхий австай байдаг.
Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, Улаанбаатар Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийн декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод-2”-ын нэгдүгээр булшаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусласан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртны ордны тансаг хэрэглээний нэг юм. Шилээр урлах арга нь МЭ-ний анхдугаар зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл аж. Иймээс Хүннүгийн булш тэр үед буюу МЭ-ний 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдсон юм байна. Германд гурван ширхэг, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай улсаас олдож буй юм. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй.
Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлгийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ алинтай нь ч зүйрлэхээргүй энэ том бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон бололтой. Шаньюгийн шарилыг гаргаж хаясан байж магадгүй гэж таамаглаж байгаагаа профессор хэлсэн. Гэхдээ түүний гавлын ясны хэлтэрхий, дунд чөмгийн яс үлдсэнийг олжээ. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй.
Чухамхүү энэ зонхилогч овгийнхны ДНК-ийн судалгаа өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход хувь нэмэр болох нь гарцаагүй. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн, хатагтай Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол Турк, Персээс гаралтай овог аймаг байсан” гэж дүгнэснээс энэ асуудал хэчнээн эмзэг байгааг анзаарч болно. Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эд гарах нь түгээмэл байдгаас шалгаалаад өнөөдөр Казакстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарвалыг булаалдсаар байгаа билээ. Улаанбаатар Их Сургуулийн судлаачид Чемурчекийн, Мөнххайрханы, Тэвшийн зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй 1000-1500 жилээр урагшлуулахаар байгааг онцлохоос аргагүй.
“Гол мод 2”-ыг гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхийн хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын болов уу гэмээр хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байхаас зайлахгүй. Харин бусад сүйхүүд бүгдээрээ Хүннү хийцийнх. Чимэг урлаг сайтай, тансаг хэрэглээтэй эдгээр тэрэг Шаньюй нарын эрхэм хэрэглээ байсныг илтгэнэ. Чимгүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер бусын уран агаад дотор бэлгэдлийн учир жанцан ихээр шингээсэн нь харваас илэрхий.
Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшуудын гуравдугаархаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйнхний дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн нь нэгийг өгүүлнэ.
Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд дандаа гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод-2”-ыг түүхэндээ анх удаа монгол гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжиллээ. Энэ нүсэр ажлыг “ЖЕНКО” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэснийг хэлэх учиртай. Төсөлд 6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монгол судлаач эрдэмтний чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэг ач холбогдолтой юм. Гадаадын эрдэмтэд булш бунхныг судлаж дүгнэхдээ ихэнхдээ хөндлөнгийн эрх ашгийн үүднээс дүгнэх гэдэг. Бодит үнэнийг олж харах эрмэлзэл бага байдгаас ташаа мэдээлэл түгээх тохиолдол олонтаа гарч, үүнээс шалтгаалан Хүннүгийн судалгаа төдий л урагштай бус явсаар ирсэн гэхэд хилс болохгүй.
Ugluu.mn