“Өнөөдөр” сонин энэ удаа редакцдаа нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” группийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, “Баганат өргөө” ХХК-ийн Байгууллагын удирдлагын газрын захирал Б.Өлзийцэцэг нарыг урьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Энэ онд хаана, хэдэн айл байрандаа оров. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор зарим компанийн ажил сайн, заримынх нь урагшлахгүй байгаа. Энэ жил хэдэн айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ. Түүнээс хэд нь хугацаандаа амжихгүй болов, хэр хугацаагаар хойшилж байгаа юм бол?
Ш.Ганхуяг: -Энэ бол иргэдийн оролцоотой хийж буй анхны томоохон ажлуудын нэг. Нийслэлийн ЗДТГ, Засаг дарга үүнд ихээхэн анхаарч, холбогдох бүх байгууллага болон төсөл хэрэгжүүлэгчид уялдаа холбоотой ажиллаж байна. Дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш өнгөрсөн онд 588, харин энэ онд Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд төсөл хэрэгжүүлж буй “Баганат өргөө” компани 144 айлын орон сууц ашиглалтад орууллаа. Бусад байрыг ирэх ес, аравдугаар сараас барьж дуусгана. Энэ жил бид 2500 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэгчидтэй тохиролцон, ажлын график гаргачихаад байна. Гэвч улсын эдийн засгийн нөхцөл, дэлхий нийтийн хямрал нөлөөлж буйг нуух аргагүй. Тиймээс хамгийн багадаа 1000 орон сууцыг бариж, ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй. Мэдээж аль болох үүнээсээ давсан ажил гүйцэтгэхийг хичээнэ.
-Газраа чөлөөлсөн айлуудыг орон сууцанд оруулчихлаа. Цаана нь үлдэж буй байрыг яаж борлуулж байна вэ? Гадуур орон сууц зарагдахгүй, худалдаж авах нь байтугай түрээслэх хүн олдохгүй байна шүү дээ.
С.Очирбат: -Энэ талаар ярихын тулд ажил эхлэх зөвшөөрлөө хэзээ авч, хэдий хугацаанд барилга угсралт явагдсан, үүнээс хэдэн айлын байр үлдэж вэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Өнгөрсөн онд 26.000 орчим айлын орон сууц барихаар ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон. Үүнээс 18.600 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусаагүй байгаа. Энэ онд манай эдийн засаг хямарсан, барилгын салбар таг зогсчихсон, гэсэн хэрнээ л компаниуд 15.700 айлын орон сууц барих зөвшөөрөл авсан. Би үүнийг муугүй үзүүлэлт гэж харж байгаа. Борлуулалтад Засгийн газар, хотын захиргаа дэмжлэг үзүүлнэ. Бид “Улаанбаатар орон сууц” сан байгуулж, 15 тэрбум төгрөг байршуулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас худалдаж авбал урьдчилгаа төлбөрийнх нь 50 хувийг өгнө гэсэн шийдвэр гаргасан юм. Үлдсэн 70 хувийг нь банкуудаар ямар ч асуудалгүй шийдвэрлүүлэхээр Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудтай өнгөрсөн оны есдүгээр сараас хойш хэд хэдэн удаа уулзсан. Уг ажил үргэлжилж байгаа. Мөн Засгийн газар урьдчилгаа төлбөрийг нь 10 хувь болгож, 20 хувьд нь банкны баталгаа гарган, үлдэгдэл зээлээ төлөх хугацааг нь уртасгахаар боллоо.
Хувийн хэвшлийнхэн өөрсдөө зээлийн шугам нээх талаар өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд бидэнтэй ярилцлаа. Энэ нь орон сууц захиалагч иргэн 30-40 хувийн урьдчилгааг шууд төлчихвөл үлдсэн төлбөрийг нь есөн хувийн зээл болгоод байр захиалагч, компани хоёр үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулах юм. Энэ мэт олон хэлбэрээр орон сууцаа борлуулж байгаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцыг хэн ч зээлээр авах боломжтой гэсэн үг үү?
С.Очирбат: -Чөлөөтэй. “Улаанбаатар орон сууц” сангийн удирдах зөвлөлийг нийслэлийн Засаг дарга ахалдаг. Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллаж буй. Бид компаниудын өгсөн байрны квотыг хуваарилаад, зээл олгоход бэлэн болсон аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Жишээ нь, манай Боловсролын газраас байранд орох хүсэлтэй хүмүүс урьдчилгаа төлбөрөө бэлдчихсэн байгаа.
