Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан.
Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдрийн 10 цагт Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам – Цэцээ гүн, Манзушир хийд – Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцоно.
Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхааруулсан байна.
Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Байгалийнхаа анхдагч төрх байдлыг харьцангуйгаар сайн хадгалсан дэлхийн цөөн улсын тоонд манай орон багтаж байгаагийн үндэс нь монгол туургатан эрт цагаас “тахилга” хэмээх өөр хаа ч байхгүй өвөрмөц сонин, үр өгөөжтэй хэлбэрээр эх байгаль, газар шороо, нутаг ус юугаан дээдлэн хамгаалж ирсэнд оршдог.
1696 онд Халх-Ойрдын дайн дажин нэг тийшээ болж Өндөр гэгээн болон Халхын ноёд Долнуураас Их Хүрээнд буцаж ирэх замдаа Богдхан уулын Төрхурахын аманд хан, ван, гүн, бэйл бэйс тэргүүтэн ихэс ноёд нь, Шажинхурахын аманд хутагт хувилгаад, лам нар нь отоглон бууж Хонхорын Цагаан толгой, Бумбан толгой хоёрыг тахиж Анхдугаар Богд Жавзандамбын насан хутаг бат орших бэлгээр даншиг мандал өргөн эрийн гурван наадам хийжээ. Тус уулын зүүн талын зэргэмцээ хоёр сайхан амыг Шажинхурах, Төрхурах гэж нэрлэснийг дээрх үйл явдалтай холбон үздэг юм.
1696 оны тэрхүү Даншиг наадамд Донхор Донир гэдэг хүний сойж уралдуулсан морь түрүүлэхэд түүнд “Түмэн эх” цол өгч шүлэг зохиогоод аялгуулан дуулж магтсан нь “Түмэн эх” хэмээх уртын дуу төрж улмаар хурдан морь гарах, ирэхэд энэ дуугаар ая барьдаг уламжлалтай болсон байна. Тэхлээр энэ сайхан дуу Хан уулын хормойд төрж өдгөө Хан уулынхаа хормойд цуурайтсаар 300 гаруй жил болж байна.
1709 оноос мөрдсөн “Халх журам “хэмээх хууль цаазын бичигт Хэнтий хан, Богдхан, Зоргол хайрхан уулыг дархан цаазтай болгосон тухай дурдсанаас үзвэл дархан газруудаа тайж тахидаг уламжлал ёсоор тахилга үйлддэг байсан байна.
Эзэн хааны зарлиг ёсоор 1778 оноос Богдхан уулыг тахих болсонтой холбогдуулан тэргүүн оргил Цэцээ гүний орой дахь хадан цохионы өвөрт “Сүлдийн сүм” гэх мянган зааны хошуу бүхий дэрэвгэр дээвэртэй, алтан ганжиртай, их таван ханатай гэрийн хиртэй дугуй сүм, овооны хурал хурах заамал дүнзэн байшин барьж, сан тавихад зориулсан гурван зааны хошуу, хөл гарган урласан асар том ширмэн бойпор суурилуулж, арц, хүж зэрэг үнэртэн уугиулах зориулалтаар эргэн тойронд нь дээрээ ширмэн тогоо бүхий 13 жижиг төмөр тулга байршуулан, төр ба шашны хоёр овоог /түүний баруун талынхыг Төрийн, зүүн талынхыг Богдын буюу шашны овоо гэнэ/ засч, “Лусын худгийг” олж нээн тусгай дэг жаягийн дагуу тахилга хийдэг болсон ажээ.
Тахилгад Хүрээнээс цорж лам, цогчин унзад, гэсгүй гэхчлэн 50-иад лам, Манзушир хийдээс цогчин, их умзадтайгаа 42 лам, Богд Хаант улсын таван яамны сайд, Хүрээ сайд, Манжийн амбан зэрэг ихэс ноёд болон Богдхан уулын Цагдаа нарын дарга нь бүх цагдаатайгаа заавал, бусад нь өөрийн дураар оролцдог байжээ.
Богдхан хайрхан уулыг жил бүрийн хавар намар хоёр цагт албан ёсоор тахиж төр ба шашны овоондоо мөргөн хүндэтгэл үзүүлж улмаар гурван зүйлийн наадам хийдэг болсныг уул тайлгын наадам хэмээн нэрлэж байжээ. Бас арван засгийн наадам ч гэдэг байсан байна. Энэхүү уул тайлгын наадмыг 1920-иод оны эхнээс цэргийн, улмаар Ардын Хувьсгалын, эдүгээ Ардын хувьсгалын ойн буюу Үндэсний их баяр наадам гэх болсон байна. Тэхлээр бидний жил бүрийн 7-рсарын 11-нд тэмдэглээд байдаг баяр наадам нь Богдхан уулын тахилгаас эхтэй ажээ.
1924 оноос эхлэн Богдхан уулыг тахих явдлыг Ардын Засаг өөртөө авч хариуцдаг болсон ч энэ үеэс эхлэн Богдхан, Хэнтий хан зэрэг уулыг тахих ёслолын цар хүрээ аажмаар багассан байна. Улмаар 1922 онд Хүрээнд байгуулагдсан Голын музейн сан хөмрөгийг баяжуулахаар 1924-1925 оны үеэс Богдхан уулын дэвсгэр дэх сүм хийдүүдээс түүх соёлын ховор нандин дурсгалуудыг татаж, тахилга хийж байгалиа дээдлэх ач холбогдлыг нь эс харгалзан зөвхөн сүсэг биширэлтэй холбон 1930-аад оны сүүлчээс сүм хийдүүдийг нь нурааж эхэлснээр тахилга орон нутгийн шинж чанартай болж эхэлсэн байх ажээ.
1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 110-р зарлиг гарч Богдхан, Хан Хэнтий, Отгонтэнгэр уулсыг төрийн зүгээс дөрвөн жил тутамд албан ёсоор тахих тухай зарлиг гаргасан юм. Богдхан уулыг дархалсны 215 жилийн ойг 1993 онд албан ёсоор тэмдэглэх ёслолын хүрээнд анх удаа Чандманы амны Хийморийн овоо, Зуун модны амны Ламтаны овоог нэгэн зэрэг тахиж, улмаар 1994 онд Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээсэн юм.
1998 онд Богдхан уулыг дархалсны 220 жилийн ойгоор Байгаль орчны яам, Төв аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулан Нийслэлийн Хан уул, Баянзүрх дүүргүүдийн оролцоотойгоор урьд тодотгосон дэг жаягийн дагуу Цэцээ гүн оргилыг тахисан.
1999 онд нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 360 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, тахилгын сангийн оролцоотойгоор Цэцээ гүнийг тахижээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээгүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон байдаг.
Эх сурвалж: www.mnb.mn