Дархан -уул аймгийн Засаг дарга З. Энхболдын санаачлагаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах, ахуйн хүрээний архидан согтууралтыг зогсоох зорилгоор “Архигүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал”арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Аз жаргалын эрэлд” ТББ нь Улаанбаатар хотын “Эрүүл идэвхитэй амьдрал клуб”-тэй хамтарч архинаас хамааралтай 15 иргэнийг сэтгэлзүйн болон эмийн эмчилгээнд хамруулан тэднийг нийгэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг явуулсан юм. Тус клубынхан өчигдөр эдгэрэлтийн баяраа зохион байгууллаа.
“Аз жаргалын эрэлд” ТББ нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж 150 гаруй архинаас хамааралтай иргэдийг сургалтанд хамруулж нийгэмшүүлэх ажлыг хийжээ. Тус байгууллага архинаас хамааралтай иргэдийг өөрийнх нь хүсэлтийн дагуу сэтгэлзүй болон эмийн эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулдаг учраас одоогоор санхүү болон ажлын байр тулгамдсан асуудал болоод байгааг аймгийн удирдлагуудад хэлж байсан юм. Энэ удаагийн сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас түр хугацааны санхүүжилт хийсэн бол орон нутгаас дэмжиж аймгийн ЭМГ-аас ажлын байр гаргаж өгчээ. Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд хандивын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.