УИХ–ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттайярилцлаа.
–Хаврын чуулган удахгүй эхэлнэ. Энэ парламентын сүүлчийн чуулганыг үрдүнтэй болоосой гэсэн хүмүүсийн хүлээлт байна. Уг чуулганаар нэнтэргүүнд ямар хуулиудыг батлах шаардлагатай байгаа вэ?
-Мэдээж сонгууль дөхөж байгаа болохоор улстөржилт явах байх. Гэхдээ хаврын чуулган маш үр дүнтэй, өгөөжтэй чуулган болох ёстой. Хууль зүйн байнгын хороо маш ачаалалтай ажилладаг. Тэр ч утгаараа нэлээд ачаалалтай ажиллах болов уу. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй батлах ёстой хуулиуд бий. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэтчилэн хуулиудыг нямбай хэлэлцэн батлах ёстой. Өмнөх чуулганаар бид шоронжсон гэгддэг байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиа баталсан. Уг хуулиуд хэрэгжихийн тулд процессын хуулиудаа баталсан байх шаардлагатай.
–Эдгээр хуулиудаас онцлоход Хууль сахиулах тухай хууль анхаарал татаадбайна л даа. Ямар зорилготой хууль юм бэ?
-Зөрчлийн тухай хуулийг баталж гаргасан. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь баталсан 200 гаруй хуулиар зөрчлийг шийддэг байсан. Зарим газар сайд дарга нарын тогтоолоор шийддэг байсан асуудлыг Зөрчлийн хууль болгон гаргасан. Тэгэхээр уг хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэж манай дээр яригдаж байсан ч Засгийн газар татаж аваад Хууль сахиулах хууль нэртэйгээр дахин өргөн барьсан. Энэ ч зөв болсон гэж харж байгаа.
Прокурор нь яаж хяналт тавих юм, гэмт хэргийн бүрэлдэхүүн нь ямар байх юм, шүүх дээр хэрхэн шийдвэрлэх юм гэдгийг нь уг хуулиар шийднэ. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах ёстой. Хууль сахиулах хуулиар хууль сахиулагч гэж хэн юм, хууль сахиулагчид хэрхэн ажиллах ёстой юм гэдгийг нь заагаад өгчихсөн. Зөрчлийн хуулиар шийтгэгдэж байгаа бол эрх хасах, торгох ялтай байна. Хил гааль, засаг захиргааны байгууллагад гарсан зөрчил, байгаль орчинтой холбоотой зөрчил, олон нийтийн байгууллагатай холбоотой зөрчил гээд дотор нь ангилсан. Хамгийн гол нь хууль эмх цэгцтэй болсноороо онцлог. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаас эхлээд олон талын ач холбогдолтой хууль болж байгаа. Галт зэвсгийг хэн яаж хэрэглэх ёстой вэ гэдгээс эхлээд хуульд бүрэн тусаагүй байсан зүйлсийг тусгаж өгсөн. Хуучин томоохон хэмжээний гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулиараа шийдээд шоронд хорьдог байсан бол олон улсын жишгийн дагуу судалгааны байгууллагуудын дүнг харгалзан үзсэн. 2-3 зөрчил үйлдсэн хүн ямар нэгэн шийтгэл эдлээгүй байж байгаад томоохон хэрэг үйлддэг тал бий. Үүнд чиглэсэн орон зай өнгөрсөн 20 жилд байгаагүй. Харин одоо шинээр бий болж олон нийтийн амгалан тайван байдал, хүний эрх чөлөөг хангах боломж нээгдэнэ. Эдгээр хуулиуд батлагдчихвал хууль зүйн салбарт хувьсал болох учиртай. Шүүхийн шинэчлэлийг бид зохих хэмжээнд хийсэн. Дараагийн үе шат нь энэ болж байгаа юм. Зөвхөн хорихоос өөр заалтгүй маягаар явж ирсэн хуучин арга барилыг өөрчилсөн. Хүний эрх, эрх чөлөөг хангаж өглөө.
–Хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй хуулийн төслүүдийн тоондШ.Түвдэндорж гишүүний зүгээс өргөн барих гэж буй Сонгуулийн тухайхуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байх гэж байна. Уг хуулийнтөслийг дэмжих үү?
-Засгийн газар “Тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгсөн гэж ойлгож байгаа. Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө хууль санаачлах эрхийнхээ хүрээнд уг хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм билээ. Гэхдээ Сонгуулийн хуульд байсан Сонгууль болохоос зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт одоо мөрдөгдөж байгаа хуульд нь орхигдсон. Тиймээс уг заалт байхгүй гэсэн үг. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт хориглохоор заасан. УИХ-ын тогтоол ч бий. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг асуудлыг тал талаасаа сайтар ярилцаж байгаад шийдвэрлэх байх. Хууль хэрэгжээд удаагүй байгаа үед хуулийг байн байн өөрчлөх нь тийм ч зөв зүйл биш.
–Таны хувийн байр суурь уу?
-Хувь гишүүнийхээ л байр суурийг илэрхийллээ.
–Тэгэхээр одоо мөрдөгдөж буй хуулиараа сонгуулиа явуулсан нь дээр гэжүзэж байгаа юм байна, тийм үү?
-УИХ 76 хууль тогтоогчтой. Тиймээс олонхын саналаараа шийднэ. Урьдчилан хэлэх боломжгүй.
–УИХ–ын гишүүд орон нутагт томилолтоор ажиллаж байна. Та тойргоорооявж байна уу. Хаваржилт хэр байна вэ?
-Баянхонгор аймгийн зарим сумдаар өвөлжилт хүндэрсэн. Хаврын урь ороод дулаарч байгаа ч цаг болоогүй байна. Манай аймгийн хувьд малын хорогдол өмнөх жилүүдийнхтэй ойролцоо гараад байгаа. Саяын айхтар цасан шуурга манай аймгийг тойроод гарсан. Миний хувьд цагаан сарын дараа тойрогтоо ажилласан. УИХ-ын гишүүн Х.Баттулга бид хоёр удахгүй тойргоороо ажиллах гэж байна.
–Сонгууль дөхөөд нэр дэвших сонирхолтой хүмүүс тойргуудаа “услаад“эхэлчихэж. Танай тойрогт сонгуулийн уур амьсгал хэр орж байна вэ?
-Хүмүүс өөрсдийнхөө өмнөх ажлыг хийгээд явж л байна. Гэхдээ сонгуулийн уур амьсгал орж байгаа нь мэдрэгдээд эхэлсэн байна лээ.
–Та сонгуульд хэр бэлдэж байна. Баянхонгортоо нэр дэвших үү. Эсвэлнамын жагсаалтыг сонирхоод байна уу?
-Нам л шийдэх байх. Миний хувьд жагсаалтад орох бодол алга. Баянхонгороос сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо ажиллаж байгаа. Би л хувьдаа өөрийгөө өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй л гэж бодоод яваа шүү.
–Ардчилсан нам ИЗНН, МҮАН–тай нэгдэх үү. Нэгдэж сонгуульд орно гэсэнмэдээлэл явсан ч сүүлийн үед нэгдэхгүй гэдэг мэдээлэл тараад байна лдаа?
-Улс төрийн намууд төлөвших шаардлагатай байна. Ардчилсан гэгддэг улс орнууд намаар дамжуулж төр засгийг байгуулдаг. Учир нь нам гэдэг бол хариуцлага хүлээдэг субьект мөн юм л даа. Тэгэхгүйгээр бие дааж гарч ирсэн гишүүд бодлого гаргаж, улс орны хэмжээнд хэрэгжүүлж, хариуцлагаа хүлээх чадваргүй байдаг.
–Бие даагч хэн ч биш гэлээ гээд дайрах вий дээ?
-Олон улсын жишиг байна л даа. Бид дэлхий нийтийн энэ жишгээс гажихгүй байх. Харин улс төрийн намууд л сайтар төлөвших хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд олон ургальч үзлээр явсан олон нам бодлогоо уралдуулаад явах нь зөв. Энэ боломжийг бид ардчиллаар дамжуулан олгосон. Гэхдээ нэг хүний нам ч юм уу, үзэл бодол ойролцоо намууд нэгдэх нь нэгдэж, төлөвшөөд явах цаг нь болсон. Монголд байгаа хэрэгтэй, хэрэггүй энэ намуудаасаа хэрэгтэй, ард түмнийхээ төлөө зүтгэж чадах, цаг хугацааны шалгуурыг даван туулсан намуудтайгаа нэгдэж, эвсээд явах нь зүйтэй. Энэ бүхэн цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ цаг хугацааг аль болох наашлуулах нь зөв. Ядаж 2016 оны сонгуульд орохдоо 20 гаруй нам биш 2-3 том нам руугаа нэгдэж, нийлээд орох нь зөв. Энэ нь улс орондоо ч хэрэгтэй.
–Оны өмнө таныг Баянхонгорт бидон тараалаа гээд нэг хэсэг шуугисан даа.Тэр үед та ч энэ тал дээр дуугараагүй. Хуванцар савны хэрэглээг халъя гэжбайгаа үед зөв алхам болсон гэж ч нэг хэсэг нь ярьж байна?
-Бидний өдөр тутмын нэн тэргүүний хэрэглээ ус байдаг. Мөн сүү, цагаан идээг агуулж, хадгалах сав чухал л даа. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Дээшээ харсан сав ч гэж бэлгэшээдэг.
Тэгээд ч тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж, аль болох хошуу нэмэх биш хуруу нэмж тусалж байх ёстой. Тэрний нэг илрэл нь бидон л доо. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил хорт хавдар маш ихэссэн. Хорт хавдар юунаас болоод нэмэгдээд байна вэ гээд судалгаа явуулаад үзсэн чинь зориулалтын бус хуванцар саванд ус, сүү, айргаас эхлээд хүнсний бүтээгдэхүүнээ агуулж, хүнсэндээ хэрэглэж байгаагаас үүдэлтэй гэж гарсан. Тэр утгаараа хуванцар савыг хэрэглээнээс хасна гэдгийг хэлж ярих биш бодит амьдрал дээр үлгэр дуурайл үзүүлэх ёстой гээд бидоныг сонгосон юм. Энэ утгаар нь тойргийнхондоо 25, 40 литрийн бидон тараасан.
–Шанага бас тараасан бил үү. Хэл ам дагуулаад байсан даа?
-Шанага тараасан. Үүнээсээ болж Ганбидон, Ганшанага ч гэнэ үү янз бүрийн нэр хочтой болсон. Тойргийнхоо иргэдийн эрүүл мэндийг бодож хийсэн ажлаасаа болж янз бүрээр хэлэгдэж байгаа ч эмзэглээд байх зүйл алга. Зарим хүмүүс шиг хөзөр тарааж хөгөө дэлгэхгүй гэж бодож байгаа. Намайг бидон, шанага тараасныг олон түмэн ч гэсэн зөв ойлгож хүлээж авч байна. Манай тойрогт алдарт эхийн одонтой 10 гаруй мянган эх байдаг. Хамгийн түрүүнд энэ хүмүүстээ тараасан. Баянхонгор аймагт 20 гаруй мянган өрх бий. Энэ айлуудад боломжийн хэрээр нь шанага өгсөн. Халуун цай, сүүг хуванцар шанагаар хутгахад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодисууд цай, сүүнд ордог. Энэ байдлыг таслан зогсооё л гэсэн юм.
Сүүлийн үеийн хотын хүүхдүүд хөдөөний амьдралыг мэдэхгүй байна. Твиттер, фэйсбүүкт донтчихсон хүмүүс ч байдаг юм уу энэ ажлыг эхнээс нь буруугаар олон түмэнд хүргэх гэсэн бүлэг хүмүүс уг ажлыг хийсэн. Тэглээ гээд тэр үед би үг дуугараагүй. Тэр бүү хэл намайг бидон дээрээ зургаа хэвлүүлсэн байна гээд явж л байсан.
–Бидон дээр зургаа хэвлүүлээгүй биз дээ. Фотошоп л гэж харсан?
-Би юу гэж дээр нь зургаа тавих вэ дээ. Фотошопоор л хийсэн ажил байна лээ. Бидон дээр зургаа гаргаад хорхог боодогтойгоо хамт шарагдаад байж бай гэх мэтчилэн янз бүрийн зүйлс яригдсан. Энэ бүхэнд эмзэглээгүй. Үнэхээр миний зурагтай тийм бидон аваад ирвэл шагнаж урамшуулмаар байна. Ийм мэдээлэлд итгэхгүй байгаа байх гэж найдаад байгаа. Хорт хавдрыг багасгахын тулд хуванцар савыг хэрэглээнээс халж, зориулалтын саванд хүнсний бүтээгдэхүүнээ хийдэг жишиг аймаг болгохын тулд манлайлан ажиллана.
–Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Та цэргийн алба хаасанцөөхөн гишүүдийн нэг байх. Ноднин цэргийн хувцастай зургаа авахуулаадбас л олны анхааралд өртөж байсан даа?
-Хуучин Монголын ардын армийн өдөр гэж тэмдэглэдэг байсан бол сүүлийн үед монгол цэргийн өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Миний хувьд хугацаат цэргийн албыг байлдагч цолтой гурван жил хаасан. УИХ-д над шиг Зүүнбаянд байлдагчаар гурван жил цэргийн алба хаасан хүн байхгүй. Ноднин би өөрийн цахим хуудаснаа цэргийн хувцастай зургаа тавьсан. Үүгээрээ юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр залуустаа үлгэр дуурайл үзүүлж, эр цэргийн алба хаана гэдэг нь монгол эр хүний хүндэт үүрэг гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Эрэгтэй хүн бүр энэ хүндэт үүргээ биелүүлэх ёстой. Ноднингийн зураг дээр цэргийн хувцастайгаас гадна тэргүүний татвар төлөгч гэсэн цомтой авахуулсан байсан юм. Нэгдүгээрт, эр цэргийн албаа хааж хоёрдугаарт, хэдэн хүн ажил төрөлд авч улсдаа татвараа төлөх хэрэгтэй. Үүнийхээ дараа би эх оронч, төр засаг ингэсэнгүй, тэгсэнгүй гэдэг зүйлээ ярьдаг байгаасай гэж хүссэн. Юуны өмнө улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихээд дараа нь ярьдаг юмаа ярих хэрэгтэй. Англид гэхэд Хатан хааны ач, зээ нар цэргийн алба хааж цэргийн алба хаахыг ард түмэндээ уриалж байна. Гэтэл манай Их хуралд сууж байгаа 76 гишүүнээс эрэгтэйчүүд нь цэргийн албаа хаачихсан, улсдаа ингээд татвараа төлчихсөн гэж ард түмэндээ зөв жишиг тогтоох ёстой. Уг нь ингэж л бид залуустаа үлгэр дуурайл болмоор байгаа юм. Монголын ард түмэн ч гэсэн “Чи хугацаат цэргийн албаа хаасан уу” гэдгийг нь асууж байх хэрэгтэй. “Өдрийн сонин”-ы хамт олонд болон нийт уншигчдадаа, цэргийн алба хаасан, хааж байгаа, хаах хүсэлтэй бүх хүнд баярын мэнд хүргэе.
Миний хувьд эр цэргийн тангараг, УИХ-ын гишүүний тангараг гээд хоёр тангараг өргөсөн. Эх орноо батлан хамгаалах үйлсэд бүгдээрээ оролцох хэрэгтэй гэдгийг сануулъя.
Эх сурвалж: Dnn.mn