Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч, МУИС-ийн доктор багш Долгорын Батжаргал гэж чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж явдаг их хүмүүн байх. Түүнтэй уулзаж, зохиол бүтээл болон залуу насных нь дурсамж дурдатгалаас хуваалцлаа.
-Юуны өмнө таны төрсөн нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо…
-Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх сум гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг шиг цатгалан могой шургаж чадамгүй хөвч тайгатай сайхан нутаг бий. Тэр л нутагт би төрж өсөөд, дунд сургуулиа дүүргээд, ахлах ангийг Мөрөнд төгссөн юм. Түүнээс хойш олон он улирсан ч бага насныхаа дурсамжтай үргэлж биш ч үе үехэн учирч, шүлэг зохиолдоо оруулж тэр л гэнэн цайлган насаараа бахархан баясч, хөөрч догдолж явдаг юм аа. Манайх малчин айл байлаа. Ээж, эгч хоёр маань фермийн саальчин хийнэ. Манай нагац эгчийн хүү бид хоёр их ойрхон өссөн юм. Насны хувьд хэдхэн сарын зөрүүтэй үеэлүүд байхгүй юу. Тэр маань бас шүлэг зохиолд их дуртай учир бид хоёр сумынхаа номын сангийн идэвхтэн уншигчид байлаа. Оюундалай гэж номын санч эгч бид хоёрт их сайн, номыг цэвэрхэн уншдаг гэж зуны амралтаар унших ном өгнө. Тухайн үед манайх цөөн хэдэн хоньтой байсан юм. Гэвч айл айлаас нийлсэн нэгэн суурь хонийг үеэл бид хоёр л голлон хариулна. Хонио хариулангаа номоо уншина. Хонины бэлчээр бол ном ушихад их тохиромжтой байж. Яагаад гэвэл хонин сүрэг урт хөлийн мал шиг дэрхийгээд алга болчихгүй тогтуун сайхан идээшилнэ. Тиймээс зуны халуунд модны сүүдэрт, голын харгиан дээр гээд хонио дагаад л уншаад явна. Том том номуудыг хоёр, гуравхан өдөрт уншчихдаг байсан юм.
-Ер нь та багадаа уран зохиолд их хорхойтой хүүхэд байж ээ?
-Тийм. Миний “Шүлэг яаж бичих вэ” номонд ч орсон бий. Анх хоёрдугаар ангийн сурагч байхдаа Н.Банзрагчийн “Зам” романыг уншсанаа их сайн санадаг юм. “Хүн бүр өөр өөрийн замтай. Тэр зам бол эцэс төгсгөлгүй амьдрахын хүслэн оргилсон зам” гэж уншаад баярлан баясаж явж. Ер нь унших дур хүслийг ах маань өдөөж өгсөн юм шиг байгаа юм. Юу гэхээр хамт цөцгий тээгээд явж байхдаа ах маань А.Дюмагийн “Монте Кристо гүн” зохиолыг ярьж өгнө. Ном их ярьж өгнө. Дараа нь ахын ярьж өгсөн номуудыг өөрөө уншиж амт шимтийг мэдэрч байлаа. Мөн ээж маань их үлгэр мэддэг хүн байж билээ. Өвлийн шөнийн уртад үйл үртэс оёно, эсвэл бидэнд үлгэр ном, домог хууч ярьж өгнө. Тэр бүхнийх нь ач ивээлээр үг холбож хэдэн ном бичиж яваа хүн дээ, би.
-Таны анхны шүлэг бүтээл хэзээ төрсөн бэ?
Энэ их урт түүх ээ. Би чинь анх математикийн ангид байсан хүн шүү дээ. Математик, физикээр шалгалт өгч МУИС-ийн математикийн ангийн хуваарийг Мөрөнгөөс шууд авч ирсэн оюутан байлаа. Математик, физикийн факултет I байранд хичээллэдэг байхгүй юу,одоо ч хэвээрээ л байна. Тэгтэл одоо энэ II байран дээр “С.Дулам багшийн дугуйлан хичээллэнэ” гэсэн зарлал гарсныг дуулаад их хөөрч догдлон хүрээд ирлээ. Тэр дугуйлангийн анхны дугаарыг талийгч З.Түмэнжаргал ах хөтөлсөн юм. Тэр үед Түмээ ах “Ууган намар” шүлгээ уншихад,
“Аймгийнхаа хилийг алхаж чадаагүй банди
Англиар дуу дуулна, дэвхэцнэ…” гэсэн мөрүүд нь сэтгэлд хоногшиж байв. Дараа нь тэр дугуйланд тогтмол явж, олон ч шүлэг бичиж дээ. Манай Дан.Нямаа намайг “Алтрагийн хүү” гэдэг шүлгээр минь сайн мэддэг. Яагаад гэхээр анх тэр шүлэг маань сонинд хэвлэгдсэн. Тэгээд хүмүүс их тоосон юм шиг байгаа юм. Тэр нь:
Халгиаг нь дуурайн хөлд орж
Харгиаг нь сонсон хэлд орж
Шүүдэр тунгалаг усыг нь
Сүүдэр адил дагасан
Би Алтрагийн хүү
Мөрөнд нийлэх хүслийг нь өвөрлөн
Мөнхөд тэмүүлэх хүчийг нь өвлөн
Шүүдэр тунгалаг усыг нь
Сүүдэр адил дагасан
Би Алтрагийн хүү гэсэн аравхан мөр шүлэг аймгийн сонинд гарсны дараа ах маань шүдэнзний хайрцагнаас томгүй хэмжээтэй хайчилбарыг нь захидал дотор хийж надад илгээж. Тэрийг нь би дэвтэр дээрээ наагаад хүн амьтанд үзүүлж, найзууд баяр хүргээд л их хөгжилтэй байж. Тэгээд би тэр үед “Төмөр замын техникум”-д сурч байсан нэг дүүдээ үзүүлэхээр очиж нөгөөх маань бас нэг айлд байдаг. Тэгсэн надад баяр хүргэн шүлгийг маань мялааж нэг гамбир хайрч өгч байлаа. Тэрхүү хайчилбараа бариад би бараг бүтэн жил хөөрч гүйсэн дээ. Одоо болтол Дан.Нямаа маань надад ном бүтээлээ өгөх болгондоо “Авьяас билигт Алтрагийн хүү..” энэ тэр гэж бичиж өгдөг юм.
-Алтраг гэдэг чинь танай нутагт урсдаг гол бил үү?
Тийм ээ. Манай Баянзүрх сумын баруун зүүн талаар урсах Алтраг, Бэлтэс голууд домогт Бошлой хадны дор Дэлгэрмөрөнд цутган нийлж цааш урсдаг юм.
-“Намайг сансарт нисвэл” гэдэг шүлэг тань дөрөвдүгээр ангийн сурах бичигт орсон байдаг. Энэ шүлгийнхээ тухай ярихгүй юу. Мөн хүүхдийн зохиол руу шуудран орсон үе тань хэзээ вэ?
-1982 онд бичсэн байх шүү. 1981 онд Д.Гүррагчаа сансарт ниссэн шүү дээ. Тэрхүү сайхан үйл явдалтай холбогдуулан “Утга зохиол” сонин, ер нь их олон сонин хэвлэл хоёр шүлгийг их дээдэлж нийтэлсэн юм. Нэг нь их Нацагдоржийн “Од”, нөгөө нь Долгорын Нямаа гуайн “Шөнийн талд адуу янцгаана” шүлгүүд. Тэгээд яг Гүррагчааг сансарт нисэх үеэр яруу найргийн том үдэшлэг циркт болдог юм байна аа. Тэр үдэшлэгийг Ардын уран зохиол Д.Пүрэвдорж гуай хөтөлж олон ч сайхан яруу найрагч, зохиолчид шүлэг бүтээлээ уншсан юм. Миний санаж байгаагаар С.Удвал гуай “Арван төгрөг”, Б.Явуухулан “Сансрын хөлөг дахиад л хөөрнө”, П.Бадарч гуай “Эх орны хүлээлт” зэрэг шүлгүүдээ уншсан юм. Их гүн утга агуулгатай сайхан шүлгүүд байсан санагдана. Тэгээд сансар огторгуй, эх орны сэдэвтэй сайхан шүлгүүд сонссоны эрчим хүчээр нэг шүлэг бичье гэж Элбэгдаваа бид хоёр тэднийд очлоо. Тухайн үед тэр найз маань Зурагтад нэг шавар байшингийн зөвхөн гал тогооны өрөөнд нь нэг ортойгоо амьдардаг байлаа. Тэгтэл Элбэгдаваа маань
Асар тэнгэрийн долоон бурхан од
Асуултын тэмдэг шиг долоон бурхан од… гээд биччихжээ. Би харин хүнээс өөр л биччих санаатай яваад байлаа. Учир нь тухайн үед би гуравдугаар курсын оюутан юмны наадах цаадхыг мэддэг болчихсон байхгүй юу. Тэгээд бичсэн шүлэг болгон сэтгэлд хүрэхгүй явсаар 1982 онд “Намайг сансарт нисвэл” гэж хүүхдийн сэдэвтэй тэр шүлгийг бичсэн юм. Тэгсэн олон хүн намайг хүүхдийн шүлэг бич, хүүхдийн зохиолч бол гэдэг юм байна. Найзууд маань намайг “Чи ч нээрээ хаана ч нүүр бардам унших нэг шүлэгтэй болжээ” энэ тэр гэж хөөргөнө. Би ч зохиолч уншигчдын уулзалт энэ тэр дээр нөгөөхөө уншина. Тэгээд л 1982 оноос хойш одоо болтол хүүхдийн зохиол бичиж, шүлгийн ном гаргаад хүүхдийн зохиолч гэгдсээр 30 гаруй жил болсон байна.
-Тухайн үед ямар ямар хүүхдийн зохиолч байв. Тухайлбал, Д.Содномдорж гуайн бүтээлүүдийг уншдаг байв уу?
-Үгүй ээ үгүй, эхлээд бид чинь яруу найраг энэ тэр сонирхоно. Тухайн үед чинь гадаад дотоодын зохиолчид, яруу найргийн шилдэг сайн ном зэргийг сорчлон уншина шүү дээ. Хүүхдийн зохиол гэж тусдаа юм байна гэдгийг сүүлд ойлгож мэдсэн. Хүүхдийн зохиолч Д.Давааням гуай МЗЭ-ийн хүүхдийн зохиолын зөвлөл хариуцаж байсан үе. Д.Давааням гуай чинь бидний хэдэн нөхдийг, бараг бүлэг хүмүүсийг хүүхдийн зохиол руу оруулсан гэж боддог юм. Одоо энэ О.Сундуй, Г.Ганболд, бурхан болооч Ж.Жаргалсайхан, Ш.Энхбаяр зэрэг нэгэн үеийн арми гэж хэлж болохоор нөхдийг өрөөндөө хүлээн авч хүүхдийн шүлэг, өгүүллэг, тууж уншиж, бидний бүтээлийг сонсож, гадаад дотоодын сонин сайхнаас хуваалцаж биднийг бэлддэг байсан юм. Тухайн үед “Яаж муу сурах вэ” гэсэн хүүхдийн сэдэвтэй өгүүллэг бичсэнийг маань Д.Давааням гуай их тоож “Утга зохиол” сонинд хэвлүүлэх тухай ярьж байлаа. Гэвч тэр үед хүүхдийг яаж онц сургах вэ л гэдэг байснаас “Яаж муу сурах вэ” тухай ойлголтгүй гарчгийг нь солимоор байна гэнэ. Харин би солиулах бодолгүй байлаа. Өгүүллэгт онц сурдаг хүүхдийг ангийнхан нь илүү дутуу үзээд байхаар нь муу сурахаар шийдэж байгаа тухай гардаг юм л даа. Тэгсэн муу сурсан нь сайн сурахаасаа ч төвөгтэй аж. Учир нь дуртай хичээлдээ ч сууж болохгүй, мэддэг зүйлээ ч хуваалцаж болдоггүй тухай л даа. Гэвч сүүлд олон ном хэвлэл дээр “Яаж муу сурах вэ” гэдэг нэрээрээ л гарсан юм.
-Хүүхдийн зохиол бичээд их урам авч байсан үе тань хэзээ вэ?
-Оюутан байхдаа арван жилийн V сургуульд багшлах дадлага хийлээ. Тэнд дадлагажиж байхдаа нөгөө “Намайг сансарт нисвэл” шүлгээ ордог анги болгоныхоо хүүхдүүдэд уншиж өгсөн юм. Тэгсэн миний ордог ангийн бүлгийн удирдагч охин “Багш аа, та наад шүлгээ сонинд өгч нийтлүүлээч гэлээ”. Нээрээ тэгье байз гээд “Пионерын үнэн” сонинд аваачиж өглөө. Тус сонины эрхлэгч, хүүхдийн зохиолч Ч.Лувсандэндэв гуай гар бичмэлийг маань аваад үлдсэн юм. Тэгтэл долоо ч хонолгүй нөгөө шүлэг маань МУИС-ийн оюутан Д.Батжаргал гэсэн нэртэй сонин дээр хэвлэгдчихжээ. Нэг өдөр миний ордог ангийн хүүхдүүд “Багш аа, таны шүлэг, Багш аа, таны шүлэг гарчихсан байна” гэж шагшин шаагиж зарим нь сониноос арзайтал нь ураад авчихсан хэсгийг нь надад өгч, зарим нь бэх асган заваартуулснаа ч надад өгөхөөр сарвайж байлаа. Тэгэхэд л хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлийг ойлгож, тэднээсээ маш их урам зориг авч байсан даа.
-Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Ер нь хүүхдийн сэтгэл зүй болоод өнөөгийн цаг үед ямар зохиол хэрэгтэй гэж үзэж байна?
-“Чулууны хэл” үлгэр өгүүллэг бичээд байна. Энд тэнд явж байхад хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол байгаль орчны асуудал байна шүү дээ. Тэр бүхний тухай энэ зохиолдоо тусгасан юм. Дараа нь “Усны нулимс” гэж хоёр өөр голын хоёр өөр дусал усны тухай тууж бичлээ. Мөн “Цэцгийн амь” гэж зохиолыг маань комикс болгоно гэсэн. Гэхдээ зохиолыг маань жаахан өөрчилнө гэнэ, би өөрчлүүлэх бодолгүй байгаа. Түүний дараа “Модны ганцаардал” гэж ном бичлээ. Бас л байгаль орчны сэдэвтэй юм. Сүлийн үед үгийн тоглоомын шүлгүүд бичиж байна. Үзэг гээч зүйлийг амрааж болохгүй. Амраавал хөшчихнө. Хүн ч бас хөгширч биш хөшиж үхдэг гээд байгаа биз дээ. Мөн “Дүрслэл” гэж ном 2014 онд гаргасан.
-Таныг орон гэргүй тэнэмэл хүүхдийг гэртээ оруулж ирээд хооллож байсан гэж сонссон юм байна. Хэр олон хүүхдэд буян болов доо?
-Буян гэж бодвол их том юм уу даа. Зүгээр хүн ёсны л үйлдэл юм. Нэг хүнд таван цаас өгчихөөд эсвэл ганц удаа хоолонд оруулснаа буян мэтээр ойлгоод өөрийгөө дөвийлгөөд явахыг би таашаадаггүй.
-Тэгвэл буян гэж юу вэ, таныхаар?
-Ерөөсөө бусдыг үнэн сэтгэлээсээ энэрч хайрлах, хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлийг л буян гэж ойлгодог.
-Таны зохиолоос би нэлээд хэдийг уншсан. “Ганц улаан гамбир” гэдэг өгүүллэг чинь их таалагдсан шүү. Өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх, амьжиргааны түвшний ялгаатай байдлыг сургуулийн сурагчдын амьдралаар төлөөлүүлж харуулж чадсан гэж хэлэх гээд байна л даа…
-Зөв л ойлгосон байна. Тэр өгүүллэгээ болсон явдлаас сэдэвлэсэн юм. Нэгэн тааруу амьдралтай хүүхэд хичээл дээрээ идэхээр гамбир боогоод ирж. Ээж нь хайрч өгсөн байгаа юм. Гэтэл ангийнх нь дэггүй хүүхэд нөгөөхийг нь олоод самбарт өлгөчихөж. Tэp ч бүү хэл балаар цоо хатгаж нүд ам хийж эхэлсэн байгаа юм. Ангийнх нь хүүхдүүд хөөрхий хүүг шоолоод л. Харин гамбирын “эзэн” хүүд халуун галд нүүрээ минчийтэл хайрч өгсөн ээжийнх нь нүүрийг сийчих аятай санагдаж. Ичиж, гомдсон хүү тэр дороо хичээлээ хаяад гарсан гэдэг. Эргэж очсон эсэх нь бүү мэд. Ер нь хүүхдийн сэтгэл их эмзэг шүү дээ. Цэцгийн дэлбээ л гэсэн үг. Хайрлаж явахад тийм хэцүү гэж үү гэж зарим хүмүүсээс асуумаар санагддаг юм.
-Өнөө үед ямар сэдэвтэй зохиол бүтээл үгүйлэгдэж байна гэж та бодож байна даа?
-Өсч өндийж байгаа балчир үрст алаан хядаан, нус нулимс болсон бүтээл уг нь хэрэггүй. Аль болох гэгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй тийм л ном зохиол, кино, жүжиг олноор гараасай гэж хүсч явдаг даа. Энэ чиглэлээр “Цэцгийн амь”, “Чулууны хэл”, “Усны нулимс” цуврал ном бичиж байгаа. PC тоглоомын газруудыг цөөлж, сонгодог хөгжим, шатар даам, бүжиг, уран зураг, утга зохиол, биеийн тамир спортын дугуйланг хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу, хэдэн хүүхэдтэй вэ?
-Гэр бүлийн хүн маань тэтгэвэртээ гарсан. Эдийн засагч мэргэжилтэй. Дөрвөн хүү, нэг охинтой. Зарим нь тус туургандаа гарч, ач зээ нар ч өсч байна даа.