Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өлзий учралтай өдрүүдэд уяачдын галд хүүхдийн гийнгоо цангинаж, газар газрын хурдан буянууд уяач эзэн, наадамчин олноо баярлуулж хотол түмнээрээ сайхан наадлаа.
Үндэсний их баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаанаас хамгийн үзүүштэй нь болох Соёолонгийн гараанаас газар газрын 354 хүлэг эргэснээс Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаагийн Хонгор соёолон түрүүлж барианд орж хурсан олон, наадамчин түмнээ баярлууллаа. Жил болгон уламжлал болон Соёолонгийн түрүүд гардуулдаг “Алтантүрүү” цомыг энэ жил 5 дах жилдээ уламжлал ёсоор соёолонгийн түрүү магнайд гардууллаа.
Түрүү соёолон нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын унаган адуу бөгөөд Дааган насандаа Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, Говь алтай аймгийн 70 жил Баруун бүсийн даншиг наадамд айрагдаж, Шүдлэн насандаа ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж улс, бүсийн наадамд завсаргүй айрагдаж ирсэн байна.
Энэ наадамд уяа сойлгыг Монгол Улсын алдарт уяач Б.Отгоннасан тааруулж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч 12 настай хүү Отгоннасангийн Зулбаяр унаж хурдлуулсан бөгөөд “Алтантүрүү” цомыг дагалдан уяач болон унасан хүүхдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардуулсан байна.