–Та Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй гэжбайсан. Таны зүгээс яг ямар асуудлаар мэтгэлцэх гээд байгаа юм бэ?
-Миний хувьд УИХ-ын гишүүн болоод 32 хуулийн төсөл санаачилсан байна. 6-7 хууль нь батлагдаж, нэлээд хэсэг нь өргөн баригдах гээд хүлээгдэж байгаа. З.Энхболд даргын “таалал”-ыг л хүлээж байна гэх үү дээ. Хамгийн сүүлд УИХ-ын тухай хуулийн 7.12 дахь заалтыг бүхэлд нь байхгүй болгосон. Яагаав ҮХЦ лексус 570 хахуульд авсан гээд байгаа даа. Ингэснээр бүхэл бүтэн хуулийн цоорхой үүссэн. Тиймээс үүнийг засах шаардлагатай гээд хуулийн төслийг нь бичиж, боловсруулаад санал авсан. Засгийн газар мэдээж юу гэж ашиг сонирхлын зөрчилтэй зүйл дээр “за” гэхэв. Гэсэн ч хуульд нийцсэнээр өргөн барих ёстой. Уг нь З.Энхболд дарга авчих л ёстой байгаа юм. Энэ мэтчилэн олон хууль хүлээгдэж байна. Зарим нь төслийн шатандаа, заримыг нь өргөн бариад гацчихна гэж “хайрлаад” байна л даа, үнэндээ.
Одоо сэдэвгүй болчихсон юм уу хаашаа юм. Тост тосон бумбаас болж Т.Лхагвасүмбэрэл гээд залуугийн амь насыг хөнөөчихсөн юм шиг байна гээд хөөцөлдөөд явж байсан чинь Өргөдлийн байнгын хорооноос болиулсан. Азаар байнгын хорооны тогтоол гарчихсан байсан болохоор Засгийн газраас шаардах л үлдсэн. Гэтэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос тогтоол гаргана гээд Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл гээд хоёр гишүүн орилоод яваад байгаа. Би гүтгээгүй. Тэгээд яваад байгаа юм. Уг нь УИХ-аас гарсан нэг шийдвэрийг давтаж гаргаж болдоггүй юм л даа. Өргөн барьсан хуулиуд дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүгдэд нь “үгүй” гэсэн. Ерөнхий сайдад маш олон сайн зөвлөх байгаа. Тэр олон яамдаасаа яагаад үгүй гэсэн бэ гэдгээ асуух ёстой. Харин хуулийн төсөл боловсруулсан багийнхандаа найдаж байна. Үнэндээ Хаалт хөгжлийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолууд бий. Мэтгэлцээний үеэр би эднийгээ л гаргаж тавина. Түүнээс бүх зүйл дээр гэвэл эфирийн цаг хүрэхгүй л дээ. Тиймээс хүмүүст хамгийн хэрэгтэй гэж үзээд дээрх хоёр хуулиар л мэтгэлцэнэ.
–Гэхдээ ганц таны өргөн барьсан хуулиуд биш олон гишүүний өргөн барьсан хуулиудхэлэлцэгдэхгүй байгаа шүү дээ. Бусад гишүүдтэйгээ хамт мэтгэлцэж болохгүй юу?
-Зарим хүмүүс “Та яагаад З.Энхболдтой мэтгэлцдэггүй юм бэ” гэдэг юм. Адилхан Их хурлын гишүүн байж бие биетэйгээ мэтгэлцэж яах юм бэ. УИХ-ын дарга чинь УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал. Гишүүд хоорондоо ярьж байгаад нэг хүнээрээ хурлаа удирдуулъя гэдэг хэлбэр. Манайд Засгийн газраас санал ав гэдэг хуулийн заалттай хэрнээ Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа биднээс санал авдаггүй байхгүй юу. Ерөнхийлөгчөөс ч авдаггүй. Гэтэл Засгийн газраас бид санал авдаг ийм л хуультай. Энэ нь сүүлдээ туйлшраад татвартай холбоотой хуулийг Их хурлын гишүүд өргөн барьж болохгүй гэсэн. Уг нь хууль санаачлагч болгон хуулийн төслөө өргөн бариад, ард нийт, байнгын хороогоороо хэлэлцүүлээд чуулганы үед кнопоороо шийдэх ёстой. Манайд болохоор Засгийн газраас санал авахаар үгүй гэдэг. “Үгүй” гэдгээ л нотол гээд байгаа хэрэг. Засгийн газрыг бүрэн төлөөлөх эрх бүхий хүн нь Ерөнхий сайд. Тэр утгаар нь л Ерөнхий сайдтай мэтгэлцэх хүсэлт хүргүүлсэн. Засгийн газартай мэтгэлцэж байна гэсэн үг.
–Ээлжит бус чуулганыг зарлана гээд байх юм. Энэ талаар та дуулав уу?
-Дуулаагүй. Үнэхээр чухал асуудал байгаа бол ээлжит бусаа зарла л даа. Тэгэхгүйгээр хүн ярьдаг ээлжит бус чуулганаар яах юм. Чуулганаар бодлого хууль ярих ёстой. Түүнээс биш хэн нэгнийг огцруулж, хусах гээд сандарч тэвдээд гүйх гээд байгаа бол буруу. Үнэхээр зарлах юм бол ямар бодлого явах гэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна ч гэнэ үү юм яваад байна.
–Уг хуулийн төсөлтэй танилцсан уу, та?
-Танилцаж яах юм. Хэрэггүй. Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөх шаардлагагүй. Хууль бүх нийтэд үйлчилдэг. Яаж ч өөрчиллөө гэсэн бүх нийтэд хамаатай. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гээд байгаагаа ярь л даа. Ард түмэн тэнэг биш болохоор ингээд тайлбарлаад яриад явбал сонгоод явна. Таны хийсэн болон хийж байгаа, хийх ажлыг нь сонгож байж сонгоно уу гэхээс таны компанийн захирал байна уу хэнд ч хамаагүй. Нүүрсээ тараана уу, хувцас тараана уу ёстой падгүй. Тэр бүү хэл нэг нэг сая төгрөг 1000 хүнд өгч их хурлын гишүүн болсон хүн ч байгаа.
–Хаана тийм хүн байна вэ?
-Манай 76 дотор байна. 83 тэрбумтай хүн нэг тэрбумаа хаях нь юу юм бэ. Тиймээс энэ бол тийм их мөнгө биш. Ирэх сонгуульд ийм аргаар гарчихна гэсэн бодолтой ихэнх нь сууж байгаа юм билээ.
–Нэг тэрбум төгрөг тараагаад их хурлын гишүүн болох нь тийм ашигтай юм уу?
-Тэр хүн чинь 83 тэрбумтай юм чинь яах юм. Өмнө нь орд газар хулгайлаад жаахан хувиа зарчихгүй юу. Нэг тэрбумыг тараалаа гээд тэр хүн чинь 82 тэрбум төгрөгтэй л болно биз дээ. Үнэгүй олдсон мөнгө юм чинь яадаг юм нэг тэрбумыг нь тараагаад их хурлын гишүүн гээд сууж л байг. Үр хүүхэд нь Их хурлын гишүүний хүүхэд гэдэг ч юм уу, аав, ээжийгээ дуурайж Их хурлын гишүүн боллоо гэдэг ч юм уу янз бүрийн зүйл яриад яваг хамаагүй. Та болохоор хялбар олсон мөнгийг өөрийнхөө зовж олдог мөнгөтэй харьцуулаад байгаа байхгүй юу. Жишээлбэл, биеэ үнэлэгчид асар их мөнгө олдог гэж байгаа юм. Тэр маш хурдан үрдэг болохоор ядуу амьдарч байгаа гэж ярьдаг. Түүн шиг муу аргаар олсон мөнгөөрөө казино, хахуульд өгдөг юм шүү дээ. Бодоод үз дээ. Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбумаар нэмэгдүүлье гэхэд 87 тэрбумыг нь гуравхан компанид хувааж өгье гээд шийдчихсэн сууж байсан шүү дээ. Тэр гурван компанийн нэг компанийнх нь хүн одоо Их хуралд сууна гэчихсэн явж байна. Ийм мөнгөтэй хүмүүс хоёр тэрбумыг цацаад гарах нь байна шүү дээ.
–Гэхдээ Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын ерөнхий газар нэг тойрогт нэр дэвшиххүмүүсийн зардлын тооцоог 170 гаруй саяас 250 орчим саяын хооронд тогтоосонбайна лээ. Тэгэхээр чинь зардал нь хэтрээд хуулийн хариуцлага хүлээх юм биш үү?
-Сонгуулийн зардлаа хэтрүүлбэл Их хурлын гишүүнээс нь татна. Шоронд хийнэ гэж заагаагүй байгаа биз дээ. Хэрэв зардлаа хэтрүүлбэл бид жаахан мөнгө авъя л гэчихсэн байна лээ. Зардлаа хэтрүүлсэн ч хэдэн төгрөгийг нь өгчихнө биз гэсэн байдалтай гарсан. Харин мань мэтэд нь бол хэцүү. Энэ заасан хэмжээнд нь байтугай тал зардлаа олж аваад орох байх. Байгаа зүйлсээ зарж, хэдэн ном хэвлэчихээд ном аваач гээд хүн амьтан гуйгаад явах байх л даа. Тэд бол харин тийм биш. Аудитын гаргасан гээд байгаа тэр тооноос чинь айхгүй. Зардал хэтрүүлбэл торгоно гэж байна гээд тэр бүхнээ тооцно. Тиймээс мөнгөний сонгууль болохгүй гээд байгаа чинь үлгэр байхгүй юу.
Энэ хүмүүс яагаад сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасныг мэдэх үү. Эд богино хугацаанд бага мөнгөөр хүнийг худалдаж авах акц хийх гэж байгаа юм. Удаан хугацаанд энэ нь сайн уу, муу юу гээд бодохын оронд мөнгө өгсөн хүнийг сонгочихно гэж эд нар найдаад байгаа юм. Энэ нөхдүүд ард түмнийг их л басч байна даа. Мао-гийн хэлсэн шиг ард түмнийг цагаан цаас гэж бодоод байна. Дээр нь юугаа ч хамаагүй бичиж болно гэж итгээд байна. Харин би итгэхгүй байна. Би бол С.Зоригийн хэлсэн шиг монгол хүний саруул ухаанд итгэж байгаа. Муу ард түмэн гэж байхгүй. Муу удирдагч гэж байдаг. Тиймээс ард түмэнд буруу байхгүй гэж итгэдэг.
–Таныг МАН–д элсэн орж Дорнодод нэр дэвшинэ. Эсвэл Чингэлтэй, Орхон аймагтбие дааж дэвших гэж байна гээд байх юм…
-Та хаанаас нэр дэвших гэж байгаа юм гэж асуух гээд байна уу.
–Ер нь бол тийм. Гэхдээ таныг намынхантайгаа таарамжгүй байгаа болохоор биедаана гэж дуулсан?
–www.medee.mn сайт 21 аймгийн нэр дэвшигчдийг зарласан байна лээ. Намайг хаана ч нэр дэвшинэ гэж бичээгүй байсан. Таны асуулт болохоор хэн нэгнээс зориудаар асуугаад өгөөч гэсэн шиг асууж байна гэж санагдлаа. Тэр сайт дээр бичсэнээр бол Дорнод, Эрдэнэт, Чингэлтэй дээр миний нэр байхгүй байна лээ. Н.Энхбаяр дарга “Манай нам Их хуралд долоон гишүүнтэй. Манайхаас улс төрийн албан тушаалтай 10 гаруй хүн байна. Бид 76 хүн шиг ажиллая гэвэл нэг хүн гурван тойрогт ажиллаарай” гэсэн юм. Би намын даалгавар гэж итгээд Дорнод, Эрдэнэт, Чингэлтэй гурав дээр усалгаа хийж байсан байхгүй юу. Миний хувьд хаана ч нэр дэвшсэн ялгаа байхгүй. Дорнодод дэвш гэвэл тэнд дэвшихэд бэлэн байна. Чингэлтэй, Эрдэнэтэд дэвш гэвэл бэлэн л байгаа. Гэхдээ бид саяхан Н.Энхбаяр даргатай уулзаад “Нэг хүн гурван тойрог хариуцах хэцүү байна. Сонгууль гуравхан сарын дараа болох гэж байгаа болохоор хариуцсан тойргоо багасгая” гэсэн юм. Дараа нь гурав биш хоёр болгож тохирсон.
–Тэгээд та аль хоёр тойргийг усалж яваа юм бэ?
-Чингэлтэй, Эрдэнэт хоёр. Үнэнийг хэлэхэд Дорнодын МАХН-ын хорооны ихэнх гишүүн манайхаас ирж дэвш гээд байгаа. Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооныхон “Зөвхөн тантай л явна шүү. Та бидэнтэй л явна шүү. Таныг л авч явна” гээд байна. Эрдэнэтийн хувьд намын хороон дотроо “Х” байна. Харин Эрдэнэтийн ард түмэн намайг сайнаар хүлээн авч, захидал бичиж “Манайхаас бие даагаад нэр дэвшээч ээ. Намаар яах гээд байгаа юм. Бие даавал дээр шүү” гээд байгаа. Тэнд байгаа ахмад улстөрчид “Манайд ирж бие даасан нь зөв шүү. Энэ удаагийн сонгуулиар МАХН, АН, МАН-ын алинаас нь ч битгий дэвш. Хүнийхээ хувьд чи цэвэрхнээрээ яв” гээд ярьж байна. Харин би “Баярлалаа. Өнөөдөр сонгууль болох гэж байгаа биш. Юу хийснээ, юу хийж байгаагаа, юу хийхээ ярья” гэсэн байдалтай л байгаа юм.
–Та намынхантайгаа эв зүйгээ ололцож байна уу?
-Би намынхантайгаа таарамжгүй байгаа юм биш. Би шударга талд нь л зогсч байна. Миний хэлсэн ч зөв л байсан. Ер нь би хоёр л зүйл хэлдэг. Г.Шийлэгдамбыг сайд болонгуут нь “Ерөнхий нарийн бичгийн даргыг нь болиул. Давхардуулсан албан тушаал байж болохгүй” гэж хэлдэг байлаа. Нөгөөх нь “Батцэрэг сайд болсон юм чинь бүлгийн даргаас нь болиул” гэсэн. Дөрвөн үсэгтэй нам байгаа л юм бол манайхаас долоон гишүүн байгаа нь бараг л найм гэсэн үг. Бүлгийн дарга байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болохоор сэтгүүлчид надаас “Танай нам яах гээд байгаа юм бэ. Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын асуудал юу болж байна вэ” гэж асуудаг. Миний хувьд гишүүний байр сууриа илэрхийлэхээр нөгөөдүүл нь “Намын бодлого биш. Чи ямар бүлгийн дарга уу” гэдэг. Би “Бүлгийн даргаа ажиллуулаач ээ” гэдэг юм. Нам дотор сайдах, муудах, мэтгэлцэх гээд янз бүрийн л зүйл байдаг. Гэхдээ би шударга талд нь л зогсоно. Өөрийнхөө зөв гэсэн зарчим дээр л зогсоно. Энэ нь олонход буюу ард түмэнд ашигтай зарчим байх ёстой. Түүнээс биш надад ашигтай байх нь чухал биш. Би дув дуугүй долдойдож яваад Эрүүл мэнд, спортын сайд болж болно.
–Тэгээд болчихож болохгүй байгаа юм уу?
-Тэгж яах юм. Ч.Сайханбилэгтэй нэг баг болж яах юм. Манай “Шударга ёс” эвслийн таван хувьсгал гэж хэлээд Оюу толгойн 51 хувийг ард түмэнд өгнө гэж уриалж байсан бодлогыг нулимсан хүн. Тийм хүнтэй яаж нэг ширээнд сууж, ард түмэндээ “Бид гоё хөгжүүлнэ” гэж ярих юм. Ингэж болохгүй.
Ард түмэн мөнгөгүй байна. Нарантуул шатлаа гэхэд хүмүүс хямрахгүй байна. Яагаад гэхээр худалдаж авдаг хүн байхгүй болохоор хэдэн хүний юм шатав гэж сонирхохоос биш бусдыг нь тоохгүй байгаа юм. Хөгшчүүл, ард түмэн ядарч байна. Энэ бүхэн Оюу толгойг буруу явуулсан, Таван толгойг буруу явуулах гэж байгаатай холбоотой. Хүн ажил хийж байгаа юм чинь алдаж, онолгүй л яахав. Буруу зөрүү ярилгүй л яахав. Юу ярих нь хүний эрхийн асуудал.
–Гуравдугаар сарын 1-ний “Эх орончдын өдөр”-ийг МАН, МАХН хамтарчтэмдэглэсэн. Н.Энхбаяр дарга хоёр нам нэгдэх нь цаг хугацааны хувьд ч боломжгүй.Харин эвсэх асуудал ярьж болно гэсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Цаг хугацаандаа ч байгаа юм биш. Хоёр нам хоёулаа нэгдэх хэрэггүй. Нэгдэх ч боломжгүй. Тэр бүү хэл эвсэхэд ч хэцүү. Учир нь МАН-аас УИХ-ын сонгуульд 76 хүн нэр дэвших хүсэлтэй байгаа юм билээ. Манай намаас ч гэсэн 76 хүн нэр дэвших сонирхолтой байгаа. Үндсэн хуульд 152 гэсэн ойлголт байхгүй. 76 л гэсэн тоо бий. Тийм болохоор сонгуулийн үеэр хэнийг нь гомдоож, хэнийг нь боль гэх юм. Зүгээр л хоёр нам 76 хүнээ л тавьчихъя. Сонгуулийн дараа харин эвсэж болно. Манай намд 25 суудал, МАН-д 30 суудал өгчих л дөө. Энэ хоёр намыг нэгдээсэй гэж байгаа юм бол ард түмэн саналаа өгөхдөө л салахгүй байх ёстой. Хэрэв тэгж чадвал хоёр намаас шигшмэл гэсэн хүмүүс нь гараад ирнэ. Үүн дээрээ хамтарсан бодлого хийж болно. Сонгууль болохоос гуравхан сарын дотор механикаар нэгдээд яах юм. Нэр дэвших сонирхолтой хүмүүс чинь дөрвөн жил тойргоо усалчихсан байгаа. Энэ хугацаанд зарим нь нүүрс, сальфеткаа тараасан. Энэ бүгдийг бид бодох хэрэгтэй.
–МАХН сонгуульд ороход бэлэн үү?
-Намын удирдлагууд болон гишүүдийн хувьд 100 хувь бэлэн байгаа. Бэлэн байх ч ёстой. Ингэж зовж зовчихоод бэлэн биш гээд ярих чинь утгагүй байхгүй юу. Тиймээс ялагдах юм бол өөрсдөдөө л гомд. Арчаагүй, хувьчилсан, улсаа бодоогүй тоглосноосоо болоод л ялагдсан гэж бод. Хэрэв тэгж бодохгүй бол бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой.
–Сонгууль дөхчихөөд байдаг. МАХН генсекийнхээ асуудлыг шийдэх болоогүй юм уу?
-Ойрын үед шийдэх байх. Саяхан бид уулзахад “Манайх нам юм бол Хяналтын зөвлөлтэй болъё. Хяналтын зөвлөл Дашдондог, Г.Шийлэгдамбын яриад байгаа асуудал дээр дүгнэлт хийгээч ээ. Нэр нь холбогдоод янз бүрээр яригдаад байгаа хүмүүсээсээ асуугаач ээ. Хяналтын зөвлөлийн дүгнэлтээ гаргаад энэ асуудлыг шийдье” гэсэн.