Уг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй. Гэхдээ Монголд энэ хоёрыг садансуулах, заримдаа бүр нэг юмны хоёр тал мэт хүлээж авах байдал бараг соёл болж тогтсон үе бий. Чадалтай сайн зохиолч, яруу найрагч, орчуулагч гэдэг шалгуураар сонины нэг редакцид шилдгүүд бөөгнөрсөн сүүлийн тохиолдол нь 1994-1996 оны үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин гэж хэлж болно. Тэр үед тус сонинд Д.Цоодол, Г.Аюурзана, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Шагдайн Цэнд-Аюуш, Д.Энхболдбаатар, Ж.Батцэцэг, Ж.Дашдондог, Б.Шүүдэрцэцэг, З.Түмэнжаргал, Б.Галсансүх, Арлааны Эрдэнэ-Очир, Н.Билгүүн, Б.Эрдэнэсолонго, Дашмөнх, орчуулагч О.Чинбаяр, Б.Чимэдбат зэрэг олон уран бүтээлч ажиллаж байлаа. Ихэнхдээ тэр үед нэр алдар нь түгсэн, түгэж эхэлж байсан уран бүтээлчид. Тэгэхдээ өдөр тутмын сонины халуун тогоонд хайрагдаж шарагдаж, тэр үеийн сонины хэл найруулгын хатуу шалгуурт хяргуулж цавчуулж явсан нь тэдэнд их юм өгсөн гэж бодогддог.
Зохиолч хүн өөрийн бүтээлээ зараад амьдрах боломжгүй байсан тэр цаг үед талхны мөнгө олохын тулд ийнхүү сэтгүүлзүйн тогоо руу үсэрч ороод зарим нь тэндээ бүр шингэдэг, зарим нь уран бүтээлчийн даяанч сэтгэхүй, эрх чөлөөний тэмүүлэл нь гижигдээд төд удалгүй энэ хүрээнээс холддог байв. Ер нь бол ихэнх нь зохиолч сэтгүүлчийн аль нь ч биш болж хувираад түүнийгээ олж харахгүй би аль аль нь мөн хэмээн сэтгэсээр цагийг бардаг. Гэтэл нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, монголчууд зах зээлд шилжсэнээр зохиолч, орчуулагчид бүтээлээрээ амьдрах боломж нээгдсэнийг олж харсан олон хүн сонины бичлэгийн шагналд татагдан редакц хавиар уяатай ботго мэт эргэлдэхээ больсон билээ. Нийгэм солигдсон энэхүү 25 жилд зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Шүүдэрцэцэг, О.Чинбаяр, Р.Эмүжин тэргүүтэй зохиолчид хамгийн түрүүнд уран бүтээлээ санхүүгийн эрх чөлөө болгож чадсан. Тэднээс үлгэр аван зүтгэж буй хүмүүс ч олон байна.
Энэ удаад би орчуулагч, яруу найрагч О.Чинбаярын тухай өгүүлэх гэж байна. Тэрээр Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр дүүргээд 1994 оноос “Ардын эрх” сонинд ажиллаж эхэлсэн юм. Тэр үед сонины өглөөний шуурхай гэж гал авалцсан ширүүн хурал болж, дугаарын алдаа оноог шүүн хэлэлцдэг байлаа. Шийтгэл нь ч чанга, урамшуулал нь ч бас дажгүй байж. Хамгийн гол нь бичвэр болгоны алдаа оноог хэлэлцдэг учраас маш том сургалт болдог байв. О.Чинбаяр хааяа Гадаад мэдээний хэлтсээ төлөөлөн шуурхайд суух бөгөөд хэлж ярьж буйгаас нь илт мэдлэг үнэртдэг залуу байж билээ. Хоёр жилийн дараа “Толь” сониныг Д.Цэдэнтэй хамт гаргаж чөлөөт хэвлэлийн талбарт хөл тавьснаас хойш сонин, сайт эрхэлж, ер нь энэ салбартаа нэр хүндтэй яваа хүн.
Гэхдээ О.Чинбаяр өөрийгөө орчуулагчийн хувьд илүүтэй зарлан тунхаглаж чадсан нэгэн. Яруу найргийн орчуулагч хэмээх мэргэжил нь ч үүнд нөлөөлдөг биз. Хэний ямар зохиолыг орчуулбал монгол уншигчид илүү өгөөжтэй байх бол гэж сонголт хийдэг болохоос ямар ном хурдан борлогдож их мөнгө олох вэ гэдэг өнцгөөс ханддаггүй нь О.Чинбаярыг орчуулагчийн хувьд үнэ цэнэтэй болгодог. Мэргэжлийнхээ үнэ цэнийг дээдэлдэг, ёсзүйтэй, эрхэмлэх зарчимтай хүний л зан юм даа.
