Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан өндөр настанг цахилгаан шат руу орох үед нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарсан. Залуус дээрэм хийх үедээ цүнхээ өгөхгүй гэж тэмцсэн эмээг шатны уруу чирэн унагааж байгаа нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн байдаг. Харин орцны камерын тусламжтайгаар энэхүү хэргийг үйлдсэн 1990-1995 онд төрсөн гурван этгээдийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор илрүүлсэн юм. Энэ хугацаанд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад прокурорын байгуулагад шилжүүлжээ. Харин прокуророос энэхүү хэрэгт дахин нягталж шалгах зүйл байна гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа аж. Бид хохирогчийн охин болох Т.Төгсжаргалтай ярилцлаа.
-Ээжийн тань биеийн байдал ямархуу байна вэ?
-Ээж маань одоо 74 настай. Энэ гурван залууд дээрэмдүүлж хүнд гэмтсэнээс хойш бараг дөрвөн сар болох гэж байна. Энэ хугацаанд ээж маань бараг таван цаг шахам үргэлжилсэн хоёр хагалгаанд орж, эмнэлэгт олон хоног хэвтсэн. Одоо тэр үеийг бодвол бие нь сайжирсан ч, хөл дээрээ босоогүй, хэвтэрт байсаар л байна. Үр хүүхэд, ач зээ нар нь ээлжлэн сахиж, эмчилгээнд нь зөөж, эм тариа болон эмчилгээний мөнгийг нь төлөөд л, бүгд ээжийг босгох гэж хичээсээр байгаа. Яг хэзээ хөл дээрээ босч явж биднийг баярлуулахыг хэлж мэдэхгүй байна. Одоо нөхөн сэргээх эмчилгээнд явж байна. Зүүн гарын бугалга, баруун хөлийн дунд чөмөг олон жижиг үйрсэн хугаралтай, эхнээсээ бороолж байгаа ч зүүн гар мөрөөрөө мултарч хугарсан болохоор гар нь биеэ даах тэнхэлгүй, таяг тулж босч чадахгүй. Тэргэнцэр дээр суух гэхээр бас гараас нь шалтгаалаад чаддаггүй. Хөл нь бас бүрэн эдгээгүй, гипстэй хэвээрээ. Аргагүйн эрхэнд орон дээр хэвтрийн байдалтай л байна.
-Тухайн дээрэм хийсэн залуусын ар гэрийнхэн та бүхэнтэй холбоо барьсан уу?
-Манай ээжийг дээрэмдэж гэмтээсэн тэр гурван залуу бүгдээрээ л ээжтэй юм билээ. Гэр бүлгүй, ганц бие. Гэлээ гээд цаана нь ар гэрийнхэн нь байж л байгаа. Гэтэл энэ хэрэг гараад дөрвөн сар болох гэж байхад бүгдээрээ өмгөөлөгч авчихсан хэрнээ нэг нь ч бидэнтэй холбогдож, “Ээжийнх нь бие яаж байна гэж” асуугаагүй. Нэг төгрөгийн хохирол барагдуулах байтугай утсаар ч ярьсангүй. Үнэхээр сэтгэлгүй хүмүүс байдаг юм байна. Бидэнд сэтгэл санаа, бие махбодийн хохирол амсуулчихаад ингэж хандаж болохгүй л дээ.
-Хийсэн хэрэгтээ ер нь гэмшиж байгаа болов уу?
-Сонсоод байх нь ээ тэр гурван залуу гурвуулаа тус тусдаа өмгөөлөгч авчихсан гэж дууллаа. Мөнгө төлж байж л өмгөөлөгч авна шүү дээ. Яалт ч байхгүй дээрмийн хэрэг үйлдчихээд тэрнийгээ булаалт болгох гээд явж байгаа юм билээ. Тэгэхээр гэмээ ухаарахгүй байгаа хэрэг биш үү. Юмаа булаалгасан хүн эд хөрөнгөөрөө хохироод үлддэгээс биш биеэрээ гэмтдэггүй биздээ. Гэтэл манай ээж хөл, гар нь хугархай. Аль алийг нь “Монгол Хьюндай” эмнэлэгт Солонгосоос ирсэн эмчээр төлбөртэй хагалгаанд оруулж, хадуулсан. Хувийн эмнэлэгт төлбөртэй хагалгаанд оруулахгүй бол гэмтлийн эмнэлэгт гарыг нь янзалж чадахгүй гэсэн. Бид ээжийгээ Солонгос руу ч юм уу авч явахаар ярилцаж байтал энэ эмнэлгийнхэн маш хүнд хагалгааг хийж, ээжийг минь одоо хүртэл эмчилж байна. Энэ дашрамд “Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олонд, эмч сувилагч үйлчилгээний бүх ажилтанд баярлалаа, та бүхэнд эрүүл энх сайхныг хүсье. Эдний хамт олон эелдэг, ажилдаа эзэн болсон сайхан сэтгэлтэй хүмүүс.
-Уг нь энэ хэрэг үйлдсэн залуусыг маргааш нь барьсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллэж байсан. Яагаад хэргийн шийдвэрлэлт ингэж удаашраад байгаа юм бол?
-Тэгсэн. Орц камертай байсны ачаар хэдэн талаасаа хайж байгаад маргааш нь гэхэд гэмт этгээдүүдийг баривчилсан. Тэд одоо урьдчилан хориход сууж байгаа. Цагдаагийн байгууллагын шалгах процесс нь л тийм урт хугацаанд явагддаг юм байна. Тодорхой хугацаанд цагдаагийн байгууллага шалгаад прокурорт шилжүүлдэг. Прокурор нь хянаад шийдээ гаргатал бас тодорхой хугацаа байдаг юм билээ. Манай ээжийн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст уг нь шалгаж дуусаад прокурор руу шилжүүлсэн юм. Прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Нэмж шалгах зүйл байсан юм байлгүй дээ. Бид цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хамгийн гол гомдолтой байгаа зүйл нь өөрсдийнхөө хийсэн хэрэгт гэмшихгүй, хэргийнхээ зүйл ангийг өөрчлүүлэх гээд өмгөөлөгчид мөнгө төлөөд явж байна гэж бодохоор гомдолтой санагдаад энэ бүхнийг ярьж байна.
-Ээж тань дээрмийн хэрэгт өртөхөөсөө өмнө эрүүл саруул биетэй байсан биз дээ?
-Ээж маань эмийн санд ажилладаг байсан. 70 гарсан гэхэд бие сайтай хүн шүү дээ. Энэ хэрэг нэгдүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед болсон. Тухайн үед ээж маань ажлаа тараад гэр лүүгээ орж явсан нь тэр. Ажлаа дахиж хийнэ гэдэгт итгэлгүй байна. Одоо ээж маань үргэлж өвчин намдаах эм ууж, тариа тариулж байгаа. Тариулсаар байгаад тарих газаргүй боллоо. Настай хүн болохоор даралт нь ихэснэ, зүрх нь өвдөх юм. Хэвтэрт байгаа хүн сэтгэл санаанаасаа болоод бүр л илүү өвдчих гээд байх юм. Бид нэг хэсэг маш их сандарсан. Ээж маань жаахан унтаад сэрэхээрээ л даралт нь 180, 190 хүрээд, түргэн дуудаад, сандарч нэг нэгнээ дуудаад л. Одоо хүртэл байнгын сахиуртай. Өөрөө босч бие засч чадахгүй хүнийг сахихаас өөр яах билээ. Ерөөсөө л хүний гарт орчихлоо.
-Тухайн үед дээрэмдүүлсэн эд зүйлийг нь буцааж авсан уу?
-Авсан. Цагдаагаас гуйгаад утас, хиймэл шүд, эмийн хайрцаг гээд зарим зүйлийг нь авсан. Ээжийн гар утасны симийг гаргаж хаяад, өөрсдөө ашиглаад зураг хөргөө хүртэл авахуулсан байгаа юм.
Эх сурвалж: Medee.mn