Л.Нарантуяа: -Урьдчилаад судалгаа, санал авсан.
С.Очирбат: “Баганат өргөө” компанийн 144 айлын орон сууцыг наадмын өмнө ашиглалтад оруулахад 90-ийг нь газар чөлөөлсөн айлуудад, 54-ийг нь хотын захиргаанд өгнө гэж хэлж байсан. Наадмын дараа “Уучлаарай, хотын захиргаанд 30-аас илүүг өгч чадахгүй нь” гэж байгаа юм. Борлуулалт сайн байгаа хэрэг шүү дээ. Одоо VII хороололд “Бэрэн” компани бас ингэж байна. Тэд төрийн албан хаагчийн орон сууцны дэмжлэгт хамрагдчихвал мөнгөө банкнаас бүтнээр нь авна. Тиймээс байраа зээлээр өгөх сонирхолтой байгаа юм. Сангийн удирдах хороо шаардлагатай үед хуралдаж, ирж буй квот бүрийг Улаанбаатар хотынхоо төр захиргааны байгууллагуудын албан хаагчдад хуваарилна.
-Иргэд нэгдэн, газартаа дэд бүтэц татуулж, амины орон сууц бариулж болно гэсэн. Ингэж орон сууц бариулчихсан иргэд бий юү?
Ш.Ганхуяг: Үүнийг гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах гэж нэрлээд байгаа юм. Айлууд газраасаа зам, дэд бүтэц татах хэсгийг чөлөөлнө. Ингээд өөрсдөө амины орон сууц бариулах уу, таун хаустай болох уу гэдгээ шийдэх ёстой. Найман байршлыг ийм хэлбэрээр орон сууцжуулахаар баталсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны 168 айл нэгдэн өөрсдийн байшингуудаа дулаалан, дэд бүтцэд холбон, явган хүний болон авто зам тавьж, тоглоомын талбай барьсан. Газар шинэчлэн зохион байгуулах ажлыг сонгодог утгаар нь, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх тул амжилттай болно. Үүнийг ойрын хугацаанд шийднэ.
-Зарим нь дахин төлөвлөлтийг үлгэр гэдэг. Нөгөө талд нь “Энэ бол үнэн” гэх хэсэг ч бий. Аль нь үнэн юм бэ?
С.Сод-Эрдэнэ: -Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ганцхан Монгол Улс хэрэгжүүлээд байгаа юм биш. Хөгжингүй, хөгжиж буй орнууд ч хэрэгжүүлж байсан учраас дэлхий нийтэд үүнийг үлгэр биш гэдгийг баталчихсан, өндөр өндөр барилгууд барьчихсан байна. Манай улс ч ийм том алхам хийж эхэлсэн учраас энэ огцом шинэчлэлийг хүлээж авах хүмүүсийн мэдлэг, ойлголт тодорхой түвшинд дутуу байсан. Бүтэхгүй гэж харж байсан хүн олон. Төслийг иргэдийн 90 хувь нь дэмжиж байна. Дэмжсэн хэрнээ дотроо “Энэ компаниуд ажил хийх болов уу. Нийслэл дэд бүтэц татах байгаа” гэсэн эргэлзээтэй байж магадгүй. Манайх энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд 28 айлын газрыг чөлөөлж, барилгынхаа шавыг тавьсан. Тэр үед хашаанаасаа нүүхдээ хүмүүс “Юу хийчихэв дээ” гэж харамсаж байсан юм билээ. Гэтэл манайх одоо хоёр барилгынхаа есөн давхрыг цутгачихсан, арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэж байна. Саяхан “Мишээл экспо”-д болсон үзэсгэлэнд манай компани оролцсон. Хавар газраа чөлөөлсөн айлын хүн тэнд таарч, “Та нар мундаг залуус байна. Хийчихдэг юм байна” гэж хэлсэн. Хүмүүсийн эргэлзээ арилж эхэлж байгаа. Дахин төлөвлөлт бол айхтар хэцүү, маш их хөрөнгө шаардсан, нүсэр ажил биш. Барилгын зах зээлийн зарчмаараа л газраа худалдаж аваад, байшин бариад явж байна. Хороолол, хотхоныг цогцоор нь шийдэн, арай их хөрөнгө зарцуулж байгаа л болохоос биш ер нь хийх ёстой, хийдэг л ажил.
-Иргэд төсөл хэрэгжүүлэгч компанитайгаа тохирон, гэрээ байгуулсан мөртлөө газраа чөлөөлөх үед үнээ нэмэх тохиолдол гарч байгаа гэсэн. “Баганат өргөө”-д ийм явдал тохиолдсон уу?
Б.Өлзийцэцэг: -Манайх 144 айлын орон сууц ашиглалтад оруулсан. 2013 оны тавдугаар сарын 28-нд батламжаа авч, төсөл хэрэгжүүлэгч болсноос хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд маш их зүйл туулж, давж гарсан. Мэдээж өмчийн эзэн учраас иргэд үнээ нэмэх, эд хөрөнгөө өндөр үнэлүүлэх сонирхолтой байна. Нөгөө талд компани хувийн, бизнесийн байгууллага учраас үр ашгаа тооцож үзээд газрыг нь бага өртгөөр авах сонирхолтой учраас хоёр тал байнга зөрчилдөх нь мэдээж. Энэ бол хаана, хэн ч зохицуулах аргагүй зүйл. Манай компани 280 нэгж талбартай. Үүний 237 айлтай нь хоёр болон гурван талт гэрээ байгуулж, эцсийн шатны тохиролцоо хийснээс 120 айлын газрыг бүрэн чөлөөлсөн. 144 айлын орон сууц барин, газраа чөлөөлсөн айлуудаа бүгдийг нь оруулж байна. Энэ бол бизнесийн байгууллагын хувьд маш өндөр үзүүлэлт. Нөгөө талаас иргэдийг хохироохгүй, итгэл үнэмшлийг нь нураахгүй байх үүднээс, дахин төлөвлөлтийн ажил бодитой хэрэгжиж байгааг харуулахын тулд л эрсдэл хүлээж буй. Иргэд анх хэлсэн үнээ бараг 50 хувиар нэмсэн. Бид дахин төлөвлөлт хэрэгжинэ, үлгэр биш гэдгийг нотлохын тулд иргэдийн хэлсэн үнийг зөвшөөрч, хүлцэнгүй хандаж байна. Энэ бол баатарлаг үйлс хийж байгаа хэрэг биз дээ. Мөн хүлээн зөвшөөрөх боломжгүйгээр үнээ огцом нэмсэн айл ч бий. Түүнийг нь дэврээхгүйн тулд хоёр талаасаа 10-20 удаа уулзаж, Гэр хорооллын хөгжлийн газрын төлөөлөгчид ч ирж уулзах зэргээр шийдэж байгаа. Дахин төлөвлөлтийн төслийг Монголын 39 компани хэрэгжүүлж байна. Эдний цаана 100-500 ажилчин бий. Барилгын салбарын томоохон компаниуд бүгд энэ ажилд оролцож байгаа. Тиймээс энэ бол үлгэр гэсэн хэрэгцээгүй яриа гаргаад энэ том ажлыг унагаачихвал нийгэм тэр чигтээ хохирно. Энэ олон хүн ажилгүй болно, компаниуд дампуурна. Барилгатай холбоотой бусад салбар ч хүнд байдалтай тулгарна. Тэгэхээр үүнийг зөв талаас нь ярьж, эерэг мэдээлэл өгч, цааш нь үргэлжлүүлэх ёстой юм.
С.Очирбат: -“Стандарт проперти” групп+ийн захирал тартагтаа тулсан, хүндрэлтэй төсөл биш шүү гэж их сайн тодорхойллоо. Энд ирсэн хоёр компанийн төлөөлөл хоёулаа ажлынхаа үр дүнг үзчихсэн хүмүүс. Гэтэл эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэхээр болсон аж ахуйн нэгжүүд дотор ажлаа эхлээгүй компани ч бий. Бид гэрээний хариуцлагыг одоохондоо ярьж эхлээгүй. Хотын захиргаанаас компаниудад “Ажлаа эхлээч ээ, юу нь дутуу байна, бид юугаар туслах вэ” гэж өдий хүрлээ. Цаашид бол өөр. Иргэд ч шахаж байна. Нийгэм, улс төр ч шахна. Зарим нь увайгүй улс төр хийгээд явах байх л даа. Гэхдээ бид бүх хэл амны хойноос хөөцөлдөж, ажлаа алдахгүй. 24 хороолол барих ажлыг эхлүүлэн, дэд бүтцийг нь тавиад, эхний байшингуудыг нь ашиглалтад оруулчихсан. Цаашид ч хүлээлгэн өгсөөр байх болно. Энэ бол тасралтгүй үргэлжлэх процесс.
Нөгөө талаас манай иргэдийн хувьд компанитайгаа газрын үнээ тохирч гэрээ хийчихээд явцын дунд буцах, үнээ нэмэх тохиолдол цөөнгүй гарч байна. Илүү ихийг олж авах гэж байгаад бүр том алддаг тал бий шүү. Тэр тусмаа өнөөдрийнх шиг “Майдар сити”, “Буянт-Ухаа 1”, Буянт-Ухаа 2” хороолол, шинэ нисэх буудлыг дагаад 100 мянган хүнтэй хот байгуулах гээд томоохон бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ цаг үед тийм эрсдэл бүр ч их. Ийм нөхцөлд газраа илүү их үнэ хүргэх гэж овлигогүй нөхдийг дагаж, тэдний амаар нааш цааш холбирч гүйж байгаад хохирч мэдэх аюулын харанга дэлдэж байгааг анзаарах хэрэгтэй. Тиймээс хэн нэгний хатгаасаар шантааж хийх гэж байгаад өөрсдөө хохирч, юу ч үгүй хоцорвол одоогийн нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээхгүй шүү.
-Ирэх жил сонгууль болно. Манай төр, засагт залгамж халаа байдаггүй. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг би, манай байгууллага анх санаачилсан юм. Манай санаачилсныг эднийх булаачихлаа” гэсэн маргаан байгаагаас биш, цааш нь үргэлжлүүлнэ гэсэн амлалт алга.
С.Очирбат: -Ингэж хэлдэг юм. Нэр бүхий хүмүүс “Үүнийг би эхлүүлсэн юм” гэж хэлдэг. “Уучлаарай” гэж би хэлнэ. Яагаад гэвэл 2007 онд одоогийн “Аман хуур” хороолол барьсан газарт бид 18 айлын газар чөлөөлж, намар нь Тайваний хөрөнгө оруулалттай “Кэй Эм Ти” гэдэг компани 360 гаруй айлын орон сууц барихаар газар чөлөөлөн, барилга барьж эхэлсэн юм. Тэгэхэд би яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга байсан. Ингэж мартагнуулж, увайгүй улс төр хийхийг зөвшөөрөхгүй. Ер нь улс төр хийх гээд байгаа хүмүүс 70 гаруй жил ганцаараа эрх барьж засаглахдаа 20 хороолол л барьсан байдаг юм. Өөрсдийнхөө хүмүүсийг ядууруулж, орох оронгүй, ажилгүй болгоод Оросын СОТ 1, СОТ 2, СОТ 3-ыг авчирч тэр 20 хорооллоо бариулсан шүү дээ. Намайг 1989 онд оюутан болоод ирэхэд ашиглалтад оруулсан 21 дүгээр хороолол одоо нэмэлт зардал шаардаж байна. 1993 онд их сургууль төгсөх үед ашиглалтад оруулсан VI бичил хороолол байнга дэд бүтцийн асуудалтай байдаг. Түүх ярья гэвэл үүнийг судалж байж ярьдаг юм. Би үүнийг хаана ч хэлнэ. 70 жил дангаараа засаглахдаа 20 хорооллыг халтар хултар барьсан улс төрийн хүчин манайд бий. Бид 2-3 жил засаглахдаа 25-26 хорооллыг иж бүрнээр нь, орчин үеийн технологиор дэд бүтцийг нь барьж байгуулаад, ирэх жилүүдээс ярайтал ашиглалтад оруулна гэдгээ баттай хэлж чадна.
-Дараа жилийн сонгуулиар улс төрийн өөр хүчин гарч ирвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоочих вий, энэ бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн айдас болгоомжлол төсөл хэрэгжүүлэгч компанийнханд байна уу?
С.Сод-Эрдэнэ: -Манай компанийн хувьд тийм айдас алга. Яагаад гэвэл иргэд, компани хоёр хоорондоо тохиролцож болдог юм байна гэсэн итгэлцэл, ойлголцол хэдийнэ бий болсон. Энэ ойлголцлыг улстөрчид шууд тас цохичихгүй болов уу. Төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудыг механикаар гүтгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлахгүй л бол шүү дээ. Бид энд иргэдтэйгээ тохироод, ажлаа хийж байхад аль нэг нам гарч ирээд энэ бүтээн байгуулалтыг бүрмөсөн унагах хэмжээнд нөлөөлж, оролцохгүй биз дээ.
Б.Өлзийцэцэг: -Энэ бол иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгийг зах зээлийн зарчмаар үнэлүүлж байгаа хэрэг шүү дээ. Компаниуд арилжааны хэлбэрт ороод, иргэдтэй тохиролцож чадсан. Энэ холбоо тийм ч амархан нурахгүй. Магадгүй иргэн Доржийн газрыг хэн нэгэн ирээд тав дахин өндөр үнээр худалдаж авъя гэхгүй л бол тийм боломжгүй. Энэ бол Монгол Улсын хуулийн хүрээнд гэрээ контракттай явагдаж байгаа ажил. Тиймээс сөрөг хүчин иргэдээр түрий барьж, улс төр хийх гэвэл Монголын бизнесийн хүрээнийхэн өөрсдийн эрх ашгийг хамгаална. Гэхдээ тийм нөхцөл байдал үүсгэж болохгүй л дээ.
С.Очирбат: -Зөвхөн компаниудад биш, иргэдэд ч хохиролтой. Жишээ нь, “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг иргэдийн 75 хувь нь зөвшөөрч, гүйцэтгэгч компанитайгаа хоёр талт гэрээ хийчихээд байтал хэдхэн хүн гарч ирээд бужигнуулчихлаа. Маргааш (энэ сарын 28-нд) бид гэрээг нь хүчингүй болгох гээд сууж байна. Хоёр, гуравхан хүний өчүүхэн эрх ашгаас болж, бусад нь ингэж хохирч болохгүй шүү дээ. Үүнд тэр хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй. Тиймээс өнгөрсөн хавар батлуулсан Дахин төлөвлөлтийн хуулийг дагаж мөрдөх журмаа Ганхуяг дарга удахгүй шинэчилнэ. “Бусдын хийсэн ажлыг санаатайгаар бусниулсан бол түүнээс гарах эдийн засгийн эрсдэлийг үүрэх ёстой” гэж журамдаа тусгаж өгөх хэрэгтэй. Эсэргүүцэгчид нийт иргэдийн 70 хувийг төлөөлөх ёстой.
Л.Нарантуяа: -Нийслэл энэ төслийг хэрэгжүүлэхдээ зах зээлийн зарчмыг эвдэхгүй байх бодлого баримталж байгаа. Дахин төлөвлөх байршлуудыг батлахдаа иргэдийн амьдралын өртгийг нь хүртэл тооцсон. Орон сууцанд орсон айлууд ус, цахилгаан, дулаандаа сард хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг ч судалсан. Төлөвлөлтийг нь хийхдээ хүртэл иргэдээс санал хүсэлтийг нь сонсож, түүний дагуу зураг төслөө гаргасан шүү дээ. Хоёрдугаарт, энэ жил бараг бүх байршлын дэд бүтцийг шийдээд дуусаж байна. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо харилцаа гээд дэд бүтцийн ажлын зураг төсөл, техникийн шийдлүүд бэлэн болж, төсөв мөнгийг нийслэл болоод Хөгжлийн банкнаас санхүүжүүлчихлээ. Компаниуд гэрээгээ байгуулаад, ажлаа эхэлчихсэн. Ингэхээр дэд бүтэц бүхий энэ талбарууд бусад гэр хорооллын газраас 10-20 дахин өндөр үнэтэй болж байгаа юм. Нийслэл, төрийн оролцоогүйгээр иргэд, компани хоёр газрын үнээ тохиролцоод, ажлаа эхэлчихсэн байхад зах зээлийн энэ зарчмыг тийм ч амархан алдагдуулах боломжгүй. Нөгөө талаас иргэд ч газрынхаа үнэ цэнийг унагахыг хүсэхгүй. Энэ хүртэл бид багагүй бэрхшээл туулсан. Бидэнд туршлага бага байсан. Гэхдээ иргэд, компаниуд, нийслэлийн удирдлагууд тал талаас хүчин чармайлт, идэвх санаачилга гаргасны хүчээр бид асар богино хугацаанд энэ том төслийг маш амжилттай хэрэгжүүлж байна.
-Хөрөнгө оруулалтыг яаж шийдэж байна вэ. Дахин төлөвлөлтийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолтой байдаг юм билээ. Манай компаниуд ч гадаадынхантай хамтарч ажиллахыг хүсдэг. Гэхдээ гадаадын мөнгө ихтэй хөрөнгө оруулагчид ороод ирэхээр дотоодын компаниуд зах зээлээ алдах юм биш биз?
С.Сод-Эрдэнэ: -Мэдээж бид ч ялгаагүй энэ төсөл дээр гадаадын компаниас хөрөнгө оруулалт татаж байгаа. Одоогийн байдлаар манайд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Японоос орж ирээд байна. Цаашид ч орж ирнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид манайхантай өрсөлдөх үү, эсвэл хамтрах уу гэдэг нь чухал биш. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь олон талын үр ашигтай. Зөвхөн хөрөнгө мөнгө оруулж ирэхээс гадна тэд манайд мэдлэг, туршлага, ноу хау, компанийн засаглал, зөв менежментийн аргачлал гээд олон талаар ач тусаа өгдөг. Манайд гэхэд л Японы зөвлөх инженерүүд ирж ажилладаг.
С.Очирбат: -Хөрөнгө оруулалтаар дэмжих асуудлыг бид энэ онд нэлээд түлхүү анхаарч байна. Өнгөрсөн хавар нийслэлийн ИТХ-ын дарга бид хоёр Бээжин хотод очиж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулалт татах асуудлыг ярилцсан. Тухайн үед биднийг янз бүрээр ярьж, мушгин гуйвуулах гэж оролдсон. Гэхдээ бид тийм зүйлээс шантрахгүй л дээ. Тэгээд ч явсан ажлын маань үр дүн эхнээсээ гарч, 30 компаниас одоо бараг арваад нь Хятадын компаниудтай хамтран ажиллахаар боллоо. Жишээ нь, “Жи Ди” компани “Чайна констракшн”-тай гэрээ байгуулсан.“Гангар инвестмент” компани наадмын дараахан гэрээгээ хийсэн. “Би Си Кэй Си” компани саяхан гэрээ байгууллаа. Удахгүй мөнгө нь орж ирнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилд нийслэлийн төсвөөс 100 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Гэхдээ “Мөнгө өгөөч” гэсэн болгонд өгдөггүй. Хэн яаж ажиллаж буйг, гүйцэтгэл нь ямар байгааг хянаж шалгаж байж өгдөг. Өөрөөр хэлбэл, компаниуд ажлаа хийсэн хойноо мөнгөө авдаг. Үүний төлөө өрсөлддөг юм л даа.
-Өнөөдрийн байдлаар гадаадын хэдэн компани энэ төсөлд хөрөнгө оруулаад буйг тодорхой хэлэх боломжтой юу?
Ш.Ганхуяг: -Үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжих үүднээс бид толгой компани нь заавал Монголынх байхыг шаардаж байгаа. Хөрөнгө оруулалтын тал дээр харин гадаадын компаниудыг татан оролцуулах сонирхолтой. Тэгээд ч одоогоор гадаадаас чамлахааргүй олон компани хөрөнгө оруулаад байна. Дээр хэлсэнчлэн энэ бол зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал бус, Монголын компаниудыг чадавхжуулахад ихээхэн тустай.
Бас нэг зүйл онцолж хэлэхэд, олон иргэн орон сууцтай болно гэдэг бол манай нийгмийн дундаж давхаргынхны тоо нэмэгдэнэ гэсэн үг. Дундаж давхаргынхан гэдэг бол нийгмийг авч явдаг гол масс шүү дээ. Тиймээс Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр гэгддэг гэр хорооллынхныг дахин төлөвлөлтөөр орон сууцтай болгосноор томоохон дундаж давхарга бий болгох боломжтой. Байраа алдахыг хүсдэг хэн ч байдаггүй учраас орон сууцанд орсон иргэд эрч хүчтэй, ирээдүйдээ тэмүүлэх зүйлтэйгээр зогсолтгүй ажиллана гэсэн үг.
Б.Өлзийцэцэг: -Үүн дээр нэмж хэлэхэд, орон сууцтай болсон иргэд түүнийгээ барьцаалаад банкнаас ахиухан зээл авах боломж бүрдэж байгаа юм. Гэр хорооллынхон газраа шууд банкинд барьцаанд тавих боломж байдаггүй шүү дээ. Заавал дээр нь байшин барьж, үл хөдлөх хөрөнгө бий болгосны дараа л банкны эргэлтэд оруулах эрхтэй болдог. Өмнө нь хашаандаа гэртэй байсан айл одоо компанитай тохироод, газраа орон сууцаар сольсноор хэзээ ч үнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгөтэй болж байна. Энэ бол зах зээлийн нийгэмд ирээдүйд иргэдэд үр өгөөжөө хамгийн сайн өгөх салбар юм.
-Манай редакцын хаягаар иргэдээс ирүүлсэн асуулт дотор “Газраа чөлөөлөөд түрээсийн байранд амьдарч буй айлуудын түрээсийн төлбөрийг бүрэн төлөхгүй, дөнгөж 50 хувийг нь өгч байна” гэсэн гомдол цөөнгүй байсан. Энэ ямар учиртай юм бол. Иргэдэд мөнгийг нь хэн, хэзээ буцааж өгөх вэ?
С.Сод-Эрдэнэ: -Бусад нь ямар байгааг мэдэхгүй юм. Манай компани иргэдэд түрээсийн мөнгийг нь бүрэн өгч байгаа. Тухайлбал, хашаандаа хоёр хүүгийнхтэйгээ амьдарч байсан гурван айлыг тус тусад нь түрээсийн байранд байлгаж байна.
С.Очирбат: -Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нь энд сууж байна. Редакцад хандсан тэдгээр иргэн гомдлоо бидэнд гаргах хэрэгтэй. Үнэхээр газраа чөлөөлж өгөөд явсан иргэнийг хохироосон бол хуулиар ч, журмаараа ч, гэрээгээрээ ч тухайн компани хариуцлага хүлээх ёстой. “Эргээд энэ газартаа ирж амьдарна” гээд явсан иргэний бүх зардлыг компани хариуцах ёстой.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцны чанар ямархуу байгаа бол. Чанарыг нь хэн, яаж хянаж байгаа вэ?
С.Очирбат: -Дахин төлөвлөлтөөр барьж буй орон сууц гэхээр өөр стандарттай байна гэж үгүй шүү дээ. Улаанбаатарт барилгын хяналтын 1000-аад байцаагч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт барилгын хяналтын байцаагч гэж 400 гаруй хүн бий.
-“Бид ажлаа хүчрэхгүй байна. Өргөх механизмын байцаагч гэхэд би ганцаараа улсын хэмжээнд ажилладаг. Хүн хүч хүрэлцдэггүй, барилга бүрийг байнга хянаж чаддаггүй” гэдэг шүү дээ?
-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар намайг ажиллаж байхад барилгын нэг байцаагчид 80 төсөл, арга хэмжээ хуваарилдаг байсан. Яаж ч бодсон нэг хүн 80 газраар орж шалгана гэдэг бүтэн сар хийгээд ч барахгүй зүйл. Тиймээс нэг хүн 20-25 төсөл, хөтөлбөр хянах ёстой гэдгийг хүн-цаг гэсэн графикаар нь заагаад өгчихсөн юм. Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Тэр объектыг шалгана” гэж худал хэлээд, өдөржингөө алга болчихдог байсан цаг одоо өөрчлөгдсөн. Жишээ нь, “Стандарт проперти” группийн барьж буй барилгыг шалгахаар очсон бол “Би энд ийм ажил хийж байна” гэдгээ эргээд албан газартаа мэдэгддэг технологид шилжсэн. Компани дээр хүртэл тэдэнд хяналт тавьдаг хүмүүс бий.
-Дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцны хороололд заавал сургууль, цэцэрлэгийн цогцолбор байх ёстой. Одоо хаана хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан бэ?
Л.Нарантуяа: -Одоогоор хоёр байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон. Сүхбаатар дүүргийн VII хороололд, мөн энэ дүүргийн 17 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулсан.
Тэмдэглэсэн Л.Ганчимэг, Ч.Мөнхзул
эх сурвалж: өнөөдөр сонин