Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотын “Залуучууд” театрт иргэдтэй уулзалт хийж, 2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 7 жилийн ажлын тайлангаа 101 багц сэдвийн хүрээнд тавилаа. Үүний дотор шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгүүдээс “Шүүх засаглалын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлэв. Багц хуулиудыг санаачлан батлуулж, хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна… Шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэв. Шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого бүрт шүүгчид Нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болов…Шүүх хэргийн төрлөөр дагнан байгуулагдаж, шүүгчид мэргэшин ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлав. Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан байгуулагдаж, ажилдаа оров… Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгох ажлыг хуульчлан хэрэгжүүлэв. Шүүхийн шийдвэр ил тод, нээлттэй болов…Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтрэв. Иргэдийг чирэгдүүлдэг, цаг зав шаардсан маргаан, харилцаанууд эвлэрүүлэн зуучлалаар шийдэгддэг боллоо…” зэрэг ажлуудыг онцлон дурьдлаа.
Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн иргэн Р.Батжаргал, Л.Цуурай, Л.Оюунсувд, Ж.Маанийдарь, Ж.Баттулга, Д.Батчулуун, Х.Хуандаг, Б.Отгонбат, М.Манлайбаяр нар шүүхээр үйлчлүүлсэн тухайгаа болон шүүхийн шинэтгэлийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэдний төлөөлөл болох иргэн Р.Батжаргалтай ярилцсанаа хүргэж байна.
– Миний бие төрийн албаны удирдах албан тушаалд сүүлийн 20 шахам жил тасралтгүй ажиллаж байна. 2013 онд намайг ажлаас үндэслэлгүйгээр улс төрийн шалтгаанаар халсан. Миний хувьд “хууль дүрмийн дагуу явья” гэдэг ганцхан үг хэлээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүхээр орж жил гаруй явсны эцэст эрхээ сэргээлгэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас 3 сарын дараа би эргэн ажилдаа томилогдсон. Шүүхээр уйгагүй явсан энэ хугацаанд надад нэг л сэтгэгдэл төрлөө. Ний нуугүй хэлэхэд, УИХ, Засгийн газар гэсэн хоёр засаглалын нэр хүнд ард түмний дунд унаж байхад шүүх эрх мэдлийн нэр хүнд иргэдийн дунд асар их өссөн. Энэ бол шүүхийн шинэтгэлийн бодит үр дүн юм. Урьд өмнө шүүхийн нэр хүнд сайн байгаагүй. Энэ нь улс төрийн тогтолцоотой ч холбоотой. Авилга хээл хахууль авдаг байгууллагын тоонд ч шүүх ордог байлаа. Сүүлийн 3 жил илүү эрчтэй хэрэгжсэн шүүхийн салбарын шинэтгэлийн том бодлогын ард шүүх үндсээрээ өөрчлөгдсөн судалгаа ч байна. УИХ, Засгийн газартай харьцуулахад өчүүхэн бага төсвөөр иргэдийн итгэлийг хүлээж, ахиж дэвшиж байгаа шүүхийг санхүүгийн хувьд бэхжүүлвэл улам шударга байдлыг бид шүүхээс шаардаж, хүртэж болно. Шүүхийн төсөв улсын төсвийн 1 хувьд ч хүрдэггүй юм билээ. Ийм байхад шүүхийн төсвийг хасна гэж санаархах нь шударга ёсыг уландаа дэвсэж байгаа хэлбэр. Эрхтэн дархтандаа үйлчилдэг байлгая л гэсэн үг.
– Төрийн албанаас халагдсан хүмүүс тэр бүр шүүхдэж, заргалдалгүй тэгсгээд орхидог. Эцсийг нь хүртэл шүүхдэж, заргаа авна гэсэн итгэл таньд юунаас төрсөн бэ?
– Сайхан асуулт байна. Надад шүүхийг зорих хоёр янзын итгэл байсан. Нэгдүгээрт, миний өөрийн дотоод итгэл үнэмшил. Хүн ер нь хийж чаддаг ажлаа хийж, байх ёстой газраа байх ёстой. Энэ зарчим бол Монголын төрийн том менежмент. Миний олон жилийн хийж бүтээсэн ажлын үр дүнг хэн ч үгүйсгэж чадахгүй. Би хууль бус нэг ч үйлдэл хийж байгаагүй учраас олон түмэн ялгаж, зөв ойлгодог. Үүндээ би итгэлтэй байсан. Хоёрдугаарт, надад шүүхийн шинэчлэл, шударга үнэний жин хэмжүүрт гарсан ахиц ололт бүхэн туйлын итгэл төрүүлсэн. Ерөнхийлөгчийн ярьж, уриалж байгаа санаачлага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж байгаа ажил, түүнийг нь дэмжиж байгаа орон нутгийн бүх шүүгчид, ард иргэд байгаа учраас би шүүхэд итгэсэн. Өөрөөр хэлбэл би шүүх өөр болсныг мэдэж байсан. Тэгээд өөртөө “За нөхөр Батжаргал аа. Шүүх өөр болсон. Шүүгч нарын хандлага өөр болсон шүү” гэж хэлсэн. Яагаад гэвэл хэн нэгэн хүн шүүгчид нөлөөлж, Батжаргалын эсрэг шийдвэр гарга гэж хэлэх юм бол шүүгчид “Нөлөөллийн мэдүүлэг” хөтөлнө гэж итгэсэн учраас шүүхэд хандсан. Миний араас маш олон хүн, дарга нар ажлаас халагдсан мөртлөө нэг нь ч шүүхдээгүй зугатсан. Тэдэнд би “Та нар одоо болиоч дээ. Би зөвхөн өөрийнхөө төлөө шүүхдээгүй. Ажлаасаа хууль бусаар халагдаж хэлмэгдэж байгаа олон хүнд төр хуультай гэдгийг би мэдрүүлэх гэж шүүхэд хандаж байгаа” гэж хэлсэн. Нэг ёсондоо ажилтнуудыг хоморголон халдаг гажуудлыг арилгаж, нийгмийг эмчлэх нь иргэний миний хувьд төрдөө оруулж байгаа хувь нэмэр. Орчин үеийн хэлмэгдлийг сөрж тэмцэх иргэний зориг надад байсан.
– Шүүх хуралдааныг дүрс бичлэгжүүлж, шүүхийн шийдвэрийг нээлттэй байршуулж байгаа нь таньд ямар санагдав?
– Хөндлөнгийн хяналтыг бий болгож өгсөн маш чухал алхам гэж үзэж байна. Шүүх хурлын танхимаар хязгаарлагдахгүйгээр шүүгчийг олон нийт хянах боломжийг бүрдүүлж байгаа нь иргэний эрхийн хамгаалалт гэж ойлгосон. Ямар ч хүнд сүүлчийн итгэлээ тээгээд, шүүхийн хаалга татахад сайхан сэтгэгдэл төрөхгүй. Хүмүүсийн сэтгэлд шүүх бол эрх мэдэл хэрэгжүүлэгч гэсэн айдас болгоомж эрхгүй төрдөг. Гэтэл манай Дархан-Уул аймгийн шүүх энэ сэтгэхүйг халсан орчинг иргэдэд бүрдүүлж өгч чадсан. Давж заалдах шатны шүүхийн хаалгаар ороход шүүхэд ирж байна уу, эсвэл утга соёлын танхимд ирж байна уу гэсэн эргэлзээ төрмөөр түүхчилсэн маш сайхан самбаруудаар тохижилтоо хийсэн байдаг. Ингэж тайван, нээлттэй байдлыг бүрдүүлж өгсөн нь хүний сэтгэл мэдрэлийг хүртэл тайвшруулж байгаа юм. Төрийн албыг мэргэжил ур чадвар, туршлагатай байх, ажилдаа чин шударга, сэтгэлээсээ хандах гэсэн 3 шалгуураар үнэлдэг. Дархан-уул аймгийн шүүхийн шүүгчдэд эдгээр чанар бүрэн утгаараа байж чадаж байна. Шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагдаж, шүүгч хэргийн оролцогчдод тэгш байдлаар хандсан. Гэхдээ нэг хүндрэлтэй зүйл харагдсан. Албан тушаалтнууд таалагдахгүй ажилтнаа халахдаа ямар нэг алдаа эндэгдэл хайж олоод, түүнийгээ уулын чинээ томоор харлуулж ярьдаг. Мэргэжлийн хяналтын танил талуудаа шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авчраад оруулсан. Нэхэмжлэгч миний бие ганцаараа шүүх хуралд оролцож байхад шүүгч санхүүгийн баримтыг хянуур нягтлан үнэлж чадсанд баяртай байна. Шүүгчдийн ур чадвар, мэдлэгийн хүрээ өссөнийг би мэдэрсэн.
– Та өөрийн адил шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэдтэй санал солилцож үзсэн үү?
– Намайг шүүхээр эрхээ хамгаалуулсны дараа төрийн албанаас халагдсан маш олон хүн ирж уулздаг болсон. Тэд “Би одоо яах уу, шүүхээр заргалдвал ялах магадлал байна уу” гэж их асуудаг.Тэр бүхэнд би “Та нарын хамгийн дотны итгэл бол шүүгч нар шүү. Эргэлзэх зүйл огт байхгүй” гэж зөвлөдөг.Тэдэнтэй ярилцаж байхад үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нараас иргэнд учруулсан хохирлыг гаргуулдаг байх ёстой гэж их ярьдаг. Ийм хуулийн заалтыг эрхтэн дархтанууд аваад хаясан гэж би сонссон. Ажилгүй байсан хугацааны цалинг хариуцлага алдсан даргын өмнөөс төр төлж болохгүй. Бас нэг зовлонг би биеэр мэдэрсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл. Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй. Гэтэл шийдвэр гараад 3-4 сарын дараа арга хэмжээ авахгүй байхаар нь та ингээд өгөөч гээд гуйх маягтай царайчилж явлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бас шинэчлэх хэрэгтэй.
– Хэдийгээр та мэдээлэлд ойр хүн ч гэсэн шүүхээр явах хугацаандаа шүүхийг хуультай нь багагүй судалж, ажиглажээ?
– Би шүүхэд яаж нэхэмжлэл гаргахаа мэдэхгүй гайхаад л явж байсан.Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн өөрөө л хичээж зүтгэх ёстой. Хуулиа судлах хэрэгтэй болдог юм байна. Шүүгчийн туслахууд их зөвлөж үйлчилж байгаа хандлага нь сэтгэлд дэмтэй, сайхан санагдсан. Хуучин бол ийм байгаагүй, шүүхийн хаалга тасхийсэн хаалттай байсан. Дархан-Уул аймгийн шүүхийн үүдэнд цахим хөтөч болох дэлгэц байрлуулаад, нэхэмжлэлийн загвараас эхлээд бүгдийг иргэдэд бэлтгэж, байршуулсан байдаг. Хүн бүр өмгөөлөгч аваад байх боломжгүй учраас тэр дэлгэцээс харж бүх мэдээллээ авах нь баярламаар сайхан. Энэ бол яах аргагүй өөрчлөлт. Эцэст нь миний хүсэх зүйл бол Монголын төр шүүхийн шинэчлэлээ битгий зогсоогоосой билээ. Монголын төр шударга байя гэвэл шүүх нь шударга байх ёстой. Хуулийг иргэд, эрхтэн дархтан, төрийн өндөрлөгүүд хүртлээ биелүүлэх нь улс үндэстний ухамсар соёл. Энэ соёлыг тогтоовол бусад нь аяндаа тогтоно.
– Шүүхийг шинэчлэхэд иргэд яаж хувь нэмрээ оруулах боломжтой гэж та үзэж байна?
– Зөвхөн иргэд төдийгүй хуулийн этгээд, албан байгууллага, албан тушаалтнууд бүгд өөрсдийн хэмжээнд шүүхийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх ёстой. Хүн бүр өнөөдөр мод тарьж байгаа бол шударга ёсны үрийг тарих шүүхийн шинэчлэлд бас чадах чинээгээрээ хичээл зүтгэлээ зориулаасай гэж би уриалмаар байна. Жишээ нь, Засаг дарга хүн шинэтгэлийн төлөө гээд мөнгө хандивлахгйү нь тодорхой. Тэр хүний хувьд хуулиа л хэлбэрэлтгүй дагаж мөрдөөд, олон хүний амьдралыг чирж гай болсон шийдвэр гаргахгүй байх нь хамгийн том гавьяа. Шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа томилогдсон намайг 2 сарын дараа дахин ажлаас хална гэдэг бол шүүхийг үл хүндэтгэсэн, хуулийг уландаа дэвссэн хэрэг. Нэг ёсондоо эрх мэдэлтнүүд надаар болон төрийн хууль, шүүхээр даажигнасан хэрэг л дээ. Би шүүхийн шинэтгэлд үргэлж талархаж явах болно. Төрийн тэргүүнээсээ санаачилсан энэ том нийгмийн хөдөлгөөнийг цаашдаа анхааралтай ажиглана. Энэ шинэтгэл зогсох ёсгүй. Үүний төлөө иргэн бүр дуу хоолойгоо нэмэрлэж байгаасай гэж эцэст нь хэлье.
– Ярилцсанд баярлалаа
Ш.Отгонцэцэг
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс