ЭЕШ-д бэлэн үү?

Улсын хэмжээнд 37 200 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орохоор бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна.

Улаанбаатар хот дахь шалгалтын байрууд

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан. Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендэрийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсон. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.

Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай.ЭЕШ-ыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Тодруулбал, монгол хэлний шалгалтыг энэ сарын 15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн 13:40 минут хүртэл авна.

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Тиймээс металл илрүүлэгч болон сүлжээ сарниулагч ашиглах юм байна.

Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Хариултын хуудсыг санамжийн дагуу зөвхөн балын харандаагаар тод засваргүй бөглөх бөгөөд шалгуулагчдад үнэгүй харандаа тараах гэнэ.

Машинаар зассан нийт хариултын хуудасны 5-аас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулна. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байх юм. Түүнчлэн ирэх сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байх аж.

Шалгуулагчид шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна.
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
-Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг баримт.

Өмнөх оны төгсөгчдийн хувьд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвд ирж, тамга даруулж баталгаажуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.

bataar.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …