Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай байдаг. Статистикаа буруу тодорхойлбол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муугаар нөлөөлдөг хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.
17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө 1.3 хувь руу уруудаж, Монгол Улсын гадаад өр 23.5 тэрбум доллар болж өссөн гэж Сангийн сайдыг мэдээлэл хийсний дараа дотоодын төдийгүй гаднын экспертүүд энэ тухай шүүмжлэл, маргаан өрнүүлсэн нь Ерөнхий сайдыг ийнхүү тодотгоход хүргэсэн болов уу. Гэхдээ ийм мэдээлэл хийнэ гэдгээ Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа, найдах зүйл ховор гэдгийг ч ард түмэн гадарлаж байсан. Танхимаа бүрдүүлснийхээ дараа УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд “Нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгттэсэн тоо баримтыг ард иргэддээ танилцуулна” гэж байлаа шүү дээ. Түүнчлэн “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийн гол шалтгааныг олж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээж байв. Хоёр долоо хоногийн дотор хийсэн Сангийн сайд хийгээд Ерөнхий сайдын мэдээллээс харвал Мэргэжлийн Засгийн газрынхан хямрал, хүндрэлийн гол шалттааныг магадгүй олжээ. Одоо харин гарц нь юу байх бол?
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд анх томилогдоод гурвантаа “эдийн засаг” хэмээн чанга дуугаар хэлсэн ч эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөхөөсөө улам л дордсон гэдэг нь эл өдрүүдэд ил болж байна. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар элдэв лоозонгүйгээр ажлаа эхэлсэн ч “Эдийн засгийн хямрал” энэ засгийн онилох бай нь болжээ гэдэг нь бас л энэ өдрүүдэд тодорхой болж байна. Ерөнхий сайд өчигдөр хэвлэлийнхэнд хандахдаа эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөнийхөө тухай дуулгасан юм. Тэрбээр, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааг дөрвөн жилээр төлөвлөж буйгаа дуулгаад эхний шат нь ойрын 12-18 сарыг хамарна гэв. Энэ хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодлогын алдааг засах, төсвийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Төсвийн шинэчлэлийг хийхдээ төсвийн гадуурх үйл ажиллагааг төсөвт нэгтгэж үндсэн нэг төсөвтэй болохоос эхлэх ажээ. Ингэхгүй бол сүүлийн жилүүдэд Монгол Улс үндсэндээ дөрвөн тусдаа төсөвтэй явж ирсэн, тухайлбал Сангийн яамны боловсруулдаг улсын төсөв, Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бас нэг төсөв, Концессын гэрээ гээд гурав дахь төсөв гэсэн дөрвөн тусдаа төсөвтэй, эдийн засгийн нэгдмэл бус бодлоготой явж ирсэн нь өдгөөгийн хямралын бас нэг үндэс суурь нь болсон гэж үзжээ.
Эдийн засгийг эрүүлжүүлэх эхний энэ шатанд 2016 оны төсвийн тодотгольн өргөн барьж, ирэх жилийн төсвийг эрүүл, алдагдал багатай батлахын төлөө ажиллана гэж мэдэгдлээ. Үүний эхлэл болгон төсвийн гадуурх зарцуулалтыг зогсоожээ. Тухайлбал, сонгуулийн өмнөхөн Засгийн газрын хэрэгжүүлэхээр болсон таван “Сайн” хөтөлбөрийг хууль зөрчин санхүүжүүлсэн гээд зогсоогоод байгаа юм. Дараагийн үе шатандаа эдийн засгийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дотоодын үйлдвэр үйлчилгээг төрөөс дэмжиж, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ тооноос чанарыг эрхэмлэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Олон төсөл биш, үр ашигтай ганц хоёр төслийг л хэрэгжүүлэх ажээ. Тэрбээр, сайхан зүйл ярьдаг ч хэрэгжүүлдэггүй өмнөх Засгийн газраас өөрөөр ажиллана гэв.