-Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангаад байна-
Сангийн дэд сайд С.Пүрэвтэй уулзаж, ярилцлаа.
-Монгол Улс сард 100 тэрбумын алдагдал үйлдвэрлэж байна. Цаашдаа эдийн засагт мөнгө орж ирэхгүй бол байдал улам хүндэрч болзошгүй байгааг эдийн засагчид сануулах болсон. Улс цалин, тэтгэврээ цагтаа тавьж чадахгүй болох юм биш биз дээ?
-Хэдийгээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжих хандлагатай байгаа ч эдийн засгийн хүндрэл бүрэн арилаагүй, чадавх нь ерөнхийдөө сул хэвээр байна. Тухайлбал, энэ оны эхний долоо сарын төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс багагүй зөрүүтэй гарсан. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 535.6 тэрбум төгрөгөөр доогуур байна. Гэтэл зарлага, санхүүжилтийн гүйцэтгэл 75.2 хувьтай буюу 1,248.2 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжигдсэн. Гэхдээ орлогын бүрдэлт гэхээс илүүтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээний гүйцэтгэл болон зарлагын хэмнэлттэй илүү уялдаатай. Өөрөөр хэлбэл, оны эхнээс жигд хийгдэж амжилгүй жилийн сүүлийн хагаст санхүүжигдэхээр хойшлогдож байгаа мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсөвт байгууллагууд нэн шаардлагагүй, тэвчих боломжтой зардлуудыг бууруулах арга хэмжээ авч байгаатай холбоотой юм.
Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмж болон төсвийн байгууллагын тогтмол зардал зэрэг төрөөс үзүүлж буй өдөр тутмын үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн, тогтмол үргэлжлүүлэхэд шаардагдах зардлуудын санхүүжилтийг оны эхнээс цаг хугацаанд нь олгож байна. Цаашид ч энэ байдал алдагдахгүй төрийн үйлчилгээ тасалдахгүй гэдэгт итгэлтэй байна.
Гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны хувьд эдийн засгийн гол үзүүлэлтүүд бидний төсөөлж байсан хэмжээнд хүрэхээргүй байна. Иймээс төсвийн орлогын бүрдүүлэлттэйгээ уялдан зарлага, санхүүжилтийг бууруулах, үргүй зардлыг багасгах замаар төсвийн хумих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн хуулийн хүрээнд тусгай шаардлагуудыг ханган төсвийн сахилга батыг хангаж, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах нь эдийн засгийн эрүүл бодлого байх болно.
-Төсвийн алдагдлыг бууруулах талаар Сангийн яаманд ямар нэгэн санаа оноо байна уу. Улсны тодотголыг УИХ-д хэзээ оруулах вэ?
-Эдийн засгийн хүндрэлтэй байдал гэнэт өнөөдөр эсвэл өнгөрсөн сараас бий болчихсон зүйл бишээ. Дэлхийн зах зээл тэр дундаа манай улсын гадаад худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрс саарч, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ 2012 оны сүүлийн хагасаас тогтмол буурч байгаа нь манай эдийн засагт 2013 оны төгсгөлд хүчтэй мэдрэгдэж эхэлсэн.
Энэ ч үүднээс нь дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээний бууралтаас үүдэн 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох, төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлтийг төсөвт тусгах зорилгоор Монгол Улсын 2015 оны төсөвт 1 дүгээр сард тодотгол хийснийг санаж байгаа байх.
Төсвийн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөөг 527.4 тэрбум төгрөгөөр, зарлага санхүүжилтийг 556.4 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн бодлогыг чангаруулсан нь оны эхнээс үүсч болох эрсдэлийг бууруулах алхам болсон юм.
Түүнчлэн тэвчиж болох зардлыг бууруулах, зарим арга хэмжээг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээг Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын 109, 230 дугаар тогтоолуудыг гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс үйл ажиллагаагаа төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлж, тодорхой зардлуудыг хязгаарлах зохицуулалтуудыг авч хэрэгжүүлж байна.
Засгийн газраас төсвийн зарлагын санхүүжилтийн түр горим хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа зардлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, үе шаттай санхүүжүүлэх зарчимд шилжсэн.
Гэхдээ тэргүүн ээлжид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавих, төрийн албан хаагчдын цалин, хөлс, төсвийн байгууллагын тогтмол зардал, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүргэх төрийн үйлчилгээнүүд буюу эрүүл мэнд, онцгой болон улс орны аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг онцлог салбаруудын төсөв болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой зардлыг орлогын гүйцэтгэлээс үл хамааран Төрийн сангаас 100 хувь санхүүжүүлж байхаар зохицуулалт хийгдэн саадгүй хэрэгжиж байна. Эдгээрээс бусад төрлийн зардлыг төсвийн орлого бүрдэлттэй уялдуулан үе шаттай санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулан цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах болно.
-Уул уурхайн салбар уналтын байдалд орчихлоо. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ улам унаж байна. Монгол мөнгөтэй болох ямар боломж байна. Хямралаас гарах гарцыг та юу гэж тодорхойлж байна вэ?
-Манай улс тэр чигээрээ уул уурхайгаас хамааралтай гэвэл хэтрүүлсэн хэрэг болно. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаанаас харахад зарим улсын төсвийн орлого газрын тос болон уул уурхайн салбараасаа 50 хувиас хол илүү хамааралтай нь ч байдаг. Дэлхийн зах зээл дээр зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ тухайлбал, зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар, боловсруулсан нүүрсний үнэ 38 хувиар, төмрийн хүдрийн үнэ 46 хувиар, газрын тосны үнэ 40 орчим хувиар тус тус буурсантай холбогдуулан эрдэс бүтээгдэхүүний нийт экспортын хэмжээ 2015 оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар буюу 204.7 сая ам.доллараар буурсан боловч зогсолтгүй экспорт хийгдсээр байгаа.
Өнгөрсөн 2014 онд төсөвт төвлөрсөн нийт орлогын 20 орчим хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай байсан бөгөөд энэ нь олон жилийн дунджаас буурсан үзүүлэлт байдаг. Гэхдээ уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн тодорхой хувийг бүрдүүлдэг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлдэг, уул уурхайн томоохон төсөл арга хэмжээ, түүнийг дагасан аж ахуйн үйл ажиллагаа манай эдийн засагт голлох нөлөөллийг үзүүлж байгааг үгүйсгэж болохгүй юм.
Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбарын эрдэс бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингээгүй, боловсруулалт хийгдээгүй түүхий эд бүрдүүлж байна. Иймд Засгийн газрын зүгээс уул уурхайн бус салбарыг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, 2013 онд 239-р тогтоолоор “Экспортыг дэмжих хөтөлбөр” баталсан ба хөтөлбөрийн хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдэд Хөгжлийн банкны урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож байна. Хөгжлийн банкинд одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн нийт 320.98 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүнтэй 40 гаруй төслийн материал арилжааны банкуудаас ирүүлснийг Хөгжлийн банкны Зээлийн Хороогоор хэлэлцэж, шийдвэрлээд байна. Харин 2 тэрбум төгрөгөөс доош санхүүжилт хүссэн нийт 655 төсөлд 100.0 тэрбум төгрөгийн зээл олгох мэдэгдлийг ЖДҮХС-нд хүргүүлээд байна.
Тухайлбал хөдөө аж ахуйн салбарт гэхэд Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгох замаар техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж арьс шир, ноос, ноолуурыг дотооддоо гүн боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр импортын хуурай сүүний нийлүүлэлтийг бууруулж, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг өсгөх чиглэлээр ажиллаж байна. Хүнсний ногооны хангамжийн тогтвортой байдлыг дээшлүүлэх хүрээнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, импортын хүнсний ногоог хязгаарлах бодлого барьж байна. Мөн махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортод гаргах үйл ажиллагааг дэмжиж, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, адууны 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлохоор ажиллаж байна.
Боловсруулах салбарын хувьд хэд хэдэн томоохон үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна. Тухайлбал тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван цементийн үйлдвэрийг барих төсөл амжилттай хэрэгжиж Хөтөлийн цементийн үйлдвэр 2014 оны тавдугаар сард, Монцемент үйлдвэр 2015 оны наймдугаар сард тус бүр ашиглалтад орж, Хөх цавын цементийн үйлдвэр төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Мөн 2015 оны зургадугаар сард 270 мянган метр куб хийн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол алт” корпорацийн хийн бетоны үйлдвэр ашиглалтад орлоо. Төслийн эхний шатанд бөгөөд дотоодын хэрэглээний гуравны нэгийг дангаараа хангана гэж үзэж байна.
