МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өнөөдөр АТГ-ынхан нэгжлэг хийгээд буцжээ. Ямар шалтгаанаар нэгжлэг явуулах болсон нь тодорхойгүй байгаа юм. Бүх шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг гэм буруутайг тогтоож Д.Дуламсүрэнгээс бусадад нь хорих ял оноосон. Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Н.Энхбаяр Клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Шүүхээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн байтал Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн нь ихээхэн анхаарал хандуулахад хүргээд байна. Энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг саяхнаас холбогдуулан шалгаж байгаа юм.
Н.Энхбаяр нарын хэрэгт Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэн эрэн сурвалжилсан ба “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой хэмээн буруутгасан. Н.Энхбаярыг ч дээрх хувьчлалуудтай холбоотой, гэм буруутайд тооцож шүүхээс хорих ял оноосон. Иймд “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалд Н.Энхбаярын даалгавараар Л.Билэгт хувьчлалын асуудлыг шийдсэн гэж үзэх нь бий.
Н.Энхбаярын гэрт өнөөдөр нэгжлэг хийх болсон нь “Т.Билэгтийг АТГ-ынхан шалгаж эхэлсэнтэй холбоотой, түүний хуулийнханд өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор нэгжлэг хийж байгаа” гэсэн мэдээллийг хуулийнхны зүгээс нэгэн албан бус эх сурвалж мэдээллээ. Нэгжлэг хийх болсон нь Т.Билэгттэй холбоотой гэж үзэх хүн цөөнгүй байна.