Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь өнө эртний ёс билээ. Түүхэн сурвалжаас үзэхэд “Эрийн гурван наадам”-г тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд Монголын нууц товчоонд тэмдэглэснээр энэхүү баяр ёслолыг “хуран сар” буюу 7-р сард зохион байгуулсаар иржээ. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг “Чингис хаан”-д өргөмжилснөөс эхлэн “Эрийн гурван наадам” буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байсан төдийгүй түмт, мянгатын хүрээнд ч зохион байгуулдаг байв.
Монголчуудын тэмдэглэн ирсэн наадмууд:
Долоон хошуу даншиг
Энэхүү наадам жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхлэлтэй. Ширээт цагаан нуурын тэрхүү наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэгчийн морь манлайлсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход Даншиг наадмыг тэмдэглэхийг болиулсан байна.
Арван засгийн наадам
1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болсон ба түүнийг “Арван засгийн наадам” гэж нэрлэн алдаг оног хийдэг байсан бөгөөд 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам болсон. Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл зохион байгуулагдсан ба нийт 125 удаа болжээ.
Ардын төрийн наадам
1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болж бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг байсан. Тэрхүү наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоёуланд нь Вандан аварга түрүүлсэн байдаг. БНМАУ тогтсоны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 гэж заажээ. Энэ үеэс “Ардын наадам” гэж байгаад Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш “Ардын хувсгал ялсны ой” гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байв.
Үндэсний их баяр наадам
1990 оноос хойш МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болжээ.
Эх сурвалж: Etoim.mn