Дэлхийн хорь хүрэхгүй орны уншигчид эх хэлээрээ уншиж буй “Үлисс”-ийг орчуулахад нь түүний хөдөлмөрч, уран бүтээлч чанараар үнэхээр бахархаж билээ. Алдаа мадаггүй орчуулахын тулд тайлбар толь сэлтээс утгыг нь хайж шүүсэн таньж мэдэхгүй, эргэлзээтэй үгийн тоо гэхэд л 10 мянга гарсан гэхээр ямархан нүсэр хөдөлмөр байсан нь тодорхой. Өнгөрөгч хорьдугаар зууны манлай 3 романы нэг гэгддэг энэхүү модернист зохиол мянга гаруй хуудастай, 2 кг жинтэй, орчуулахад үлэмж хэцүү зохиол. Зохиолч Жэймс Жойс долоон жилийн турш бичсэн, зөвхөн Японд гэхэд л зургаан орчуулагч хувааж аваад гурван жил сууж байж ард нь гарсан энэ номыг О.Чинбаяр жил найман сарын дотор эх хэлнээ буулгасан. Энэ бахархал биш гэж үү? Арваад хэлний үг хэллэг хольж ашигласан, нэлээд боловсорсон уншигч ч гэсэн нэг хоёр уншилтаар бүрэн гүйцэд ойлгодоггүй энэхүү бүтээлийг орчуулаад өгөөч гэж хэн ч түүнээс гуйгаагүй. Монгол уншигчийг сэтгэлгээний өндөрлөг рүү, утга зохиолын боловсролын илүү дээд түвшин рүү уриалан дуудсан уран бүтээлчийн эх оронч сэтгэл нь түүнийг ийм том ном орчуулахад хүргэсэн гэж хэлмээр байна. “Үлисс” манайд орчуулагдсан гэхээр гадныхны нүд нь орой дээрээ гарч, хэрхэн бахархаж байхыг хараад “Үлисс” бол эх хэл дээрээ орчуулсан тухайн орны нэр хүндийг өндөрт өргөдөг агуу бүтээл гэдгийг мэдэрсэн билээ.
Хэрмэн Мэлвиллийн “Моби Дик” роман бас л баргийн орчуулагч зориглож барихааргүй том ном. Тэр тусмаа далай, далайчны амьдрал, халим агнуур гээд монголчуудад танил бус ахуйтай холбоотой, монгол хэлэнд тэр бүр байхгүй нэр томъёо ихтэй бүтээлийг орчуулна гэдэг нажидаа эдлэх бэрх хөдөлмөр болохыг ганц нэг ном орчуулах гэж саваагүйтэн оролдсон хүний хувьд би сайн мэднэ ээ. Сайн зохиолыг орчуулах, оршуулах хоёрын завсарт маш өчүүхэн зай байдаг. Энэ өчүүхэн зай нь асар их мэдлэг, ур чадвар шаарддаг. Орчуулагч О.Чинбаяр үүнд гартахааргүй болсныг түүний орчуулахаар “амлаж давсан” бүтээлүүд жилээс жилд чангарч байгаа явдал нотлон харуулж байна.
Олон жилийн өмнө би “Оргил оргилтойгоо ханьсдаг” гэж бичээд, бүр сонины булангийн нэр хүртэл болгож явсан удаатай. Тэгвэл Габриель Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй” тууж,Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг”, Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Хэрмэн Мэлвиллийн “Моби Дик”, Жэймс Жойсын “Үлисс”, “Дүблинчүүд” зэрэг нэр хүндтэй номуудыг эх хэлнээ буулгасан О.Чинбаяр Монголын үе үеийн агуу сайхан орчуулагчдын ханьсан зиндаархах тэрхүү ноён оргилд нэгэнт хүрчээ.
Түүнийг Далай ламын сонгомол бүтээлийн 9 ботийг монголчилсон тухай нь хэлэхгүй өнгөрвөл бас алдас болно. Орчуулсан, хэвлүүлсэн бүтээл бүрийг нь тоочно гэвэл мөд дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд л О.Чинбаяр Германы нэрт зохиолч Хэрман Хэссэний “Талын чоно”-ыг орчуулан хэвлүүлж, номын нээлтээ өчигдөр хийжээ. Бас дахиад нэгэн гайхамшигт бүтээлийг тэрээр монгол уншигчдадаа бэлэглэлээ. Хэрман Хэссэний “Талын чоно” байгаагүй бол XX зууны урлагийн бүтээлүүд, авангардизмд маш их зүйл орж ирэхгүй байх байсан гэж хаа нэгтээ уншсан санагдана. Харин О.Чинбаяр байгаагүй бол XXI зууны монгол уншигчид дэлхийд гайхагдсан маш олон зохиолыг эх хэлээрээ уншталаа удах байлаа.
Урианхан Б.Галаарид
2015.08.31.