Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллараас хол давж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн энэ үед төрийн түшээд дахиад гаднаас зээл авахаар хөөцөлдөж эхэлжээ. Авч болох бүхнээсээ авсан Монгол Улс хамгийн сүүлчийн ганц боломжоо ашиглаж ОХУ-аас мөнгө гуйжээ. Хоёр хөрш болох Хятад, ОХУ-аас л мөнгө гуйгаагүй байсан Монгол Улс саяхан төрийн тэргүүнээ Хятадад айлчлуулж 1 тэрбум ам.долларын зээл гуйсан. Тэгвэл энэ удаад ОХУ-аас рублийн зээл гуйж, олгоно гэдэгт найдаж буйг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээр дамжуулан хэлжээ. Түүнчлэн Л.Пүрэвсүрэн “Төрийн Дум Монгол Улсад мөнгө зээлэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа” тухайгаа илэрхийлж, “ОХУ-аас 1 тэрбум ам.доллартай тэнцэх рубль хүсч”, их хэмжээний рубль орж ирснээр, “төгрөг, рублийн хоорондох арилжаа хөнгөрч хоёр талын худалдаа сайжирна”гэх утгатай юм ярьжээ. Хэдийгээр ОХУ сүүлийн үед зээлдэгчдэд харьцангуй уян хатан хандаж байгаа ч Монгол Улсад мөнгө зээлэх асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцэх бололтой. Түүчнлэн Монгол Оросын компаниуд оруулж ирэх, байгаа компаниудад нааштай хандах эсэхээс ихээхэн хамаарах гэнэ. Хэдийгээр Монгол Улс “Чингис” бонд, “Самурай” бонд, “Хөгжлийн банкны” бонд, “Дим Сам” бонд зэрэг цөөнгүй бонд гаргаж, эдгээрийнхээ хүүнд өдөрт 1 цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэж байгаа ч ийнхүү дахин хүүтэй мөнгө зээлсээр явна.
Э.Төгс