“BBC magazine” 2050 оныг хэт сайхнаар төсөөлөх хэрэггүй хэмээх нийтлэл гаргасныг уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна.
Ирээдүйгээ сайхнаар төсөөлж амьдрах мэдээж сайхан хэрэг. Гэрэл гэгээтэй ирээдүй, өнөөдрийнхөөс сайхан тав тухтай орчин гэхчлэн бүх зүйл илүү хялбар болно гэж бид төсөөлж байгаа.
Ялангуяа 2050 оны тухай бид хэтэрхий сайхныг төсөөлж, тэр цагт өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал бүхэн зовлон биш болно гэж бодож байгаа нь үнэндээ өрөөсгөл байх вий.
1980-аад онд бид 2000 оны тухай ярихдаа зүүд зэрэглээ мэт л байна хэмээн төсөөлдөг байсан. Ёстой л дэлхийн хөгжил дээвэртээ тулсан байна гэж боддог байсан бодол маань тэр цагтаа хүрэхэд төдийлөн гайхал төрүүлээгүй. Гэхдээ өнгөрсөнд бүтээсэн бүхнээ үгүйсгэж хэрхэн болох билээ.
Бид ирээдүйг эдийн засгийн хүчирхэг байдал, нисдэг машин, технологийн өндөр хөгжил, интернэтийн хязгааргүй төгс хэрэглээ, гайхалтай загварлаг хувцаснууд, ухаалаг роботууд, өндөр хөгжилтэй хотуудаар төсөөлж байгаа. Тийм орчин нөхцөлд амьдрах сайхан ч түүнтэй зэрэгцээ олон бэрхшээлүүд тулгарахыг тооцоолох хэрэгтэй.
Дэлхийн хүн ам одоогийнхоос гурван тэрбумаар нэмэгдэж үржинэ. Хүн бүхэн үндсэн эрхээ эдлэхийн тулд идэж уух, амьсгалах, цэвэр тухтай орчинд амьдрах гэхчлэн хэрэгцээ улам өснө. Хүний хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдал ч хянахад хэцүү хэмжээнд хүрч мэднэ. Тэдгээрийг шийдэх ухаалаг шийдэл гарна гэж байгаа ч тийм ч амар байхгүй нь ойлгомжтой. Хүн ам ихтэй орнууд улам ядуурах магадлал өндөр байгааг судалгаа бэлхнээ харуулсан. Байгалийн баялаг барагдаж эхлээд байгаа өнөө үед ийм хүндхэн нөхцөл байдал үүсчихээд байхад хаа байсан 2050 он гэхэд байгалийн гэх зүйлс улам л хомсдсон байх нь ойлгомжтой.
Сонин сэтгүүлээс уншдаг гайхалтай хөгжлийн зөгнөлүүд биелэсэн ч тэдгээр нь тодорхой хүрээнийхэнд л төгс ашиглагдана. Ядуу хүмүүс тэдгээр гайхалтай хөгжлийн хурдыг үзэж сонсохоос бус мэдэрч чадах эсэх нь эргэлзээтэй.
Хүмүүс хэт хөгжлийн явцад бодит хөгжил буюу хоорондын амьд харилцаагаа гээх магадлал тун өндөр байгаа. Ирээдүйд хүмүүс роботтой гэрлэнэ, хаашаа ч явах шаардлагагүй гэрээсээ хүссэн газартаа очиж, хүссэн хүнтэйгээ харилцах боломжтой болно гэцгээнэ. Гэтэл энэ бүхэн нь бодит бус харилцаа байх болно.
Дээр дурдсанчлан бидний хүсэн хүлээж байгаа 2050 онд чухам юу хүлээж байгааг мэдэхгүй учраас бодит байдлаар асуудал хандаж, хэтэрхий сайхнаар төсөөлөн бодох хэрэггүй л болов уу.