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай “Шарын гол”-ийн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр зургадугаар сард ашиглалтад орлоо. Мөн, жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр баяжуулах фабрикаа өргөтгөж, зургаан сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлснээр тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой болсон юм.
Эдгээр дээр нэмж, 2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ тусган хэрэгжүүлж байгаа.
-Эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд уруугаа харчихаад байхад харин Гадаад худалдааны тэнцэол ашигтай гарлаа. Үүнийг өөдрөгөөр харах хүмүүс байна. Тухайлбал импортын хэтэрсэн хэрэглээ хумигдлаа гэж баярлах хүн байна?
-Эдийн засаг хүндрэлтэй байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөв, мөнгөний хэт тэлэлтийг хязгаарлаж, төлбөрийн тэнцлийн хямралыг арилгах арга хэмжээ авсны үр дүнд нийт эдийн засаг огцом агшилтаас сэргийлж чадсан. Эдийн засгийн гадаад тэнцвэрийг харуулдаг үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох урсгал дансны алдагдлын хэмжээ саяхан л ДНБ-ий 27 хувьд хүрч байсан бол 2015 оны эхний хагас жилд 6.4 хувь болж буураад байна. Гадаад худалдааны тэнцэл жилийн хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан нь одоо 604 сая ам.долларын ашигтай болсон. Эдийн засгийн дотоод тэнцвэрийг авч үзвэл үйлдвэрлэлийн боломжоос давсан эрэлтийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд үзүүлэх дарамт багасч, инфляцын түвшин (7 дугаар сарын байдлаар 6.9 хувьтай) буурч байна.
2015 оны 2-р улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.0 хувь гарсан. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хувьд газрын тос 15 хувиар, зэсийн баяжмал 23.4 хувиар, алт 22.3 хувиар тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн. Энэхүү гүйцэтгэлээс харахад эдийн засагт шаардлагатай тохируулгууд хийгдэж, макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд хангагдаж, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн байна.
Засгийн газрын зүгээс импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 300 тэрбум төгрөг, ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд түүхий эд бэлтгэхэд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл олгох байдлаар шийдвэрлэсэн. Мөн концессын шугамаар эрчим хүч, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээрийг эрчимжүүлэх, эдийн засаг, нийгмийн өгөөж өндөртэй төслүүдийг гадны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх, бага хүүтэй, урт хугацаатай гадаад валютын эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд гадаад зах зээлээс хөрөнгө татаж, бодит эдийн засгийг дэмжих чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
-Нэг зүйлийг асуухад төр тендер зарлаад хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөхгүй луу унжих явдал байдаг. Хүнээр ажлаа хийлгэсэн юм чинь хөлсийг нь хэл амгүй шийдээд өгчихөж болдоггүй юм уу. Санхүүжилтийг нь Сангийн яам гаргадаггүй гэсэн хүмүүс бий?
-УИХ Засгийн газраас шинэ бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг олноор хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа хэдий ч орлогын төвлөрөлтөөс голлон хамаарч удааширч байгааг бид бүгд мэдэж байгаа билээ. Нөгөөтэйгүүр, Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гадна дотоод нөхцөл байдлаас хамаарч төсөл арга хэмжээний гүйцэтгэл удааширч байгаа нь үнэн. Тухайлбал, газрын маргаантай, зураггүй, техник, эдийн засгийн үндэслэлгүйг төсөв батлах байдал зогсохгүй байгаагаас тендер зарлах нөхцөл бүрдэхгүй цаг хугацаа их алдаж байна.
Монгол Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж захиалагч буюу төрийн байгууллагууд, орон нутагт гүйцэтгэгч сонгох эрхийг бүрэн олгосон байдаг.
Гэтэл тендерийн хуульд бүтээн байгуулалтын буюу зам засвар, барилга байгууламжийн угсралт зэрэг улирлын чанартай хийгддэг ажлуудыг төсөв батлагдсан даруй эхлүүлэх үүрэгтэй байгааг захиалагч нар төдийлөн чанд биелүүлж чадахгүй байна.
Мөн тендерт оролцогч нар тендер шалгаруулалтад оролцоод шалгарч чадаагүй тохиолдолд хиймлээр хардах, санаатайгаар маргаан дэгдээх зэрэг сөрөг үр дагавар нь тендер шалгаруулах процессыг удаашруулж байна. Гэхдээ төрийн байгууллагууд тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахгүй байгаа зөрчил нэлээн байна. Өнгөрсөн онд буюу 2014 онд Сангийн яам 560 гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээс 244 буюу 43 хувь нь төрийн байгууллага буруу шийдвэр гаргасан болохыг тогтоосон ба энэ онд дээрх байдал мөн давтагдаж байна.
Олон нийтэд хандаж тайлбарлахад Сангийн яам нь хуульд заасны дагуу аливаа тендер шалгаруулалтын зохион байгуулалтад шууд оролцдоггүй бөгөөд зөвхөн хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж байгаа.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс тендер шалгаруулалтыг улам бүр боловсронгуй болгох үүднээс Цахим тендер шалгаруулалт – 2 төслийг амжилттай хэрэгжүүлж туршилтыг хийж эхлүүлээд байна. Бидний дунд цахим тендер шалгаруулалт гэхээр цаасан баримтыг дэлгэцэд харах төдийгөөр л ойлгоод байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр тендерт оролцох байдлыг хөнгөвчлөх, бүрдүүлэх материалыг багасгах, цаашлаад бүгдэд нээлттэй болох юм.
Тухайлбал: тендерт оролцогч нар өөрийн ажилчдын Нийгмийн даатгалын дэвтрийг хувилж тендерийн материалдаа хавсарган ирүүлдэг. Цахим төсөл хэрэгжсэнээр аж ахуйн нэгж энэ тухай мэдээллийг тусгайлан илгээх шаардлагагүй бөгөөд Нийгмийн даатгалын сангийн мэдээллийн баазаас систем өөрөө тухайн аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг олж шалгах юм. Энэ мэтчилэн бүх тусгай зөвшөөрөл, авто тээврийн бүртгэлийн систем, татвар төлөлт, борлуулалтын орлого үүгээр зогсохгүй дээрх аж ахуйн нэгжийн талаарх бусад бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр шалгах, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
Түүнчлэн, Засгийн газрын наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг шинээр баталсан. Өмнө нь тендер шалгаруулалтыг буруу зохион байгуулсан, санаатай удаасан эсвэл шаардлага хангахгүй аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад шалгаруулсан зэрэг тендерийн хуульд заасан зүйл, заалтыг зөрчсөн албан тушаалтны үйлдлийг нотолсон ч гэсэн заавал шүүхээр хариуцлага хүлээлгэдэг байсан бол одоо улсын байцаагч хууль зөрчигчдөд шууд хариуцлага хүлээлгэх боломжтой болж байгаа юм. Харин улсын байцаагч тендерт оролцогчийг тендерт оролцохдоо хууль зөрчсөнийг тогтоосон бол гурван жил дахин тендерт орох эрхийг нь хязгаарлах юм.
-Бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаа эрхлэхийг хүсдэг ч тэдэнд зориулагдсан гэх төсөл хөтөлбөр, зээлүүд тэр бүр эзнээ онодоггүй гэж шүүмжилдэг?
-Төрөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Аж үйлдвэрийн сайдын 100 дугаар тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу олгогддог.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь нийт үйлдвэрлэл эрхлэгчдээс ирүүлж буй хүсэлтээс хэд дахин бага байдгаас санхүүжилт хүрэлцдэггүй, арилжааны банкнууд эрсдэлийг хариуцуулдгаас шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа болон үйл ажиллагаа нь жигдрээгүй аж ахуйн нэгж, иргэд банкны шаардлагыг хангадаггүй зэрэг шалтгааны улмаас хамрагдах боломжгүй байдаг. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд журамд тавигдсан шаардлагыг хангасан байхаар төслөө боловсруулах чиглэлээр санаачлагатай, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.
Харин Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулж, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй төсөл хэрэгжүүлэгчдийн асуудлыг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
-Ам.долларын ханш улам л өсөөд байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ? долларын ханшийг тогтворжуулах талаар төр юу хийгээд байна вэ?
-Манай өнөөдрийн ханш валютын орох, гарах урсгал буюу эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтож байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Тиймээс долларын өсөлт цаашид яах вэ гэдэг ерөнхий чиглэл нь Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлэх бодлогын үр дүнгээс хамаарна. Харин түр зуурын өсөх, буурах хэлбэлзэл ханшид байнга тохиолддог үзэгдэл юм.
Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр алтны үнэ буурсан, БНХАУ-ын зүгээс юанийн албан ханшаа сулруулсан, Азийн ихэнх орны мөнгөн тэмдэгтүүд долларын эсрэг суларсан зэрэг нь манай ханшийг сулруулах чиглэлд нөлөө үзүүлж буйг үгүйсгэхгүй. Манай эдийн засаг өөрөө жижиг эдийн засаг учраас олон улсын санхүүгийн зах зээл дээр гарч буй өөрчлөлтүүд ханшид шууд нөлөө үзүүлдэг.
Ерөнхийдөө сүүлийн өдрүүдэд ханшид гарч буй өөрчлөлтийг макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдтэй холбоотой гэхээсээ илүүтэйгээр улирлын нөлөөллийн улмаас жил бүрийн найман сард ханш сулрах дарамт ихэсч, эдийн засгийн идэвхжил нэмэгддэг түр зуурын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.
Учир нь ханшийн одоогийн тэнцвэрээс харахад валютын эрэлт, нийлүүлэлт зэрэг буурсан байдалтай байна.
Валютын ханшид үзүүлж буй эрэлтийн талын хүчин зүйлсийг авч үзвэл: Импорт энэ оны долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар буурсан байдалтай байна. Үүнд төсөв болон мөнгөний хумих бодлого болон иргэд, хувийн хэвшлүүд хэрэглээгээ бууруулсан, эдийн засгийн идэвхжил саарсан зэрэг нь ханшийг тогтворжуулах, валютын эрэлтийг бууруулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн инфляцын түвшин их байх тусам төгрөгийн худалдан авах чадвар муудаж ханш унаж эхэлдэг. Тэгвэл манай орны хувьд эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний хатуу бодлогоос хамаарч инфляцын түвшин энэ жил харьцангуй бага байгаа нь валютын эрэлт буурахад эергээр нөлөө үзүүлж байна.
Харин зах зээлд бий болсон ханшийн сөрөг хүлээлтийн улмаас валютын хадгаламж өмнөх оноос өсч, эдийн засаг дахь долларжилт өссөн байдалтай байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг сэргээх шаардлагатай болохыг харуулж байна.
Харин нийлүүлэлтийн хувьд гадаад валют нь экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл, бонд, алтны олборлолт гэсэн үндсэн сувгуудаар дамжин эдийн засагт орж ирдэг.
Экспортын хувьд харьцангуй бууралт багатай буюу дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буюу 128 сая ам.доллараар буурсан байдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос буурсан байгаа бол алтны олборлолт бага зэрэг өссөн байдалтай байна.
Гэхдээ гадаад валютын албан нөөц өмнөх оны мөн үеийн түвшинд буюу импортын 4-5 сарын хэрэгцээг хангахаар түвшинд байгаа нь жижиг нээлттэй эдийн засагтай улсын хувьд хангалттай түвшин юм. Түүнчлэн урсгал тэнцэл өмнөх жилүүдэд алдагдалтай байдаг байсан бол энэ жилийн хувьд ашигтай байгаа, гадаад худалдааны нөхцөл сайжирсан зэрэг ханшид эергээр нөлөөлөх өөрчлөлтүүд явагдаж байна.
Ер нь долларын өсөлтийг хязгаарлах, улмаар үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга зам бол гадаад зах зээлээс орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютыг нэмэгдүүлэх явдал юм. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай экспортын орлогыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан энэ цаг мөчид Засгийн газрын зүгээс өрийн хязгаарт багтаан олон улсын зах зээлээс дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгох, хямд эх үүсвэр татах замаар эдийн засгийг тэлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг энэ ондоо багтаан бүрдүүлэх шаардлагатай байна.
Энэ зорилгоор эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангаад байна.
Түүнчлэн Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийнхнийг гадаад зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх нь валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж болох юм.
Засгийн газрын хувьд ханшийг хүчээр буулгах, хүчээр нэг түвшинд байлгах гэхээс илүүтэйгээр макро эдийн засгийн зохистой бодлого явуулах, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх замаар валютын ханшийн дунд, урт хугацааны тэнцвэрт эергээр нөлөөлөх бодлого баримталж байна.
Т.СОЛОНГО
Мэдээллийн эх сурвалж: www.news.mn