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байдаг ч хэрэгжүүлээгүй гээд, зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд нийслэлийг эрчим хүчээр хангаад явах боломжтой гэж байв. Олон салаа, давхардсан ижил төслүүдийг хумьж, улс орны хөгжилд хэрэгтэй ганц нэгийг нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь энэ Засгийн газрын бодлого, зорилго байх ажээ. Магадгүй Ерөнхий сайдын хэлсэн улс орны хөгжилд нэмэртэй ганц нэг төсөл нъ Тавантолгойн цахилгаан станц, Нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хот болон аж үйлдвэрийн бүс нутгийг эрчим хүчээр хангах төслүүд байх болов уу. Ерөнхий сайдын өчигдрийн мэдээллээс харахад Оюутолгой болон өмнийн говийн бусад уул уурхайн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын төсөл энэ Засгийн газрын нэн тэргүүнд барьж авах ажил байх бололтой. 2011 онд 4.6 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байсан манай улс энэ оны эхний хагас жилийн статистикаар ердөө л 35 сая долларыг гадаадын хөрөнгө оруулагчдаас татсан. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг худлаа тоогоор хуурах гээд бид чадахгүй, харин түүнийхээ оронд гаднынхныг татах бодит ажил эхлүүлсэн гэж Ерөнхий сайд онцоллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан бөгөөд энэ нь Засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагчдын гаргаж байгаа шийдвэр хөрөнгө оруулагчдын хууль ёсны шийдвэрийг зөрчиж, эсвэл хуулийг буруу хэрэглэвэл шуурхай засч, залруулах үүрэгтэй аж. Дотоодын баялаг бүтээгчдэд ч таатай олон боломжуудыг Засгийн газар эрэлхийлж байгаагийн нэг нь татварын таатай орчин. Үндэсний үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг боловсруулж, татварын өрнөөсөө болоод дансаа хаалгадаг хатуу бодлогыг хална, хямд эх үүсвэрээс бага хүүтэй зээл олгох тал дээр ч хамтран ажиллана гэсэн нь үүдээ барих дээрээ тулаад байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд сайн мэдээ байлаа.
Хөгжлийн бодлогоо зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүйгээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, улмаар экспортлохоор төлөвлөжээ. Гэхдээ эдгээр нь ганцхан жилийн ажил биш учир эхлээд нийгмийн халамжуудыг танаж бүсээ чангалах хэрэгтэйг Ерөнхий сайд хэлэв. Хавтгайрсан халамжуудыг хумьж зөвхөн зорилтот хэсгүүддээ л хүрч үйлчилнэ гэсэн Ерөнхий сайдын үг Хүүхдийн мөнгө, Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг яах бол гэсэн асуулт араасаа дагууллаа. Хүүхдийн мөнгө болоод халамжийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгож, төсвөөс цалинждаг өндөр цалинтай албан хаагчдын цалинг бууруулна гэдэг нь зүүний чишэлийн намын Ерөнхий сайдын амнаас гарахад хэцүү үгс байсан болов уу. Гэхдээ өнөөгийн эдийн засаг, улс орны хэтийн хөгжлөө бодвол энэ бүхнийг хойш тавин хийх л ёстой таналт, хэлэх л ёстой үгс байсан нь гарцаагүй.
Ирэх оноос хүүг нь төлж эхлэх 23.5 тэрбум долларын гадаад өрийг хэрхэх вэ гэдэг нь эрх баригчдын төдийгүй эдийн засгийн шинжээчдийн анхаарал хандуулаад байгаа сэдэв. Төсөвт учруулах өрийн дарамтыг бууруулахын тулд төсвөөс ойрын хугацаанд төлөх хүүгийн болон үндсэн төлбөрийг харьцангуй хямд эх үүсвэрт шилжүүлнэ. Дараагийн ээлжинд төсвийн орлого, зарлагыг балансжуулж өр нэмэхийг зогсооно гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэв. Ингэснээр өрийг өрөөр дарах биш, төсвөөс төлж эхлэх боломж бүрдүүлэх ажээ. Өр тавьж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдгийг зогсоож, зөвхөн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх бөгөөд арилжааны эх үүсвэрийг хувийн хэвшлийн, найдвартай, баталгаатай, эдийн засгийн үр ашигтай төсөлд бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлдэг тогтолцоо руу шилжинэ гээд Эдийн засгийн хүндрэлийг давах Ж.Эрдэнэбатын жор шинэлэг мэдээллүүдээр дүүрэн байлаа.
С.Ононтуул
Үндэсний шуудан