-Шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг яагаад ийн шийдэх болов гээд олон, олон асуудлыг талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн гуай өнөөдөр дэлгэх гэж байна-
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Д.Буянтогтохыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн үзэж, гэм буруугүйд тооцсон билээ.
Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрийг талийгаачийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй гээд дараагийн шатны шүүхэд хандахаар болжээ. Түүгээр ч зогсохгүй талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн гуай энэ хэргийн мөрдөн байцаалт хэрхэн яаж явагдсан, шүүхээс үнэн зөв шийдвэр гаргаж чадсан эсэх зэрэг асуудлаар өнөөдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд сэтгүүлчид, олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас цухас дурдахад “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж, улмаар талийгаач П-гийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б нь өөрийн данснаас 2.000.000 төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ. Энэ үед талийгаач П нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн “Тоёото приус” маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн VI хороо, бичил хорооллын орчимд гаражуудын мухарт түр зогсоогоод “Дүү гэрээс ломбардны бичгээ аваад гараад ирнэ” гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ” гэсэн байдаг аж. Уг нь хэрэг гарсан даруйд Д.Буянтогтохыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай алсан гэх онц хүнд гэмт үлдсэн хэрэг хэмээн үзэж таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.
Гэтэл хэрэг шалгагдах явцад Буянтогтоход холбогдох хэрэг аажимдаа хэрэг биш болж, эцэс сүүлдээ Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нар хэрэгтэн Буянтогтохыг сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэсэн дүгнэлт гаргасны улмаас ийнхүү ялаас чөлөөлөгдсөн нь энэ аж. Хамгийн хачирхалтай нь талийгаач хүүг хөнөөсний дараа Шархадны сэтгэцийн эмч нарын дүгнэлтээр Д.Буянтогтох нь хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан гэсэн дүгнэлтийг гаргаж хэрэгт нь хавсаргасан байдаг аж. Гэтэл гэнэт л энэ дүгнэлт өөрчлөгдөж, түүнийг сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан үедээ бусдын амь насыг хохироосон хэмээн үзэх болжээ. Яг үнэндээ Д.Буянтогтох хүн амины хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн цагаасаа хойш хууль хяналтынхны хараа хяналтаас мултарч байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг, аль эсвэл бие муу байна гэх элдэв шалтаг тоочсоор батлан даалтад гарч байсан тухай талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн гуай ярьж байна. Тэгэхээр хэргийн мөрдөн байцаалтад Шар хадны эмч нарын хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан гэх дүгнэлт хаачив. Яагаад шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдэх болов гээд олон олон асуудлыг талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн гуай өнөөдөр хөндөнө гэсэн үг.
Ер нь сүүлийн үед Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар зориудаар хуурамч дүгнэлт гаргасан хэргээр олон удаа шалгагдсан түүхтэй. Тухайлбал, 2014 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа шүүхийн эмч Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Ц.Бадамсэд, З.Хишгээ Ж.Ганцэнгэл нарын 12 хүн гэмт этгээдүүдэд хуурамч дүгнэлт гаргаж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр шалгагдаж байсан. Тэд бусдад хэрцгийгээр зодуулж амь насаа алдсан нэгэн эмэгтэйн биед учирсан олон тооны гэмтлийг үхлийн шалтгаан биш болгож, хуурамч дүгнэлт гарган өөрсдөө буруутан болж байсан түүхтэй. Тэгэхээр Д.Буянтогтохыг хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан шинжээч эмч нар ч ийм аргаар ажилласан байхыг үгүйсгэхгүй. Учир нь гэмт этгээд Д.Буянтогтох талийгаач хүүг 26 удаа хутгалж, хүний амь насыг зэрлэгээр хөнөөчихөөд байхад түүнийг ийнхүү гэмт хэрэгтэн биш болгосонд талийгаач хүүгийн ар гэрийнхэн өнөөг хүртэл гомдол тээж яваа гэнэ.
Түүнчлэн уг хэрэг дээр ажилласан Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэж хохирогчийн ээж үзжээ. Хэдийгээр эмч нарын дүгнэлтэд тулгуурлаж хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэж байгаа ч энэ нь бодит үнэнд хэр нийцэх бол гээд олон асуултыг өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн ил болгох нь. Ямартай ч Монголын шүүх хүний амь хөнөөсөн этгээдийг гэм буруугүй болгодог, тун “энэрэнгүй болжээ” гэдгийг энэ хэрэг харуулах шиг боллоо.
Эх сурвалж: