Манай улсын хуульд бусдад биеэ үнэлэх, бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, зохион байгуулахыг хатуу хориглодог. Харин нийслэл хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд, саун, караоке болон зочид буудлуудаар шөнийн эрвээхэйнүүд үүрээ засаад багагүй хугацаа өнгөрлөө.
Чамгүй ашигтай энэхүү далд бизнес нь нууц хэлбэрээр олны нүднээс далд явагддаг болоод ч тэр үү хууль хяналтынханы хараанаас холуур өнгөрөх нь элбэг.
Цагдаагийн байгууллагаас явуулдаг гэнэтийн шалгалтаар бусдад биеэ үнэлдэг “шөнийн эрвээхэй”-нүүдийг албадан саатуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулан, хуулийн дагуу торгох арга хэмжээ авдаг ч маргааш нь эргээд л ажилдаа гарчихсан тууж явдаг аж. Нэг үеэ бодвол биеэ үнэлэгчдийн ажлаа явуулах арга барил ч өөрчлөгдөж илүү нарийн зохион байгуулалтад орсон гэхэд болно.
Тухайлбал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 22-нд явуулсан гэнэтийн шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нэгэн цэнгээний газраас гадаадын иргэдэд биеэ үнэлдэг 10 гаруй охидыг баривчлан саатуулжээ. Шалгалтын үед 20-30 насны эдгээр 12 эмэгтэй найман солонгос залууд биеэ үнэлж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж. Тэднийг 31 настай эмэгтэй У гэгч нь зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан нь тогтоогджээ.
Тэрбээр өөрөө БНСУ-д олон жил амьдарч байгаад Монголд ирсэн бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бүсгүйчүүдийг цуглуулан ийнхүү нууц газарт цэнгээний газар байгуулж, биеийг нь үнэлүүлдэг байсан байна.
Манай сурвалжлах хэсэг эл хэргийн мөрөөр уг нууц цэнгээний газарт очлоо. Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу “Гандантэгчэнлин хийд”-ийн ойролцоо Орхоны 5-15 тоотод байрлах энэхүү цэнгээний газар гаднаасаа энгийн л нэг айлын өвлийн байшин мэт. Өндөр төмөр хашааны буланд хяналтын камер зоосон байв. Гэр хорооллын гудманд гаднаа камертай хашаа байсныг олж хараагүй болохоор дотор ямар нэгэн нууц зүйл байгаа нь ойлгомжтой. Хашаанд орж байшингийн гаднахыг харлаа. Байшингийн өмнө босгоод нэлээд удсан гэлтэй жижигхэн суварга байх аж. Биеэ үнэлэгчдийн үүрэлсэн энэхүү даруухан том байшинд өмнө нь сүсэг бишрэлтэй лам аж төрж байсан юм уу гэмээр. Харамсалтай нь татсан тамхины иш, уусан пивоныхаа шилийг суварганд хийгээд орхичихож.
Цааш явж байшингийн өмнө зогслоо. Гаднаасаа зүгээр л нэг өвлийн байшин мэт боловч хаалга цонх зэргийг дотроос нь хөөсөнцөр, паниараар битүүлж хаджээ. Дотор нь болж буй наргиан цэнгээн, дуу шуугианыг дарах үүднээс хаалга цонхоо битүүлэн хадсан бололтой.
Дотогш орж байшинтай танилцлаа. Караокены хэд хэдэн өрөө, хаалттай хэд хэдэн хаалга, жижигхэн өрөөнд хураасан архи шар айраг зэрэг нь ундуй сундуй харагдана. Цагдаагийнханы шалгалтын үеэр хам хум баригдаад гарсан солонгос эрчүүд Монгол “эрвээхэйнүүд”-ийн ууж хэрэглэж байсан архи, шар айрагны үлдэгдлүүд ширээн дээр хөглөрч эмэгтэй хүний нимгэн хувцас, өндөр өсгийтэй гутал өрөөний голд тарсан байв. Цоожтой өрөөний хаалгыг дугаарласан байсан бөгөөд доторхийг нь буудлын зориулалтаар тохижуулсан байв.
Гэр хорооллын энгийн нэг гудманд нарийн зохион байгуулалттай “биеэ үнэлэгчдийн газар” байна гэж хэн санах билээ. Энэ мэт жижиг “эрвээхэйн үүр” нийслэл хотод хэчнээн байгааг бид мэдэхгүй.
Харь орны эрсийн өврийг дулаацуулж халтар хэдэн цаас халааслах хөөрхий монгол бүсгүйчүүд хүртэл нэгнийгээ зарж идсээр байгаа нь харамсалтай.