Залуус бидний сэтгэлийн доройтол энэ нийгмийн эмзэглэх сэдвүүдийн нэг болж. Залуус ухамсар дорой, хүмүүжлийн доголдолтой байгаа нь “ирээдүйн” Монголын эмгэнэл. Залуус бусдын хөдөлмөрийг үнэлэж мэддэггүй, өөрөө хөдөлмөр хийж чаддаггүй, хэннэггүй, бусдаар тэжээлгэсэн өнгө аястай байгаа хэрэг. Эх орондоо эзэн нь сууж чадахгүй залуус дүүрэн болж.
Харийн орныг зорьхоороо маш их соёлыг өөрөөсөө “төрүүлдэг” ч гэлээ өөрийн эх орондоо хаа сайгүй шүлсээ хаяж, нусаа нийж, тамхины ишээ шидэж, архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлж, эцэг эх ахмад настнаа хүндлэхээ больж эхэллээ. Гэмт хэрэг үйлдэж, хэн нэгнийг гомдоож, замбараагүйгээр суурин соёлын бэлгийн чиг хандлагийг даган дуйраах юм. Ингээд сүүлийн 10-гаран жил задгайрсан залуусын амьдрал юунд хүргэв. Шоронгоор дүүрэн нас залуу, цус шингэн, гар бяртай дээрээ байгаа “цагаахан” залуус. Тэд зүгээр л ухамсар дорой үйлдлээсээ болон “аавынд” ороод байгаа нь тэр.
Өөрийнх нь заагаад өгсөн Ардчилалаар олж авсан эрх нь бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдгийг тэд ойлгохгүй байна. ЕБС, Их дээд сургуулиуд томъёо зааж байхаар хүн байхын учрыг заамаар байна. Дийлэхгүй хүүгээ лам болго эсвэл дайнд /цэрэгт/ явуул гэж буурлууд хэлдэг байж. Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлээгүй эцэг, эхчүүд хэн нэг залуугийн хийсэн үйлээр элдэв муугаар хараалгаж, үхэхээс наагуур сэтгэлээр унана. Жаргааж чадахгүй бол буурлуудаа ядаж зовоохгүй баймаар байна. Үндсэн хуулиар заасан таны эрхийг, үүргийн хамт та авч явах ёстойгоо ухамсарлахгүй байгаа нь харамсалтай хэрэг.
Залуус ухаан муутай, тэнэг байна. Тэдний үйлдэл өөрсдийг нь гэрчилж байна. Машиныхаа цонхоор адаглаад хогоо хаяж байна. Гэтэл шүтээд байгаа гадаадын өндөр хөгжилтэй орон чинь залуус нь “нэгдэж” чадсан учраас хөгжсөн юм гэдгийг ойлгохгүй байна. Бусдын эрхэнд халдах, үл хүндэтгэх, хэннэггүй нь хэтэрвэл гэмт хэрэг гарч, хүүхэд өнчирч, эцэг эхчүүд энэлэн шанална гэдгийг ойлгохгүй байна.
Сайн хүү байх, муу хүү байх хоёрт хаанахын ямар ч номноос үл уншиж чадах хүмүүжил, сэтгэлгээний л хандлага байгаа. Залуус тархиндаа тамхи, архи биш жоохон “гэгээрэл” оруулмаар байна. Ном уншмаар байна. Тэд үзэл бодол үг хэлээрээ нийгмийн сайн сайхан үйлд нэгдмээр байна. Бид монголын ирээдүй болохоос өөр хэн нэгэн энэ Монгол улсын маань эзэн болон суух учиргүй. Бид эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг тулаад байна.
Б.Саран