Яруу найраг: Цод болдон хошуу

12118600_761820260629483_6546310259606717193_nЦод болдон хошуут үзэгнээс
Цөнгийн найраг түрэх юм
Намуухан хөгжмийн уусах аянд
Намсхан аядуу зөөлөн бүжих шиг
Цэнгэл баяраар хөөрөөд
Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг
Нар сар од гурав зэрэгцснийг
Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг
Цод болдон тэр л үзгийн хошуу
Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна
Гэгээвч цонхоороо харах вий гэж
Гэрэл сүүдрээ тааруулж
Хаалга үүдийг онголзуулах зуур
Хамгийн гоё үгс гарчих вий гэх
Толгойгоо хоосон руу зүглүүлэвээс
Торгон санаанууд минь замхарчих гээд
Цод болдон тэр л үзгийн хошуунаас
Үүрийн гэгээ шиг төгс Амитабаг л
Агуу тэр хүн амилуулсаан
Ингэн буйлаан ботгон нулимстай
Ижилгүй ганцхан ижийг л санагалзуулмаар
Аялгууг нь сонсохул
Аль л хэзээний сэтгэлд оршсон
Анирлах ийм л яруу хөгжим байдгаа гэмээр
Цод болдон тэр л үзгийн хошуугаар
Цагаан суваргыг
Цаглашгүй аяыг
Агуу хүн л эгшиглүүлсээн
Ай хө ган үзэг минь
Чамаас тийм л гэгээхэн аялгуу
Чамаас тийм л зүрхний найраг
Чамаас тийм л оргилуун үгс
Цацарч
Уяруулж
Уйлуулж
Арилшгүй мөрөө
Амьсгалах тооны дунд минь тод үлдээсэн
Агуу хүмүүнүүд
Арай л илүүг
Амьдрахуй энэ цаг дор гүн гүнзгий
Мэдрүүл мүү надад
Ай хө цод болдон ган үзэг минь…
Час хийсэн
Чамайгаа л бишир мүү…

Балбар Энхбат 2015.10.09

Эх сурвалж: biirbeh.mn

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …