“Стандарт” банк “УБТЗ”-ыг Лондоны шүүхэд өгсөн тохиолдолд дээрх 35.5 сая ам.долларыг заавал төлүүлэх аж
“Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг дуурайлган тус газрыг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 35.5 сая ам.долларын зээл авсан гэх шуугиан нэгээр нэмэгдлээ.
Тодруулбал Ш.Батхүү “Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банканд барьцаанд тавьсан, мөн “Олон овоот”-ын ордыг хоосон хэмээн мэдэгдэж геологич, эрдэмтдийн уур ундууцлыг хүргэн өөртөө олон дайсан бэлдэх болсон. Энэ удаа Ш.Батхүүгийн дахин нэг луйвар илэрч, шуугиан тарьж эхлэв бололтой.
Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалтын баталгаа гаргуулж гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан шигээ “Улаанбаатар төмөр зам”-ыг ч мөн дээрх байдалд оруулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Стандарт” банк “УБТЗ”-ыг Лондоны шүүхэд өгсөн тохиолдолд дээрх 35.5 сая ам.долларыг заавал төлүүлнэ гэж байсан юм.
Түүнчлэн зарим эх сурвалж Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэр шиг хуурамч батлан даагчийн гэрээ хийж “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг ашигласан байх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ.
Өөрөөр хэлбэл, Т.Очирхүүг тус газрын дарга байх үед гарын үсгийг нь хамт ажиллагсад нь ашиглаж, түүнийг АТГ-т дуудуулж байсан билээ. Тухайлбал түүнийг үүрэгт ажлаа өгсний дараахан буюу өнгөрсөн нэгдүгээр сард АН-ын хэсэг нөхөр АТГ-т өгч шалгуулсан. АТГ-ынхан Т.Очирхүүг 600 сая гаруй төгрөгийн тендерийн асуудалд холбоотой хэмээн шалгасан. Гэтэл Т.Очирхүүг УБТЗ-ын дарга байх үед түүний удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс “Тавцангийн тендер” гэгчийг зарласан байдаг. Тухайн үед нь тэрхүү тендерт оролцохоор хэд хэдэн компани хүсэлтээ илгээсний дотор БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани 500 сая гаруй төгрөгийн үнийн санал ирүүлсэн бол өөр нэг компани 600 сая гаруй төгрөгөөр эл ажлыг хийхээ илэрхийлсэн байна. Хачирхалтай нь Т.Очирхүүгийн “цэргүүд” тендерт оролцогчдоос хамгийн өндөр үнэ хэлсэн компанийг ногоон гэрлээр шалгаруулснаас болж эрхэм дарга 600 сая төгрөгийн хэргээр АТГ-т дуудагдах шалтагтай болсон. Энэ тухай Т.Очирхүү АТГ-т дуудагдах үеэсээ мэдсэн байдаг байна.
Тиймээс Ш.Батхүү ч дээрхийн адил түүний нэрийг ашигласан байх магадлалтай гэж зарим хүн үзэж буй юм билээ. Хэрвээ Ш.Батхүү бусдын нэр төр, албан тушаалыг ашиглаж гадны банкнаас Орос, Монголын хувь нийлүүлсэн байгууллагыг барьцаанд тавьж зээл авсан бол энэ маш том асуудал гэдгийг холбогдох хүмүүс нь тайлбарлаж байсан. Тэгээд ч энэ нь энгийн нэгэн Дорж, Батаа нарын хийдэг хэрэг биш бөгөөд Ш.Батхүү чухам ямар гээчийн далд увидастай гэхээрээ Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгээр батлан даалт хийлгэдэг байж болох вэ гэдгийг судлах л хэрэгтэй болж байна. Магадгүй энэ бүх асуудлаас олны анхаарлыг хөндийрүүлэхийн тулд овоо харааг “Олон овоот” болон Ц.Мянганбаяр луу чиглүүлэн “чулуу хөөлгөж” байж ч болох. Учир нь, Ш.Батхүү “Олон Овоот”-ын ордыг нөөцгүй, хоосон, үр ашиггүй хөрөнгө оруулсны улмаас “Би” дампуурлаа гэж олон хоног тоть шиг давтсаны улмаас мэргэжлийн хүмүүсийн дургүйг хүргэх болсон. Тэр ч байтугай зарим хүн Ш.Батхүүг хөөрхий минь, хэдэн жилийн хөдөлмөр, хөрөнгөө, хүүхэмсэг Ц.Мянганбаярт итгэснээс болж алдлаа” хэмээн өрөвдөж суугаа.
Харин түүний энэхүү өрөвдүүлээд буй үнэн төрхийн цаана ямар гээчийг тохироо явааг бүү мэд. Хулгайч л хулгайчийг бариарай гэдэг биз дээ. Тэгэхээр Ш.Батхүүгийн дараагийн батлан даагч нь ямар төрийн өмчит компани болох бол гэдэг нь тун хачирхалтай.
Түүнчлэн энэ эрхмийн цаана хэн гэгч нууц ноёнтон ийм их хэмжээлшгүй эрхийг өгч байна вэ гэдэг нь шатрын хүү шиг сонирхол татсаар байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Үргэлжлэл бий…