Хүнс хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан , технологи, инноваци Үндэсний чуулган”-ы үеэр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Чуулганы гол зорилго, ач холбогдлын талаар тодруулахгүй юу?
-Энэ чуулган бол хүнс хөдөө аж ахуйн салбарын инновацийн үндэсний хэмжээний анхны чуулган болж байна. Чуулганд манай салбарын мэргэжлийн эрдэмтэд, аж ахуй нэгжүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцож байгаа нь олон талыг хангасан чуулган болж байна. Чуулганаар хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэгт суурилсан инновацийг хэрхэн нэвтрүүлэх вэ, яаж гарч байгаа бүтээгдэхүүнээ илүү өндөр өгөөжтэй болгох вэ гэдэг дээр асуудлыг чиглүүлэн ярьж байгаа. Энэ чиглэлээр олон санаа оноог манай эрдэмтэд гаргасан, мөн малчид маань ч идэвхитэй ажиллаж байна.
-“Мэдлэгт суурилсан”, “шинжлэх ухаанч”санаачлага гэж их ярьж байна. Яг одоо танай салбарт ямар жишээ байна вэ?
-Малчид эрдэмтэд нийлээд тэмээний их гурван үйлдвэр, ямааны, хонины шинэ үйлдвэр омгууд буй болгосон байгаа. Энэ бол цаашаа мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас гарч байгаа илүү өндөр өртөгтэй, ялангуяа экспортод чиглэсэн бүтээгдэхүүн буй болгоход ихээхэн ач холбогдолтой зүйл юм. Одоо “Органик хүнсний тухай хууль” УИХ-аар батлагдана. Ингэснээр органик гэдгээ баталгаажуулаад байгалийн цэвэр гэдгээ нотлохын тулд бүр илүү дэвшилттэй ажиллах хэрэгтэй.
Одоо тухайлбал, бэлчээрийнхээ малыг эрүүл гэдгээ баталгаажуулаад үүн дээр байгалийн ийм ийм органик хүнс орсон гэдгээ баталгаажуулах дээр илүү ажиллах хэрэгтэй. Тухайлбал, ингэний сүү байна. Ингэний сүүн дээр манай дотоодын эрдэмтэд судалгаа хийгээд эхэлсэн байдаг. Ираны эрдэмтэд бол зөвхөн хос бөхтэй тэмээнд байдаг тэр бодисыг илрүүлсэн нь хорт хавдрыг дарах чадвартай гэдгийг тогтоогоод буй. Мөн Өвөрмонголын эрдэмтэд манай дэлхийн 7 тэрбум хүний 2 тэрбум нь шаналж байгаа чихрийн шижин өвчнийг анагаах чадвартай бодис ингэний сүүнд байгаа гэдгийг тогтоосон. Тийм учраас бид шинжлэх ухаанд суурилсан инновацийг нэвтрүүлснээрээ хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг өндөр шимтэй, ашигтай гэдгийг нотлох явдал чухал болоод байгаа юм. Эм эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх зэрэг олон талд ашиглах боломж бололцоо бүрдэх юм.
-Хүнс хөдөө аж ахуйн яам эрдэмтдийнхээ санал санаачлагыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
-Хүнс хөдөө аж ахуйн яам шинжлэх ухааны байгууллагуудтай маш ойр хамтарч ажилладаг. Тэдний гаргасан бүтээгдэхүүнийг каталоги болгон хэвлүүллээ. Манай хүнс хөдөө аж ахуйн салбарт инноваци нэвтрүүлэх энэ хөтөлбөрийг бол хамгийн анх эхэлж баталлаа. Ингэснээр хоёр өөр яам ч гэсэн бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Манай яам хажуудаа шинжлэх ухааны эрдэмтдийн зөвлөлтэй. Энэ зөвлөлөөр хуралдаж, ямар ямар төсөл хөтөлбөрүүдийг дэмжих вэ гэдэг асуудлыг байнга ярьдаг. Үүний дагуу шинжлэх ухааны дэмжих санд төсөл хөтөлбөрүүдийн нэрсийг өгөөд үйл ажиллагааг дэмжээд явж байгаа. Мөн Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр эрдэмтдийнхээ гаргаж ирж байгаа санаа, аж ахуй нэгжүүдийн санаачлагыг байнга дэмжин ажиллаж байгаа.
-Инноваци хөгжүүлэхэд олон улсын байгууллагуудын дэмжлэгээр ихэндээ явуулж байна гэлээ. Яг Засгийн газар, яамнаас санхүүжилт гаргах нь хэр вэ?
-Манай төсөвт бол энэ талаарх хөрөнгө мөнгө байдаггүй. Тийм учраас манай яамнаас өөрсдийн боломж бололцоогоо харж байгаад манайтай хамтарч ажилладаг олон улсын байгууллагууд руу хандаж, “Энэ санаачлага төсөл Монголд хэрэгтэй” гэдгээ хэлээд үүнийг дэмжиж өгнө үү гэдгээ танилцуулж, явуулдаг. Улсын төсвөөс үнэхээр 0,2 хувийг л шинжлэх ухаанд зарцуулна гэсэн байх жишээтэй. Хятад гэхэд л манайхаас 10 дахин илүү буюу ДНБ-нийхээ 2 хувийг зарцуулдаг байх жишээтэй. Тэгэхээр бид цаашид шинжлэх ухаан, технологи, гарааны компаниудыг дэмжихэд төсвийн хөрөнгөнөөс төсөв нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хөдөө аж ахуй салбарт улсын төсвөөс зохих хэмжээний төсвийг гаргах, нэмэгдүүлэх тэл дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ чуулганаас харагдаж байна. Чуулганаас гарсан санал санаачлагыг Засгийн газар, УИХ-д цааш нь дамжуулах болно.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn