Архинаас гаргах товч заавар

hqdefault

Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.

Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүст товчхон нэг загварыг санал болгож байна. Бие даан, өөрийн хүчээр архинаас гарахдаа ашиглах загвар шүү.

За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:

1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаагаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.

2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартах, шартажж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээрээ харуул. “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.

3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнөх амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.

4. Архинаас гарахад тус болох гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд тэдэнд байхгүй их хор шар, хүчтэй сэдэл байгаа нь ойлгомжтой.

5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу? Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ. Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.

6. …

7. …

8. …

Ямар ч байсан эхний 4-ийг нь хэрэгжүүлчихсэн байхад 5-дахь зүйл дээр толгой чинь аяндаа л сийрэг ажлаад эхэлнэ. Харж л байгаарай. Өөр нэмэхээр юм байгаа бол нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …