Хааяа нэг гэртээ ирэхээр тас харанхуй, шалгахаар тог салгаад хаячихсан байх. Би ч сурсан зангаараа буцаагаад холбочихно. Угтаа бол намайг байр, тогны мөнгөө төлөөгүй байна шүү гэж сануулж байгаа нь энэ. Би ч төлнө дөө гээд боддог маргааш нь их ажилдаа умбаад орой гэртээ ирээд санадаг. Энэ нь над шиг ажилтай олон хүмүүсийн хувьд толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй биз. Ер нь сар бүр тогтмол авдаг төлбөрүүдийг шууд банкин дахь данснаас татаад авдаг болгож болдоггүй юм байхдаа. Тэгвэл ёстой амар байна аа. Сар бүр банк руу явж, урт дугаар үүсгэж чамгүй хугацаа алдаж байхаар хааяадаа данс руугаа орж хуулгыг нь харчихаад л байж байвал хичнээн сайхан.Энэ асуудлыг шийдэх гэж нэг нь санаачилсан л байж таараа, хийх гээд зүтгэсэн байж таараа, харин хаана очоод гацаад байдаг юм болдоо хөөрхий.
Цалингийн цагаан хорхой
Орон сууцны контор, цахилгаан түгээх сүлжээ, СӨХ, кабелийн болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид тэгээд нөгөө талд банк болон төлбөр төлөх этгээд гээд уг нь гарын арван хуруу байтугай таван хуруунд багтахаар л цөөхөн нөхдүүд нийлээд шийдчихэж болмоор асуудал баймаар. Гэтэлөдгөө байрны төлбөр төлөх гэдэг их асуудал болж. Манайх ядаж байталХадгаламж банкаар байрны мөнгөө төлдөг юм. Гэтэл сар бүрийн 20-нд төлбөрөө тушаах гэхэд ихэнх Хадгаламж банк нь 17 цагт хаалгаа барьчихна. Ажил минь 18 цагт ажил тардаг болохоор төлж амжихгүй тохиолдол ч цөөнгүй. Энэ байдлыг мэдсэн юм шиг удалгүй“танай байрны мөнгө …. тэд гарсан байна 20-ны дотор төлнө үү” гээд хаалган дээр цаас наагаад явчдаг нь халагламаар. Үүгээр ч дуусаагүй. Халуун ус, дулаан орчин, гэрэл цахилгаан, тоос шороогүй байранд амьдрах нь таатай ч нөгөөтэйгүүр “там” мэт.
Учир юу гэвэл сар бүр үргэлжилсэн урт дараалалтай, үй түмэн хүнтэй өнөөх банкинд цахилгааны мөнгө төлөх гэж нэг удаа, дараа нь байрны мөнгө, СӨХ, ОСАКК, хог, интернет, кабел, утасны мөнгө төлөхөөр хоёрдах удаагаа очих бүрт 20 төгрөгийн бичгийн цаасны найм хуваасны нэгийг 100-150 төгрөгөөр шахах нь асуудал хөндөхөд хүргэв. Тэгээд бүр тэр цаасны хэлтэрхийгээ “Баримтны үнэ” гээд боловсон нэрлээд 20 төгрөгний цаасныхаа үнийг хэд нугалж олохыг нь яана. Шар нар, бор хоногийг цалингаас цалингийн хооронд өл залгуулж өнгөрөөдөг хүмүүсийн хувьд энэ тоо бол бага гэлтгүй хөдөлмөрийн хөлс. Өрх бүрийн хэрэглээнээс хамаарч баримтын тоо харилцан адилгүй бөгөөд ихэнх айлууд дунджаар дөрөв, тав буюу 400-500 төгрөгийг баримтын үнэ гэх нэрийн дор илүү төлж, банкныхны гэдсийг цатгаж буй нь гол зурав.
Жишээлбэл, манайх гэх айл нэгдүгээр хороололын хуучны есөн давхар байр болох 12 орцтой, 432 айлын орон сууцад амьдардаг. Манай байрныхны хувьд дээр дурдсан төлбөрийн ихэнхийг төлдөг. Ингээд багахан тооцоог гаргаж, банкны ашгийг бодъё. Манай байрны 432 айл цахилгаан, байрны мөнгө, СӨХ, ОСАКК, хог, интернет, кабелын мөнгө төлөхдөө тус бүрт нь баримтын үнэ гэж 100-150 төгрөг төлдөг гэж бодоход 172800 орчим төгрөгөөр цаасны булан худалдаж авч, банкны ашгийг нэмдэг байх юм. Дээрээс нь утасны төлбөр нэмэгдвэл энэ тоо талийж өгөх биз. Ганц байрнаас л ийм ашиг олж байгаа юм чинь бусад орон сууц, гэр хороолол, албан байгууллага, үйлчилгээний газар, эмнэлэг, сургуулийн хэрэглээнээс яггүй шан хүртдэг нь нүднээ илт болтлоо цэцэглэчихэж. Угтаа бол баримт бичиг бүхэн стандарттай учраас зориулалт, шаардлага бүхий бичгийн цаасыг хэрэглээнд гаргасан баймаар. Гэтэл энэ мэт ашгийн төлөө банкууд юу төлөвлөж, ийм ядмагхан аргаа барсан ажил хийх болов.
Ар өврөөрөө мөнгө сугавчилсан айхавтар том хүн ард байгаа юм биш биз дээ. Амьдрах гэж хөлс хүчээ дууслуулан олсон эгэл ардын амжиргааны мөнгөнөөс халааслаж хумслахаа болиоч, банкныхаан. “Юманд учир, суманд гичир” гэдэгдээ ядаж тэр цаасны хэлтэрхийгээ хоёр хуваасны нэг болгочихоод үйлчилгээний мөнгө гэх овжин залиа хэрэглэ л дээ. Хэлэх амлалт нь ихэдсэн, хийх ажил нь багадсан эрхмүүдээ зуны зугаалга чинь дууссан бол зуун задгай үлдээсэн энэ мэт шулаач нарын асуудлыг онцгойлон анхааралдаа авч ажиллахгүй бол мөдхөн иргэдийн маань цалин баримтын төлбөрөөс хэтрэхгүй болох вий.
Zaluu.com Ж.Эрдэнэ